“Япон улс цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна”
Олон улсын атомын энергийн агентлагаас шинээр эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй орнуудын хүрээнд цөмийн эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний байдал зэрэг асуудлаар өргөн цар хүрээтэй зөвөлгөөн энэ сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдсан байна. Зөвөлгөөнд долоон орны удирдах албан тушаалнууд оролцсон бөгөөд японы томоохон цөмийн байгууламж, аж үйлдвэр, станцуудын үйл ажиллагаа, ажил байдалтай танилцсан байна. Тус зөвөлгөөнд оролцоод ирсэн Цөмийн энергийн газрын мэргэжилтэн М.Чадраабалтай ярилцлаа.
-Хэвлэл мэдээлллийн хэрэгслээр Япон улсын эрчим хүчний байдлын талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Одоо Японд нөхцөл байдал ямар байна вэ?
-Япон улсын хувьд зуны цаг нь эрчим хүчний оргил цаг байдаг. Одоогоор Японд хоёр станц ажиллаж байна. Эрчим хүчний хувьд улс орноо бүрэн дүүрэн хангаж ажиллахгүй байгаа нь мэдрэгдэж байсан. Учир нь бүх атомын станцууд зогссонтой холбоотойгоор эрчим хүчний хувьд хомсдолд орж, эрчим хүчээ гадаад орнуудаас түлшээ байгалийн хий, газрын тос зэргийг импортолж хангаж байгаа юм байна. Энэ янзаар үргэлжилбэл Япон улс зардал өндөртэй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ард иргэдийн амьдралд нөлөөлж, цаашлаад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл их зардалтай болж гадаад зах зээлд өрсөлдөх чадваргүй болох аюул нүүрлэж байгаа юм байна. Тйимээс Японы засгийн газар энэ бүхнийг үнэлж дүгнэн дараа дараагийн алхамуудаа төлөвлөж байгаа бололтой.
-Фүкүшимагийн ослоос хойш атомын цахилгаан станцтай бүхий л улс аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулах болсон. Энэ тал дээр өөрчлөлт шинэчлэлт орсон зүйл юу байна вэ?
-Японд бол асар их хэмжээний өөрчлөлт явагдаж байна. Үндсэндээ ослоос болсноос хойш 1 жил 4 сард өнгөрч байна. Тэнд одоо болтол зарим газар нутагт сэргээн босголтын ажил үргэлжилж байна. Бид Фүкүшимад хамгийн ойр 20 км-т орших Хироно хотод очоод ирлээ. Өнгөрсөн жил ослоос хойш Япон улсын засаг захиргаа зарим нутгийн хүн амыг нүүлгэх бодлого баримталсан. Хироно хотын ард иргэд энэ хавар нутагтаа буцан нүүн ирсэн байна. Тус хотод үндсэндээ асар их бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Барилга байшингийн суурь, зам харгуй зэрэг эвдэрч гэмтээгүй зүйл ховор байгаа ч, эхнээс нь засаад явж байгаа харагдсан. Энэ их засварын ажлын хажуугаар цацрагийн хэмжилт хийж, тодорхой бохирдолтой газруудад цэвэрлэгээ явагдаж байна. Хүн амын нягтрал ихтэй, эмзэг гэсэн цэгүүдийг цэвэрлэж байгаа талаар бидэнд мэдээлэл өгч байсан.
Аюулгүй байдлын хүрээнд Япон улсад их шинэчлэл явагдаж байна. Юун түрүүнд цөмийн эрчим хүч, аюулгүй байдал эрхэлсэн яам, агентлагуудад удирдлага зохион байгуулалт, бүтцийн хувьд өөрчлөлт хийж байна.
Мөн атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлын хувьд өргөн цар хүрээтэй арга хэмжээг авч, аюулгүй байдлын стандартыг эрс чангатгалаа. Үүнтэй холбоотойгоор өргөн цар хүрээтэй ажил хийгдэж байна. Тухайлбал нэн түрүүнд далай тэнгисийн эрэг дээр цунамигаас хамгаалсан далан хаалтыг ихээр барьж, цунамийн цохилтыг тэсвэрлэх чадвартай, 10 метр орчим өндөртэй далан хаалтыг барьж байна. Хуучин энэ хаалт нь зургаан метр өндөртэй байдаг байсан бол стандарт чангарч 10 метр өндөртэй болсон байна. Үүнээс гадна станцад амин чухал болсон нэмэлт цахилгаан эрчим хүчний үүсгүүдийг хэдэн хэдэн онцлог байдалтайгаар байрлуулж байна. Ослын үед далайн хааалт бага байсан учраас ус нэвтэрч орж ирээд эрчим хүчний ослын үед ажиллах ёстой дизель генератортууд нь усанд автаж станц цахилгаангүй болж, усны шахуургууд ажилгүй болсноос станц эвдэрч дэлбэрсэнийг та бүхэн мэдэж байгаа. Япончууд үүнээс сургамж авч дизель генераторуудаа аль болох өндөрлөг газар байрлуулж, аюулгүй байдлыг нь сайжруулж байна. Мөн хөдөлгөөнт дизелийн генераторуудыг ашиглахаар төлөвлөсөн байна. Энэ нь ослын үед хаана ч ажиллах бололцоотой. Мөн гал командын усны машинуудыг маш ихээр суурилуулж байна. Нэг станцад 4-5 усны машин байрлуулснаас гадна, барилга байгууламжуудын битүүмжлэл ялангуяа ус нэвтрэхгүй байх боломжийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл янз бүрийн усны хамгаалалттай хаалга, ялангуяа далай тэнгисийн өөдөөс харсан барилга байгууламжид ус нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч чаджээ. Мөн гол анхаарсан зүйл нь ослын үед ашиглах цэвэр усны нөөцийг ихэсгэх зорилгоор том том усан сангуудыг байгуулж байна. Иймэрхүү ажлууд Японы бүх станцуудад хийгдэж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна.
-Фүкүшимагийн ослоос хойш атомын цахилгаан станцыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал цуглаан болж байна. Энэ талаар тодруулаач?
-Энэ ослоос хойш зарим ард иргэдийн санаа бодол атомын цахилгаан станцыг эсэргүүцэх хандлагатай байна гэж хэлж болно. Японд 5 дахь өдөр бүр Засгийн газрынхаа гадаа цуглаан жагсаал хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл зарим нэг улс төрийн хүчин, ногоон үзэлтэй хөдөлгөөн, иргэд жагсаалыг долоо хоног бүр зохион байгуулж явуулдаг.
Атомын цахилгаан станцыг ард иргэдийн нягтаршил багатай газруудад өөр хэлбэл дэд бүтэц сул хүн амаас хол газар байгуулдаг учир станцыг дагасан орон нутгийн хөгжил чухал байдаг. Тодорхой хэмжээгээр тухайн нутгийн иргэд атомын цахилгаан станцын үйл ажиллагаанаас хамааралтай амьдардаг учир цөмийн эрчим хүчний бодлогыг дэмжих үзэгдэл бас ажиглагдаж байна.
Япон улс цөмийн эрчим хүчгүйгээр цааш хөгжихгүй гэж үзэж байгаа иргэд ч бий. Гэхдээ хүссэн хүсээгүй атомын цахилгаан станцаа ашиглах, цааш хөгжүүлэх нь тодорхой болоод байна. Яагаад гэвэл эрчим хүчний нөөц бололцоо байхгүй, үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд гадаадаас ирж байгаа газрын тос импортын бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч үйлдвэрлэх нь зайлшгүй гэж тус улсын засгийн газраас үзэж байгаа юм билээ. Ялангуяа өнгөрсөн оны 11 сард НҮБ-ийн хуралдаан дээр тус улсын ерөнхий сайд энэ талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Япон хоёр атомын цахилгаан станцаа эхлүүлээд байна. Тус улсын хувьд удирдлагын механизм нь төв засгийн газар нь хэдийгээр атомын цахилгаан станцыг эхлүүлэх шийдэр гаргасан ч зайлшгүй тухайн орон нутгийн удирдлагатай зөвшилцөх ёстой байдаг. Төв засгийн газрын улс үндэсний эрх ашгаа дээдлэн, гарцаагүй эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс тухайн бүс нтгийн удирдлагатай хэлэлцээр хийж эхний ээлжинд 2 атомын цахилгаан станцыг ажиллуулж эхлээд байна. Эндээс харахад тухайн орон нутгийн удирдлага өөрийн гэсэн байр суурьтай оролцдог нь харагдаж байсан.
Эрчим хүчний асуудал дээр тус улс маш их санаа зовнисон байдалтай байгаа бөгөөд ард иргэдийн санаа бодол хоёр хуваагдсан байдалтай байна. Нэг хэсэг нь цөмийн эрчим хүч хэрэггүй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь цөмийн эрчим хүчгүйгээр улс орон хөгжихгүй гэдгээ илэрхийлж байна. Ирэх наймдугаар сард цөмийн эрчим хүчийг нийт эрчим хүчинд 2030 он гэхэд 0, 15 хувь, 20-25 хувь байхаар санал асуулга явуулж шийдэхээр болсон байна. Тодруулбал гурав сонголтоос нэгийг нь сонгох юм билээ.
-Манай орны хувьд атомын цахилгаан станцгүй орон шүү дээ. Цаашид станцтай болох уу гэдэг асуултыг тавьмаар байна. Цөмийн энергийн газрын хувьд ямар бодлоготой ажиллаж байна вэ? Судалгаа шинжилгээ хийгддэг үү. Мэдээж судалгаа хийхгүйгээр барина гэдэг байж болохгүй асуудал байх.
-Манай улсын хувьд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ард иргэдийн хүсэл санаа бодлыг сонсох ёстой. Мөн ямар станц тохиромжтой вэ гэдгийг нэн тэргүүнд судлах хэрэгтэй. Монгол орон цаг агаар, газар зүйн байрлалын хувьд онцлог. Тиймээс үндсэн атомын цахилгаан станц ашиглахаар бол үндсэн гурван факторыг анхаарах ёстой. Үүнд аюулгүй байдал, эдийн засгийн өгөөжтэй, байгальд ээлтэй зэрэг орно.
Мөн дэд бүтэц, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй. Түүнчлэн улс орны эдийн засгийн байдал үүнтэй уялдсан дэд бүтцийн хөгжил чухал юм. Бас нэг асуудал нь цахилгаан эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх, өргөтгөх шаардлага тулгарч байна. Аж үйлдвэр сул хөгжсөн, хүнд аж үйлдвэрийн бааз суурь байхгүй гэж хэлж болно. Тиймээс өнөө маргаашгүй цөмийн цахилгаан станц барих нөхцөл хараахан бүрээгүй байна. Бэлтгэл ажлуудыг хийх, мөн олон улсын туршлагаас судлах хэрэгтэй гэж бодож байна.
Цөмийн энергийн газраас цөмийн эрчим хүчний дэд бүтцийн судалгааг явуулж буй бөгөөд үүгээрээ Монгол Улсын дэд бүтцийн өнөөгийн байдал тухайлбал хүний нөөц, технологи, байгаль орчин, цацрагийн хамгаалалтын байдал, эрчим хүчний төлөвлөлт, түүнд эзлэх цөмийн эрчим хүчний хэмжээ, хууль эрх зүй, цөмийн түлш, манай улсаас оролцож болох аж үйлдвэр болон бусад салбарын оролцоо, өртөг, зардал зэрэг өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг явуулж байна. Мөн гадаад орнуудын туршлага ялангуяа хэрхэн цөмийн хаягдал болон ослын үед шуурхай хэрхэн ажиллах зэрэг механизмуудыг судалж байна.
Энэ судалгааны ажил дан ганц атомын цахилгаан станцад зориулсан гэвэл учир дутагдалтай юм. Энэ ажлаар бид мөн Монгол улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй цацрагийн хяналтын системийг бий болгох, хүн амыг болзошгүй цацрагийн аюул ослоос хамгаалах, хүн амын цөмийн энерги, хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шуурхай үнэн зөв мэдээллээр хангах зэрэг ажлуудыг хийж байна. Манай эргэн тойрны орнууд цөмийн технологийг өндөр түвшинд хэрэглэж энэ тодорхой хэмжээгээр Монгол улсыг цөмийн салбарт өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин, орчин үеийн техник, материаллаг баазтай байж аливаа эрсдэлд шуурхай ажиллах, мэргэжлийн чадварлаг байхыг шаардаж байгаа юм.
-Ер нь Монгол Улсад атомын цахилгаан станц барилаа гэж бодоход ямар ач холбогдолтой юм вэ?
-Энд хэд хэдэн ач холбогдол бий. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Эрчим хүчний эх үүсвэрийг хэд хэдэн эх үүсвэрээс авахаар зохион байгуулсан байдаг Өөрөөр хэлбэл олон талт эрчим хүчний эх үүсврийг улс орнууд эрэлхийлж байна. Дан ганц нүүрс, ус, сэргээгдэх эрчим хүч дээр суурилах нь учир дутагдалтай гэдгийг олон улсын туршлагаас харагдаж байна. Тиймээс тодорхой хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлж улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь гол зорилго болж байгаа юм. Атомын цахилгаан станцыг нэвтрүүлэх гол шалтгаан нь эрчим хүчний хувьд хямд эрчим хүч гаргаж авах эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой. Атомын цахилгаан станцын барилгын ажлын зардал өндөр боловч ашиглалтын үеийн зардал бага байдаг. Хүмүүс цацраг идэвхт хаягдлаас нь айдаг. Мөн хаягдал өөрөө хадгалах боловсруулалт хийхэд асар их зардалтай гэдэг. Нийлбэр дүндээ бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийн өртөгтэй нь харьцуулаад үзэхээр цөмийн эрчим хүчний зардал хамгийн бага гарч ирж байна. Энэ зардал бол ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөхгүй гэдэг нь харагдаж байна.
Цөмийн эрчим хүчнийг хөтөлбөр хэрэгжүүлж, хаягдлын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж болж байгаа учир улс орнууд энэ цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд Финлянд, ОХУ, АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ нэмж атомын цахилгаан станцуудыг барьж байна. Мөн эдгээр дээр нэмэгдээд зүүн өмнөд азийн орнууд их сонирхож байна.
Бидний сонирхоод байгаа сэргээгдэх эрчим хүч бол хамгийн их зардалтайд тооцогдож байгаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүч рүү хурдан нэвтэрч өөрийн болгоно гэдэг одоогоор төвөгтэй асуудал, учир нь хугацаа, хөрөнгө мөнгө их шаардлагатай байгаа юм. Мэдээж бид нарт сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвүүрүүд хэрэгтэй. Эдгээр бүгд нийлээд манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах ёстой.
Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүчний эзлэх хувийг манай улсын нийт эрчим хүчний 15-30% хангадаг байхаар тооцоо судалгааг явуулбал тохиромжтой.
Цөмийн эрчим хүчийг сонгож буй дараагийн нэг шалтгаан бол технологийн хувьд манай улс нэг алхам урагшилж чадна. Өөр өөр хэлбэл станцыг дагаад бусад салбар тухайлбал шинжлэх ухааны салбарууд тухайлбал анагаах ухаан, физикийн шинжлэх ухаан, материал судлал, мэдээлэл, программ хангамж, аж үйлдвэрийн салбарт тухайлбал төмөрлөг, барилга, зам тээвэр салбарын хөгжилд атомын цахилгаан станц нь тодорхой түлхэц өгнө. Манай улс асар их баялагтай. Энэ баялагаа ашигласан жижиг дунд үйлдвэр, мөн хүнд үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Үүгээрээ атомын цахилагаан станцад шаардлагатай материаллаг зүйлсийг өөрийн эх орондоо үйлдвэрлэх, өөрийн нутагт нэвтрүүлэх, бусад хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг болох, эргээд ажлын байр, орон нутаг, цаашлаад улс эх орны хөгжлийг дэмжих бүрэн боломж бий.
Ж.ЭРХЭС
URL: