”Юнайтед бизнес”-ийнхэн оршин суугчдыг зодож, газар дээрэмдэхийг завдлаа

Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга болох нь тодорхой болсон Э.Бат-Үүл, Д.Баттулга нар сонгуулийн амлалтаа биелүүлж эхлэв. Иргэн бүхэнд газар өмчлүүлнэ, эдлэн газар бариулна гээд худлаа хэлчихсэн юм хойно хууль зөрчөөд ч болов амлалтаа биелүүлэхийг хичээж байгаа бололтой. “Юнайтед бизнес” ХХК-ийнхан тэдний иргэн бүрт газар олгоно гэснийг өлгөн авч, нийтийн эзэмшлийн газарт барилга барихыг санаархсан байна. Уг компанийнхан газар эзэмших гэрчилгээ болон барилга барих зөвшөөрлөө хэдэн жилийн өмнө авсан гэж байгаа. Гэхдээ зөвшөөрөл авсан даруйдаа барилгаа эхлүүлэхгүй, заавал Э.Бат- Үүл, Д.Баттулга нарыг албан тушаалд нэр дэвших үйл явдалтай давхцан ажлаа эхлүүлж, балмад авир гаргаж байгаа нь хардлага дагуулж байна. “Юнайтед бизнес” компанийнхны балмад, танхай үйлдэл өнгөрөгч бямба гаригаас эхэлжээ. Тодруулбал, тус компанийнхан Чингэлтэй дүүргийн 1 хороо, “Худалдаа хөгжлийн банк”-ны замын эсрэг талд байрлах хоёрдугаар 40 мянгатын 40, 41 дүгээр байрны хооронд барилга барихыг завджээ.

Бямба гаригийн орой тухайн газарт 60 гаруй бөхчүүд бололтой залуус ирж төмөр хашаа хатгажээ. Улмаар экскаватороор газар ухаж эхэлсэн гэнэ. Үүнийг нь оршин суугчид эсэргүүцсэн боловч бүл чадалтай бүдүүн бөхчүүдэд нэвширтлээ зодуулж, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд хөх няц болсон байна. Тэдэнд зодуулсан Б гэх эмэгтэй хөхөрсөн гар, хөлөө бидэнд үзүүлж “Бөхчүүд бололтой биерхүү эрчүүд ирээд эмэгтэй хүнийг ч хайрлаж энэрэхгүй зэрлэг авирласан. Энэ хэрэг гарснаас хойш хар дарж зүүдлээд унтаж чадахгүй байгаа” хэмээн ярьсан.

НГА-наас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 295 тоот шийдвэрийг үндэслэн “Юнайтед бизнес” компанид 0204044 тоот газар эзэмших гэрчилгээг олгосон байна. Гэхдээ өдгөө эл газар нь НГА-ны барилга барихыг цуцлах төлөвлөлтөд оржээ. Гэтэл тус компанийнхан хотын удирдлага солигдохтой зэрэгцэн 12 давхар барилгаа барихаар болсон байна. Үүнээс гадна “Юнайтед бизнес”-д олгосон “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн №231 тоот техникийн нөхцөл нь 2008 оны наймдугаар сарын 18-ны өдөр хоёр жилийн хугацаатай олгогдсон бөгөөд хүчинтэй хугацаа хэдийнэ дууссан байна. Мөн НМХГ-аас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх №41/2010 тоот зөвшөөрлийг 2010 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр олгосон боловч жилийн өмнө хүчинтэй хугацаа нь дуусчээ.

Хууль бусаар барилга барьж эхэлсэн орой буюу долдугаар сарын 21-нд зодуулсан иргэд цагдаагийн ажилтнуудад хандсан байна. Гэтэл цагдаагийнхан энэ барилга чинь зөвшөөрөлтэй юм байна хэмээн зодуулсан иргэдийг үл тоосон байх юм. Түүнчлэн танхай авирласан бөхчүүдэд хариуцлага тооцолгүй орхижээ. Эл балмад үйлдэл ням гаригт ч үргэлжилсэн байна. Тус компанийнхан 40, 41 дүгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах болон амгалан тайван байдлыг алдагдуулж, иргэдийн амралтын цаг болох шөнө дөлөөр хүнд машин, механизмыг ажиллуулж байгаа аж. Хүнд даацын машинаар шилэн кабелийн утсыг тасалсан, бохир ус зайлуулах хоолойг шууд шороогоор булсан харагдлаа. Аргаа барсан иргэд дараагийн өдөр нь замын цагдаа дууджээ. Гэтэл өнөө бөхчүүд нь замын цагдаад “алганы амт” үзүүлээд хөөгөөд явуулсан гэнэ. Улмаар даварч бардамнасан тэдгээр залуус “Танай нурах гэж байгаа байшингийн ханатай тулган байшин баривал улам бат бөх болно. Барилга барих зөвшөөрлийг мэргэжлийн хяналт олгосон. Та нарт харин ч тус болох гэж байна. Бид ажлаа эхэлье, та нар орж сайхан унтаж амарцгаа” хэмээн доромжилжээ.

Энэ үед оршин суугчдаас таван хүн гэмтсэн байна. Мөн хоёр иргэнийг машиндаа хүчээр суулган дарамталсан аж. Барилга барихаар тойруулан барьсан төмөр хашаа нь явган хүний зам дээр баригдсан байв. Хашаа нь нийтийн эзэмшлийн явган хүний зам талбай, төв зам уруу гарах гарцыг хаасан бөгөөд хүнд даацын машинаар явган хүний зам, замын хашлагыг эвдэн, зүлэг модыг дайрсан харагдлаа. Эл барилга баригдвал дээрх хоёр байрны 16 айлын цонхыг хааж, агаар салхи, байгалийн гэрэлтүүлгийг бүрэн хаах юм байна. Улмаар ямар нэг гал түймэр зэрэг байгалийн хүчин зүйл тохиолдоход гарах гарцгүй болгожээ. Оршин суугчид эл үйлдлийг “Үндсэн хууль”-иар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Иргэдийн хэлж буйгаар цаашид барилгын ажлыг үргэлжлүүлбэл төв замын ачаалал эрс нэмэгдэж, нэвтрэх чадвар буурахаас гадна иргэд байр уруугаа орох гарах гарцгүй болно. “Юнайтед бизнес”-ийнхэн байрны оршин суугчид болон СӨХ-ноос зөвшөөрөл аваагүй, барилгын ажил эхлэх тухай мэдэгдээгүй гэнэ. Дээрх байрууд нь 1958 онд баригдсан, байшингийн эдэлгээ хуучирч, газар хөдлөлтийн тэсвэргүй байр гэсэн дүгнэлт холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан юм байна.

Мөн 41 дүгээр байрны суурьт тулган, 40 дүгээр байрнаас нэг метр гаруй зайд нүх ухаж эхэлснээр барилгын үндсэн хийцэд нөлөөлж, хоёр байрны нэг болон дөрвөн давхрын айлуудын тааз, хананд цав цууралт өгч эхэлсэн байна. Мөн орчны хөрс болон барилгын тоосго суларчээ. Ийнхүү иргэдийг хоёр шөнө дарамталсны эцэст НМХГ-аас албаны хүмүүс ирж барилгыг ажлаа зогсоохыг шаарджээ. “Юнайтед бизнес”-ийн удирдлагууд актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Гэвч өнгөрсөн мягмар гаригийн шөнө дахин экскаватор авчирч газар ухахыг завджээ. Иргэд үүнийг нь эсэргүүцэж машин уруу орох хаалгыг хааж хувийн эзэмшлийнхээ гурван машиныг тавьжээ. Харамсалтай нь машиныг кранаар өргөн зайлуулаад дахин машинаа оруулахаар дайрч, иргэдийг зоджээ. Цагдаагаас тусламж гуйгаад дийлээгүй иргэд энэ удаа “Хөх Монгол” бүлгэмийнхнээс тусламж гуйсан байна. “Хөх Монгол” бүлгэмийнхэн 20 машинтай ирж дээрх газрыг 06.00 цаг хүртэл хамгаалжээ.

Д.Мягмаржаргал

olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих