Олимп-2012: Шоуны тэнгэрт хадсан тасалбарын үнэ ба түгжрэл
Долдугаар сарын 27-ны өдөр Лондон хотноо зуны Олимпийн ХХХ тоглолтыг албан ёсоор нээнэ. Тоглолтыг зохион байгуулагчдын хэлснээр энэ тэмцээн ард түмнийх болох ёстой. Лондончуудаас ч олон хүн тоглолтын тасалбарын хомсдол болон тээврийн асуудалд нь сэтгэл дундуур байна.
Лондоны олимпийн нээлтэнд сурагчид, эмнэлгийн асрагчид зэрэг дундаж статистикийн британичууд уригджээ. Тэд Британийн арлын олон янзын онцлог, уран бүтээлийн эрч хүч, шоглоом, тоглоомын онцлогийг харуулах ёстой гэнэ. Үнэнийг өгүүлбэл, нээлтийн ёслол нь “ард түмний” гэхээргүй 33 сая евроны үнэ хөлстэй болно. Зохиомж нь нууцлагдаж байгаа ч нээлтийн ёслолын найруулагч Дэнни Бойл уг ёслолд 10 мянган хүн, 70 хонь, 12 морь, гурван үхэр, арав арван тахиа ба нугас, есөн галуу, гурван малчин нохой оролцоно гэдгээ хэлээд амжив.
Тоглолтыг Их Британийн хатан хаан II Елизавета нээнэ. Германаас канцлер Ангела Меркель (Angela Merkel) , Оросоос ерөнхий сайд Дмитрий Медведев ирцгээнэ. Жонон, шейх, вангууд асар ихээр цугларах гэнэ. Холливудыг Брэд Питт ба Анжелина Жоли, Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс нар төлөөлнө. Дэвид ба Виктория Бекхэм ирэх нь мэдээж. Тэдний оролцоогүйгээр Их Британийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болдоггүй билээ.
Тасалбар зөвхөн хар зах дээр л байна
Сиднейн олимпийн гурвалсан харайлтын аварга Жонатан Эдвардс одоо тамирчдад зориулсан зохион байгуулах хорооны гишүүн бөгөөд тэрээр сэтгэл өндөр байна. DW агентлагт өгсөн ярилцлагадаа зохион байгуулах хорооны орлогын 25 хувийг тасалбарын худалдаа бүрдүүлж буйг хэлжээ. Үүний зэрэгцээ, тэмцээн бүрэн бүтэн үзэгчидтэй байна гэдгийг ОУОХ ба тамирчдад Лондон амласан байгаа. Одоо нийт 8,8 сая тасалбарын долоон саяыг интернэтээр худалдаад байна. Ойролцоогоор 500 мянга орчим тасалбар хар захад орсон ба тэдний үнэ тэнгэрт хадсан гэж хэлж байгаа.
Ийм байдал нь олон тооны лондончуудын уур уцаарыг хүргэж байна. Лондоны оршин суугчид гэрийн тэмцээнийхээ тасалбарыг авч чадахгүй нь тэднийг уцаарлуулжээ. Үүссэн байдлыг тасалбарын эрэлт ихтэй байснаар Жонатан Эдвардс тайлбарлаж байна. Харин Британийн SundayTimes ба бусад сонинуудад бичсэнээр олон орны Үндэсний олимпийн хороонд хувиарласан квотын улмаас тасалбарууд хар захад орж байгаа гэнэ.
Анхны тийм дуулианаар Украины ҮОХ-ны дарга Владимир Геращенко тушаалаасаа зайлуулагдав. Украинд хувиарлагдсан 2900 тасалбарын 100 ширхэгийг нь тэр дарга өөрийгөө зуучлагч болгосон ВВС-гийн сурвалжлагчид худалдахад бэлэн байгаад илчлэгдсэн байв. Бусад орнуудын спортын дарга нар ч өөрсдийн хөгжөөн дэмжигчдэд зориулагдсан тасалбараас мөнгө олохоос татгалзахгүй байна. Нийтдээ 54 орны үндэсний олимпийн хороод ийм хэрэгт сэжиглэгдээд байна.
Түгжрэл зайлшгүй болно
Олимпийн тоглолттой холбоотой бас нэг асуудал нь тээвэр. Лондон хотын газрын тээврийн албаны дарга Гэррет Эммерсон хотод замын түгжрэл гарах нь зайлшгүй гэж эртнээс сануулж байна. Олимпийн үеэр тэрээр гурван сая явалтаар тээврийн ердийн ачаалал нэмэгдэнэ гээд нийтдээ 175 км болж буй олимпийн гэх чиглэлээр явахгүй байхыг жолооч нарт анхааруулжээ. Олимпийн чиглэлээс гадна хотын гол замуудад 55 км замын хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.
Англичуудын хэн нэг нь зөвлөлтийн үед томчуудын “ЗИЛ” лимузин тусгай зурвас зам байсныг санасан гэнэ. Тийм зурвасыг “ЗИЛ-ийн зурвас” гэдэг байсан гэнэ. Ингээд англичууд тусгай хөдөлгөөний зурвасаа “ЗИЛ-ийнх” гэж нэрлэх шахав.
Ер нь бол олимпийн тоглолт мэтийн спортын том арга хэмжээг хүлээн авч байгаа хотынхны дургүйцлээс зугтсан түүх үгүй. Гэхдээ тоглолт эхэлсний дараа лондончууд Олимпийн жинхэнэ эзэд гэдгээ таашаалтайгаар мэдэрнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Ш.МЯГМАР
URL: