Нийслэлчүүдийн “зовлон”

Өнгөрөгч бямба гаригт нийслэл хотод өдөржин усархаг бороо орж, байгаль дэлхийн өнгийг сэргээсэн. Харамсалтай нь нийслэлчүүдийг баярлуулсан борооны ус иргэдийн төдийгүй жолооч нарын бухимдлыг багагүй төрүүлэв. Борооны ус автозам дээр “үерлэж”, жолооч нарын автомашины чанарыг шалгалаа. Харин иргэд автозамаас холуур явахгүй л бол зарим нэг ухамсаргүй жолооч нарын цацсан усанд хувцсаа бохирдуулж, эсвэл ус  туулж гарахаас өөр аргагүй байдалд орж байсан. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ зун усархаг бороо их орно гэсэн мэдээлэл өгч байна. Тэгэхээр автозамын ус зайлуулах хоолойг яаралтай шийдэхгүй бол нийслэлчүүд борооны усны үерт автах вий.

Сануулахад, нийслэл хот 470 гаруй км урт засмал замтай.Үүний 40 хувь нь ус зайлуулах хоолойтой. Шинээр ашиглалтад оруулсан замууд болон хуучин замуудад сүүлийн гурван жилийн дотор ус зайлуулах байгууламжийг хийж байгаа. Замын засвар, шинэчлэлийн ажилд хэдэн тэрбумыг зарцуулж, төсөвлөхдөө ус зайлуулах байгууламж­гүйгээс болж олон сая төгрөг салхинд хийсгэж байна. Албаныханы өгсөн мэдээллээр нэг км хүрэхгүй замыг 200 -аад сая төгрөгөөр засварладаг гэнэ.

Т.Амина


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих