28 дахь ерөнхий сайдын танхимд хэн багтах вэ?

Хамгийн олон суудал авснаараа Ардчилсан нам давуу эрхтэйгээр бусад намуудтай хамтран Засгийн газрыг байгуулахаар болсон. Энэ удаад “бусад” гэдэгт Ардчилсан нам МАН-ыг оруулахгүй байхаар шийдсэн бөгөөд ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшин сонгодсон гишүүдтэй хамтран эвслийн Засгийн газрыг байгуулахаар болоод байна. Мэдээж эвсэж буй учраас оролцогч нам, эвслүүд Засгийн газарт хэдий хэмжээний суудал авах вэ гэдгээ тохиролцсон нь тодорхой. Одоогоор энэхүү тохиролцоо, мөн Ардчилсан намын дотроос хэнийг сайдаар ажиллуулах нь тодорхойгүй байгаа. Иймд улс төрийн хүрээнийхний дунд яригдаж буйгаар удахгүй тодрох 28 дахь ерөнхий сайдын танхимын бүрэлдэхүүнд хэн хэн багтах магадлалтайг сонирхоё.

ЕРӨНХИЙ САЙД.
Ардчилсан намд “Олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэх зарчим бий. Хэдий олонхи болгож чадаагүй ч хамгийн олон суудлыг тус нам авсан тул намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоход саад гэх зүйл байсангүй. Намынх нь удирдлагын бүтэц болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас ч үүнийг нь баталгаажуулж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг нь дэмжсэнээр шинэ кабинетийн хамгийн эхний гишүүн нь тодорхой боллоо. Тэрээр өмнө нь Засгийн газрын бүтцийг 11 яамтай байлгана хэмээн мэдэгдэж байсан ч хамтарсан засаг байгуулж буй үед энэ тоог ганц хоёроор нэмэгдүүлж магадгүй болоод байна. Ийнхүү нэмж болохыг ҮЗХ дэмжсэн ч ганц нөхцөл тавиад байгаа нь эдгээр яаманд ажиллагсдын орон тоог нэмэгдүүлэхгүй байх гэдэг зарчим аж.

ШАДАР САЙД. Одоогоор Шадар сайдын суудал дээр УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү, МАХН-МҮАН эвслээс Ч.Улаан нарын нэрс дуулдах аж. Гэвч Ч.Улаанд энэ суудлыг өгвөл эвсэлд нь ногдох сайдын суудлын тоо буурна. Харин эвслийн хувьд олон суудал илүү хэрэгтэй тул үүнээс татгалзах магадлалтай. Мөн Х.Баттулга шадар сайд болно хэмээн хүсвэл дэмжлэг хүлээх нь тодорхой гэх ч яриа байна.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД. Шадар сайдад нэр дуулдаж буй хүмүүс мөн л Тэргүүн шадар сайд дээр байх аж. Гол нь Шадар сайдын суудалд өрсөлдөөд унасан нь энэ суудалд ирж буух магадлалтай. Нэр оноовол Ч.Улааныг хэмээж буй.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА. Энд УИХ дахь бүлгийн ахлагчаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн нэр хамгийн өндөр магадлалтай. Түүнийг мөн БСШУ-ы сайдын албанд илүү тохиромжтой гэж буй бөгөөд энэ тохиолдолд хэрэг эрхлэх газрын даргаар өөр таамаглалд ороогүй “битүү” хүн гарч магадгүй юм.

ДОТООД ХЭРГИЙН САЙД. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр ёсоор Хуульзүй, дотоод хэргийн яамыг Хуульзүйн яам болгоод додоод хэргийн буюу цэргийн асуудлыг Батлан хамгаалах яам руу шилжүүлэхээр төлөвлөөд байгаа. Ийнхүү салсан Дотоод хэргийн яаманд МАХН-МҮАН-ний шударга ёс эвслийнхэн өөрийн хүнээ тавих хүсэлтээ буйгаа илэрхийлсэн гэх. “Энэхүү хүсэл зориг нь Н.Энхбаярын хэрэгт ашигтай хэмээн” яригдаж буй бөгөөд тус суудалд Л.Цогийг илүү тохирно гэж буй гэнэ. Тэрээр өмнө нь Хууль зүйн сайд хийж байсан зэрэг нь ийнхүү нэр дурдагдахад хүргэсэн аж.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД. Олон нийтийн хүслээр ч, намын дотоодод ч энэхүү сай­дын суудалд Х.Тэмүүжин өрсөлдөгч­гүйгээр яригдаж байна. Намын урдаа барьдаг залуу хуульчдийн нэг бөгөөд олонд нэр хүнд сайтай тул Засгийн газрын бүрэл­дэхүүний нэр хүндэд хэ­рэг­тэй гэж ийн ярилцаж буй гэх.

САНГИЙН САЙД. Энэ яамыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд өгсөн үү, Ардчилсан нам өөртөө авсан уу гэдгээс хэн сайд хийх вэ гэдгийн хариу гарна. Хэрэв Шударга ёс эвсэлд өгсөн бол нэгэн үе Ерөнхий сайдын албыг хашиж явсан М.Энхсайхан гарч ирнэ. Хэрэв Ардчилсан нам энэ салбараа өөрт үлдээсэн бол Сангийн сайдын туршлагатай С.Баярцогт гарч ирэх боломжтой. Мөн өөр нэг өрсөлдөгч нь 1998-2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал байх аж.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД. Эрдэс баялаг эрчим хүчний яамыг салгасан бөгөөд эрчим хүчийг нь хэнд хариуцуулах нь тийм ч тодорхой биш байна. Өмнө нь хамтарсан засагт энэ яамныхаа дэд сайдаар ажиллаж байсан Б.Ариунсан таамгийн урдуур өнгөлж яваа бөгөөд М.Сономпил нарын нэр ч ард нь бий бололтой.

БАТЛАН ХАМГАА­ЛАХЫН САЙД. Туршлагатай, аж­лаа мэдсэн хүн гэдэг утгаар нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг хариуцуулах байх гэсэн таамаг олон нийтэд байна. Мөн өмнө нь энэ албыг хашиж байсан өөр нэг хүн болох Нийслэлийн ардчилсан намын даргаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ш.Түвдэндорж байгаа хэдий ч Л.Болд энэ салбарт илүү тохирох байх гэцгээж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД. Энд МАХН-МҮАН-Шудар­га ёс эвслийн гишүүн Н.Уд­валын нэр дуулдах аж. Гэвч хуучин хамтарсан Засгийн газарт сайдын алба хашиж байсан гэдгээрээ шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахад бэлэн нь С.Ламбаа байж болох юм ч гэж байна.

ЗАМ ТЭЭВЭР БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД. Олон нийтийн зүгээс хуучин энэ салбарыг удирдаж байсан Х.Баттулга гарч ирэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Хэрэв яригдаж буй Үйлдвэржилтийн яамыг шинээр байгуулвал түүний нэр тийш нь шилжих магадлалтай гэнэ. Харин тэрээр энэ салбартаа өөрийн хүнээ ажиллуулна гэвэл өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх гарч ирэх боломжтой. Түүнийг Х.Баттулга энэ салбарт бэлдсэн гэдэг бөгөөд А.Гансүх нь “Баттулга сайд хамтран ажиллах санал тавьсан учраас л хамтарсан засагт дэд сайдаар ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн дээрээс нь Г.Батхүү Шадар сайд орчимд суудалтай болох боломжгүй тохиолдолд энэ яамны сайд дээр буулт хийж магад ч гэж буй аж.

ГАДААД ХЭРГИЙН САЙД. Улс төрийн хар хэрүүлээс хол байдаг хоёр салбар нь Батлан хамгаалах болоод Гадаад хэргийн салбар. Улс орны гадаадад илэрхийлэх энэ хариуцлагатай албанд өмнө Батлан хамгаалахын сайд хийж байсан туршлагаар нь Л.Болдыг томилох боломжтой гэж буй. Хэдий түүний нэр Батлан хамгаалах дээр яригдаж буй ч намаас нь энэ салбарт тавих магадлал ч мөн өндөр байна. Мөн дараагаар нь Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Болор, энэ салбарт ажиллаж байсан Я.Батсуурь нар явж буй гэнэ. Я.Батсуурийн хувьд дипломат төлөөлөгчөөс Аюулгүй байдлын байнгын хорооны даргын ажлыг эрхэлж байсан нь эерэг оноо цуглууж байгаа ч УИХ-ын гишүүний суудалд дахин өрсөлдөөд ялагдсан гэдэг нь тус байранд очих өрсөлдөөнд хасах оноо болж буй бололтой.

БОЛОВСРОЛЫН САЙД.
Боловсролын сайдын суудал дээр олон хүний нэрс яригдаж байгаа бололтой. Ч.Куланда, П.Алтангэрэл, Л.Гантөмөр зэргээр үргэлжилнэ. П.Алтангэрэл нь намынхаа удирдлагад “би энэ салбарт тохирно” хэмээн саналаа илэрхийлсэн гэх бөгөөд “Багш хөтөлбөр”-ийг боловсруулсан зэргээр түүний анхаарлаа хандуулдаг салбар нь яахын аргагүй боловсрол юм. Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр ч тус суудал дээр буух магадлал их байгаа тухай сонсогдох аж.

НИЙГМИЙН ХАМГААЛ­ЛЫН САЙД. Энэ салбарт хэн очих нь мөн л тодорхойгүй байна. Дам ишлэвэл Ц.Баяр­сайханы нэр энд орсон байх бөгөөд бие даан нэр дэвшин сонгогдсон М.Ганбаатар энэ яамыг сонирхож буй гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн даргаас УИХ-д орж ирсэн тэрээр “Хөдөлмөрийн яам, эсвэл нийгмийн хамгааллын сайд болмоор байна” гэсэн байна.

ХӨДӨЛМӨРИЙН САЙД. Ард­чилсан намын мөрийн хөтөлбөрийн цөм нь ажил орлоготой Монгол хүн хөтөл­бөр. Иймд тэд иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны ажлын чиг үүргийг салгаж Хөдөлмөрийн яамыг дангаар нь байгуулахаар шийджээ. Иймд энэ яамны сайдыг бусад намуудад биш өөрсдийн намын хүндээ хариуцуулж өгнө хэмээжээ. Энд хамгийн ойр байгаа нь Р.Амаржаргал байгаа гэх бөгөөд түүний эдийн засгийн мэдлэг, улс төрч хүний чанар нь илүүтэй тохирно гэж буй.

ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД.
Эрдэс баялаг, Эрчим хүчний яамыг Эрдэс баялаг Дэд бүтцийн яам болгоод уул уурхайн салбар сайн мэддэгээр нь УИХ-ын гишүүн, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг сайдаар томилох тухай яриа явж байна. Үүнийг нь үгүйсгэгчид Д.Бат-Эрдэнийг ийнхүү сайдаар тавихгүй гэцгээж буй бөгөөд шинээр батлагдсан Сонирхлын зөрчлийн хуультай зөрчилдөх юм биш үү гэж байна. Мөн Барилга хот байгуулалтын болоод Эрдэс баялын салбарын ойр нэг нэр дуулдаж буй нь гишүүн Н.Батбаяр байх аж.

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД. Хамтарсан засагт ИЗНН орж ажиллахаар болсон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцахаар болж буй бололтой. ИЗНН-д хоёр дэд сайдын суудал санал болгосон ч нэг сайдын суудлыг илүүд үзсэн гэнэ. Ийнхүү байгаль орчин, аялал жуулчлалын яамыг удирдах сайдад С.Оюун болон Д.Дэмбэрэл нарын хоёр даргын нэг нь буух бололтой. Тус нам хамтарсан засгаас өөр сайдын суудал авч чадаагүй тул энэ хоёрын нэг нь сайд, нөгөөх нь дэд сайд болох магадлал өндөр. Уг нь энэ салбарт ажиллах хүсэл Г.Баярсайхан, Л.Гансүх нарт байсан гэнэ.

ДЭД САЙД НАР. Сайдын албанаас дутахгүй олны анхаарлыг татаж байгаа. Дэд сайдын суудлууд дээр сайдад үзээд чадаагүй нь гэхээс илүү шинэ хүмүүс гарч ирэх магадлал өндөр байна. Тухайлбал дэд сайдуудын суудалд Ардчилсан намаас жагсаалтын хойгуур дэвш­сэн эрхмүүдийн нэрс орж ирэх магадлалтай гэх таамаг­лал бий. Тухайлбал, Б.Мэд­рээ, Л.Гансүх, А.Гансүх гэх мэтээр үргэлжлэх бололтой. Түүнч­лэн бие даан нэр дэвшсэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар дэд сайдын суудалд буух боломжтой гэнэ. Шинээр сонсогдож буйгаар Барилга хот байгуулалтын дэд сайдад “Жийп сервис” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ болон гишүүн Х.Баттулгын бэлдэж буй Г.Байгальмаагийн нэр дуулдаж байна. Боловсролын дэд сайдад “Залуу удирдагч сан”-гийн тэргүүн Б.Отгонбат, Хууль зүйн дэд сайдад АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг, Нийгмийн хамгааллын дэд сайдаар Х.Золжаргал, Эрдэс баялгийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэбүрэн, Гадаад харилцааны дэд сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Батцэцэг нарын нэрс багтжээ. Хамтарсан засагт орсон МАХН-МҮАН, ИЗНН-аас дэд сайдад очих хүмүүс мөн л шинэхэн улс төрчид байх магадлалтай байгаа бололтой.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих