МҮДН-ынхан хурал хаяж, АН хоёр хуваагдлаа

УИХ дөнгөж байгуулагдаж, Засгийн газар нь дуншиж байгаа үед АН дотроо илт хагаралдаж эхэллээ. Дотроо Алтан гадас, МоАХ, МҮДН гэсэн гурван том фракцтай энэ намын эрх ашгийн зөрчил нь сүүлийн хэдэн өдөр улам тодорч эхлээд байна. Ялангуяа өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг МҮДН-ын Н.Батбаяр гишүүн хаяж гарсан нь АН-ын хагарлын шинж тэмдгийг харуулав. Тэр хуралд МАН-ынхан суугаагүй, Н.Батбаяр гишүүн сөрөг хүчнээс болж хурал хаяагүй. Харин өөрийнх нь харьяалагддаг МҮДН-д бялууны хувь бага оногдохоор байгаад ийнхүү уурсчээ. Үүнээс өмнө өчигдөр УИХ-ын чуулган дээр Н.Батбаяр гишүүн зарим гишүүдийн картыг сугалж аваад Н.Алтанхуягийн хамт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбатын өрөөнд орж уулзсан юм. Тэд чухам юу ярьсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Н.Батбаяр гишүүн нэг зүйлийг ойлгуулах гэсэн бололтой аж.

Өмнө нь ч Н.Батбаяр гишүүн заавал аль нэг яамны сайд болно гэж зүтгэж байгаа тухай яриа саарал ордноор тэнэж л байсан. Харин Н.Алтанхуяг ерөнхий сайд болж, МоАХ хотын захиргааг авч МҮДН-ы фракцид дөрвөн яам өгөхөөр болж асуудал түр намжаад байсан. Гэтэл яг бялуу хуваах дээрээ тулахад Н.Батбаяр, Р.Амаржаргал нарт мөнгө төгрөг муутай, эрх мэдэл багатай дөрвөн яам өгөхөөр болжээ.

Өмнө нь сонгуулийн дараа АН УИХ-д бусдаасаа олон суудал авч, ерөнхий сайдаа томилох нь тодорхой болсны дараа МоАХ, МҮДН хоёр хамтарч Алтан гадасгүйгээр Засгийн газраа байгуулна гэж тохирч байжээ. Тэгвэл Х.Баттулга эсвэл Р.Амаржаргал хоёрын аль нэг нь ерөнхий сайдын суудалд очих байв. Гэвч энэ зөрчилтэй байдлыг арилгахаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг дуудаж уулзсан аж.  Гэхдээ энэ уулзалтанд МҮДН-ыг төлөөлж Р.Амаржаргал биш Ц.Баярсайхан /тухайн үед МҮДН-ын дарга болоогүй байв/ гишүүнийг дуудсан гэж эх сурвалж хэлж байгаа. Уулзалтын дараа МоАХ, МҮДН биш харин Алтан гадас, МоАХ эрх мэдлийг хувааж авахаар болсонд Ц.Батбаяр нар ихэд дургүйцжээ. Р.Амаржаргал гишүүн ч ерөнхий сайд болно гэсэн хүсэлтэй байсан тул мөн л бухимдсан аж. Түүнийг Батлан хамгаалахын сайд бол гэсэн ч тэрбээр дургүйцэж, татгалзжээ. Өмнө нь ч Р.Амаржаргал гишүүн Сангий яам эсвэл ерөнхий сайдын суудалд очно гэж ярьцгааж байсан нь ийнхүү  талаар өнгөрчээ. Тэр ч МҮДН-ыг илт “жийж” байгаа Засгийн газарт орохгүй гэсэн хандлагатай байгаа аж.

Ийнхүү цөөнгүй эх сурвалжийн мэдээлэл, Н.Батбаяр гишүүний байр байдлаас ажвал АН дотроо хагарч эхэлжээ. Алтан гадас, МоАХ хоёр нэгэнт Засгийн газрын толгой яамдыг авахаар тохирсон тул тэр болгон бууж өгөх, бусаддаа мөнгөтэй яамдаа бэлэглэх нь юу л бол.
Харин хамгийн сүүлийн мэдээгээр шинэ Засгийн газрын 18 яамыг хуваахдаа АН 11, Шударга ёс эвсэл 5, ИЗНН 2 яам авна гэсэн хувилбар сонсогдож байна. АН дотроо Алтан гадас 2, МоАх 5, МҮДН 4 яаманд өөрийн хүмүүсээ сайд болгохоор тохироо хийгдээд байгаа аж. Гэхдээ “шүүс”-гүй яаманд очлоо гэж унтууцаж байгаа МҮДН-ынхан энэ хувилбарыг өөрчилж магадгүй юм.
Т.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих