Э.Бат-үүл: УИХ-ын гишүүнээр дамжуулан төрийн эсрэг гэмт хэрэгт уриалахыг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Э.Бат- Үүлийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн дунд маргаан дэгдээгээд байна. Төсөл батлагдсанаар хуулийн 34.3-т “Гишүүн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалахыг хориглоно” гэсэн заалт үйлчлэх юм. Э.Бат-Үүлийн өргөн мэд үүлсэн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд зарим нэр, томъёог эргэж харах ёстой гэж үзэн Ажлын хэсэг байгуулахаар болсон. Төсөл санаачлагчийн байр суурийг хүргэж байна.
-Таны санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл гишүүдийн дунд маргаан дэгдээгээд байна. Гишүүдийн амыг барьсан хууль болох нь гээд байгаа. Түүнд Та өөрөө ямар тайлбар хийх вэ?
-Төслийг УИХ-ын гишүүд уншиж, ойлгоогүй байсан уу, ам барих гэж байна. Хуулиар далимдуулж хэлмэгдүүлэх гэж байна гэх зэргээр жигтэйхэн л юм ярьж болгоомжилсон, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. Тэднийг яагаад ингээд байгааг би сайн ойлгоогүй. Үндсэн хуульд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гээд тодорхой заасан байдаг юм.
Энэ заалтыг л УИХ-ын тухай хуульд нэмэлтээр оруулахаар төсөл санаачилсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхээргүй байгаа юм. Бусдыг гүтгэж доромжилбол хариуцлагаас харин чөлөөлдөггүй. Тэр нь ноцтой, уршиг ихтэй байх юм бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. Хуулийн энэ заалт дээр нэмээд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа юм. УИХ-ын гишүүн хүн Төрийн эрх мэдлийг хүчээр авъя, төрийн эргэлт хийе гээд иргэний дайн өдөөхийг бусдад уриалаад байж болохгүй биз дээ. Хүн уурлаж, бухимдаж болно.
Тэгэхдээ төрийн эргэлт хийнэ, зэвсэгт бослого гаргая гэхийг үгүйсгэхгүй. Түүнээс нь болж ямар нэгэн үр дагавар гараагүй бол угаасаа хариуцлага хүлээхгүй шүү дээ. УИХ-ын гишүүнийг ч биш иргэдийг яах ч үгүй. Хэлсэн үг болгоных нь төлөө хариуцлагад татах гээд байгаа юм биш. Хууль зүйн талаас нь биш улс төрийн утгаар нь гишүүд хараад байна. Хэн нэгний амыг барих асуудал энд огт байхгүй.
-Зарим гишүүн энэ төслийг 1930, 40-өөд оны хэлмэгдүүлэлтээр төсөөлөөд байна л даа. Энэ нөхөр төрийн эсрэг юм ярилаа, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл гаргалаа гэх шалтгаар орчин үеийн хэлмэгдүүлэлт бий болгох гэж байна. Сөрөг хүчнийхэн болон тэрслүү үзэлтнүүдийг дарж авах гэсэн санаархал гэж хардаж байна?
-Харин тийм хар сэр, янз бүрийн болгоомжлол гараад байгаа. Дахиад хэлье. Хуулиа сайн мэдэхгүйгээс ингэж яриад байгаа юм. Гишүүд санал бодлоо илэрхийлэхэд ямар ч хориг саад байхгүй шүү дээ. 2004, 2008 оны сонгуулийн дараах нөхцөл байдал их хүнд байсан. 2004 онд УИХ-ын сонгуулийн дүн гарчихаад байхад шинээр байгуулагдсан төрийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, дахин сонгууль явуулна, дүнг нь хүчингүй болгоно гэж өмнөх УИХ үзэж байсан шүү дээ. Энэ чинь төрийн эсрэг гэмт хэрэг. Долдугаар сарын 1-ний хэргийн үеэр УИХ-ын индрийг ашиглаж, хүчирхийлэлд уриалах гэсэн хандлага гарсан. Тэр үед миний санаачилгаар нэгдсэн чуулганыг хаалттай хуралдуулсан.
Тэгээгүй бол хэн нэгэн гишүүн УИХ-ын индэр дээрээс хөөрч, үймсэн олонд хандаж Төрийн орон руу дайраад ороод ир гэсэн бол хүчирхийлэл гаарах байсан. Энэ мэт сургамжаас санаа авсан. Өнөөдөр ч төрийн эрх мэдлийг хүчээр авахыг санаархсан зүйл ярьж хэлдэг хүн олон болсон байна. Тийм зүйл ярьсныхаа төлөө жирийн иргэн хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүн хүлээдэггүй. Энэ чинь шударга ёс биш. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Монгол Улсын байгалийн баялаг гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татаж байгаа үед улстөрчдөөр нь дамжуулан балмад үйл ажиллагаа явуулбал яах юм. Иймэрхүү хандлагийг таслан зогсоох хэрэгтэй гэж үзсэн.
-Төслийн зарим нэр томъёог эргэж харах ёстой гээд ТББХ-ноос Ажлын хэсэг томилсон. Бусдад айдас төрүүлэхүйц үг хэллэг байгаагаас эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм биш үү?
-Үндсэн хуулиа унш, үз гэж би анхнаас нь хэлсэн. Түүнд байгаа нэр томъёог л төсөлд оруулсан шүү дээ. УИХ-ын гишүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үргэлж олон түмний анхааралд байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн бусдад үлгэр дууриал болдог ёс зүйн зарчимд хуулийн нэгэн адил захирагдаж хэлэх үг, үйл хөдлөлөө дүгнэн цэгнэж байх ёстой.
-Зарим гишүүн, бас гудамжны жагсагчид, иргэний хөдөлгөөнийхөн итгэл үнэмшил, үзэл бодолдоо хэт автсанаас төрийн эсрэг үг хэлж, үйлдэл гаргадаг нь нууц биш л дээ.
-Жагсаж, тэмцэж явахдаа төрийнхөө эсрэг үг хэлж, лоозон барьж яваагүй юм шүү. Бид Үндсэн хуулийн хүрээнд тайван жагсаал цуглаан зохион байгуулдаг байсан бол одоо огт өөр, төрийнхөө эсрэг юм хэлдэг болж. Төрийн эрхийг хууль бусаар булааж авах гэх зэргээр эрээ цээргүй байдал гаргаж байна.
Түүний нэг илрэл нь 2004, 2008 оны сонгуулийн дараах үймээн. Бид хэзээ ч ийм оролдлого хийж байгаагүй юм шүү гэдгийг дахин хэлмээр байна.
Го.Энхтөр
“Өнөөдөр”
URL: