Үр хөндөлтийг дэмжсэн хуулийг эргэж нэг хараач Эрүүл мэндийн сайд аа
Төмөр туулай жил эхлээд тун ч удаагүй байна. Туулай жилд төрсөн хүүхэд ухаантай аав ээждээ энэрэлтэй зөөлөн хүн болдог хэмээн жил гарахтай уралдан ам дамжсан яриа Монголын үрсийг маш олон болоход туслах байх. Алтан гахай жилд төрсөн хүүхэд баяждаг, ам цагаан хулгана эд баялаг цуглуулдаг гээд ар араасаа цуварсан бэлгэшээлтэй жилүүд уг нь хөвөрч байгаа. Гэвч мянган бэлэг дэмбэрэл байгаад ч нэмэр алга. Учир нь үр хөндөлтийг төр нь хүлээн зөвшөөрч, түмэн олон нь гүйцэтгэж байгаа нь нууц биш.
Статистик дурдъя. Манай улсад өнгөрсөн онд 6000гаруй шинэ иргэн мэндэлжээ. Ингэснээр Монголын хүн гурван саяыг шүргэх таатай мэдээ дуулдаж эхэлсэн билээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ ч гэдэг хоёр сая гаруй ам дөрвөлжин талбайтай өргөн уудам нутагтай хэрнээ гурав хүрэхгүй сая хүнтэй Монгол шиг орон тун цөөн. Бараг байхгүй ч гэж болно. Гэтэл үнэндээ манай хүн ам гурван саяас давж гарах боломж бий шүү дээ. Одоогоос 23 жилийн өмнө буюу 1988 оны луу жилд Монгол Улс хоёр сая хүн амтай болж байсан түүхтэй. Гэтэл 23 жилийн хугацаанд ганцхан сая иргэнээрбүл нэмээгүй нь эмгэнэл бус уу.
Зах зээлийн ороо бусгаа үе таарч, хүн амын дийлэнх нь ажилгүйдэл ядууралд өртөж юун хүүхэд гаргах манатай байсан үе бий. Харин одоо энэ үетэй харьцуулахад байдал өөр болсон шүү дээ. Нийгмийн халамж хүн рүүгээ чиглэж, хүүхэд төрүүлсэн, өсгөсөн гээд мөнгөн тэтгэмжийн тоо нэмэгдлээ. Гэтэл яагаад Монголын хүн ам “яст мэлхийн” хурдаар яваад байгаа нь дээрх харыг лавршуулж байх шиг.
Үнэндээ бол жилд шинээр мэндэлж байгаа 6000 бяцхан иргэний цаана ийм тооны хүн эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэнгүүтээ нарт хорвоог үзэх эрхээ шууд хасуулж байгаагаас манай хүн ам гурван саяд хүрэхгүй байгаадаа гэсэн хар төрөөд байна. Учир нь Улаанбаатар хотын хаа сайгүй байрны хонгилоос эхлээд үй олон явуулдаг эмэгтэйчүүдийн эмнэлэг борооны дараах мөөг шиг олширсон. Ингэж олшроход Эрүүл мэндийн хууль түлхэц болсон юм.
Ингэж хэлэх үндэс ч байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар “Жирэмсний 12 долоо хоногтой буюу эхний гурван сарын дотор өөрийн хүсэлтээр үр хөндүүлж болно” гээд хуульчилчихаж. Хуулиараа Монголын иргэнийг эхийнх нь хэвлийд “цаазлах”-ыг зөвшөөрчихөж. Аймаар байгаа биз. Нэгэнт хуульд ингээд заачихсан болохоор завшааныг овжноор ашиглах мөнгөний сонирхолдоо хөтлөгдсөн хувийн эмнэлгүүд шил шилээ даран мэндэлсэн. Тэдний амиа зогоох хамгийн том боломж нь “үр хөндөлт”. Хүүхнүүдээсээ их эмэгтэйчүүдийн эмнэлэг угтаа бол хүүхдүүдийн эрлэгүүд гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Зөвхөн Улаанбаатар хотод 2006 онд 7243 эх үр хөндүүлсэн бол 2007 онд энэ тоо 11241-д хүрч нэг дахин нэмэгджээ. Хувийн эмнэлэгт өдөрт дунджаар 10-20 хүн үр хөндүүлэхээр очдог бол улсын нэг эмнэлэгт жилд 2000 гаруй хүн үр ханддаг гэсэн судалгааг холбогдох газрынхан өгч байна. Эрүүл мэндийн газрын өнгөрсөн оны статистик мэдээнээс үзвэл өнгөрсөн жилд 10688 хүн үр хөндүүлчихэж. Үүнээс сум дундын эмнэлэгт 130, сумын эмнэлэгт 76, хувийн эмнэлэгт 3022, улсын төрөх эмнэлгүүдэд 1845 үр хөндсөн хар мэдээ дурайж байна. Үнэндээ бүртгэл данстай нь л энэ. Эм уусан, эсвэл хувийн эмнэлэгт очсон гээд цаана нь хэчнээн ч хүний алтан амийг таслан хаясынг хэн ч үл мэднэ. Учир нь хувийн эмнэлгийн удирдлагууд үр хөндүүлсэн хүнийхээ тоог өчнөөн хасаад хэлнэ. Бараг 10 хувийг нь л хэлдэг гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн 100 гаруй эмнэлгээс 10 гаруй нь л үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй шүү дээ хэмээн хэнэг ч үгүй хариулж суугаа мэргэжилтний үг “авахуулж” болно шүү дээ гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Жирэмсэн болчихлоо гээд эмчид хандсан эмэгтэйгээс “Гаргах уу, авахуулах уу ” гэж ёс юм шиг асуудаг газар Монголоос өөр хаана ч байхгүй. Бүр мөнгө чинь бэлэн бол одоохон гэхийг захын эмэгтэйчүүд сонссон доо. Бүр наймааны шинжинд орж, гурван сартай бол 30 мянга, түүнээс илүү гарсан бол 40 мянга гээд ханш тогтчихсон байна. Үр хөндүүлснээсээ болж умай цоорох, цус алдах, дахин хэвлийдээ үр бүрэлдэх боломжгүй болж харуусал тээсэн бүсгүйчүүдийн хувь заяаг эмгэнэлтэй гэхээс өөр юу гэх билээ. Зүүний үзүүрт тогтсон ганцхан ширхэг арвай будаа адил асар их хувь заяаг алга хөрвүүлэхийн зуурт төмөр сав руу чулуудчихаж байна. Байдал ийм байхад “Хүн амаа өсгөх бодлого барьж байна. Төрөөс дэмжиж байна” хэмээн том том дуугарч суугаа төрийн түшээд ичээсэй.
Үнэндээ бол энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа таны сонорт хүргэж байна. Монголын үрс олон болох, монголчууд гурван сая давах эсэх энэ олон эмэгтэйчүүдийн эмнэлэг, үр хөндөлтөөс шууд шалтгаалаад байгааг мэдэхгүй байна гэж үү. Үүнийг нам засгийн сайд байтугай найман настай хүүхэд ч гадарламаар л юм. С.Ламбаа сайд минь эх орныхоо ирээдүйд жаахан ч гэсэн гэрэл өгөөч. Хуулиа нухацтай сайн хараач. Эрхэм сайд Ламбаа өнгөрсөн жил үр хөндөлтөөс болж амиа алсан хүний тухай мэдээлэл өгөхдөө инээгээд л. Яг л одон шагнал авсан хүнээр бахархаж ярьж байгаа юм шиг. Ийм ч сайдтай байх гэж. Цаг үеэ олж инээгээсэй билээ. С.Ламбаа сайдаа таныг инээж байх зуур монголын хэчнээн үрс “үр хөндөлт” хэмээх хуулинд чинь цаазлуулж байгаа бол. Нэгэнт үр хөндүүлж болох тухай хуульчилсан л юм бол насны хязгаар тогтоож, үнэхээр гаргах боломжгүйг нь мэдэж байж нарийн судалгаатай хийх хэрэгтэй юм биш үү. Хяналтын тогтолцоог нь сул тавьчихаад хэдхэн эмнэлэг л үр хөндөж байгаа ш дээ гээд хэнэг ч үгүй тайлбарлаад сууж таарахгүй байх аа. Авахуулах хууль гаргаж чадсан юм хойно болиулах талаар арга хэмжээ авч цаг болжээ.
Б.Анхаа
URL: