ХДХВ тээгчдийн нас залуужсан юм биш биз …
Монголд ХДХВ тээгчдийн тоо 111-д хүрсэн мэдээлэл гараад удаагүй байна. Гэтэл есдүгээр ангийн хүүхэд ХДХВ-тай гэх мэдээлэл хэвлэлээр цацагдлаа.
Өнгөрөгч тавдугаар сард Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс ХДХВ илэрснийг холбогдох газрууд нуусан тухай шуугиж байгаа юм. Харин албаныхан үүнийг үгүйсгэсэн. Хэрэв дунд сургуулийн хүүхдүүдээс дээрх халдвар илэрсэн бол аюулын харанга дэлдэж байгаа хэрэг.
Энэ өвчний вирүс амьдралд дөнгөж хөл тавьж буй хорь ч хүрээгүй залуучуудаар хүрээгээ тэлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлсэн юм биш биз. Анх 1992 онд ОХУ-д сурч байсан монгол залуу найз залуугаасаа (ижил хүйстэн) ХДХВ авсан. Зургаан жилийн дараа Камеруны иргэдэд биеэ үнэлсэн гурван эмэгтэй уг вирүсээр халдварласнаар манай улсад энэ өвчин эрчимтэй тархах болсон юм. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр 111 хүн өвчилсний ес нь хорвоог орхижээ.
НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрөөс өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 20 хувиар буурсан тухай мэдээлж байсан. Олон улсын хамтын нийгэмлэгийн тоо баримтаас үзвэл шинэ халдвар авсан хүний тоо 2001 онд 3.2 байсан бол өнгөрөгч онд 2.5 саяд хүрсэн байна. Мөн ХДХВ-ын улмаас нас барсан хүний тоо хоёр саяаар багассан гэнэ.
Гэвч манай улсад нас нь улам залуужиж, ХДХВ тээгчдийн тоо нэмэгдсээр. Дээрх өвчинд хамгийн өртөмтгий 15-49 насны залуучууд Монгол Улсын нийт хүн амын 60- аад хувийг эзэлдэг. Хил залгаа хоёр хөршид ХДХВын халдвар эрчимтэй тархаж байгаа нь бидэнд өндөр эрсдэл бийг сануулах шиг. Мөн биеэ үнэлэгчид болоод тэдний зорчих улс орны тоо нэмэгдэж, тэр дундаа Хятад, Хонконг, Сингапур, зүүн өмнөд Азийн орнуудад олноороо биеэ үнэлцгээн амьдарцгааж байгаа.
Биеэ үнэлэгчдийг хамруулсан шинжилгээнээс харахад тэдний 70 гаруй хувьд бэлгийн замаар дамжих ямар нэгэн халдвар илэрсэн байдаг байна. ХДХВ-аар өвчилсөн нэг хүний эмчилгээний өртөг нь жилд 3.6-10.2 сая төгрөгт хүрдэг.
Энэ нь манай дундаж орлоготой гэр бүлийн жилийн орлогоос 2-6 дахин их. Дэлхий дээр 30 гаруй сая хүн уг өвчний халдвар авснаас хоёр сая нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалж байна гээд үнэн мэдээллийг нуугаад байдаг.
Гэтэл цаана чинь өсвөр насныхан аймшигт өвчнөөр өвчлөөд эхэлчихсэн юм биш үү, Эрүүл мэндийн сайд аа.
Э.Энхцолмон
”Нийгмийн толь”
URL: