Д.Зоригт “Рио Тинто”-гийн ”мешок” уу?
Өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн Эдийн засгийн форумын үеэр Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд талууд хэрхэн хамтарч ажиллах талаар ТББ-ууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой уулзжээ. Хариуцлагатай уул уурхай гэж юуг хэлэх, түүнийг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газар, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаа, ТББ-ууд хамтарч ажиллахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэх тухай ярилцсан байна.
Уулзалтын үеэр хувийн хэвшлийн төлөөлөгчид “Засгийн газар Тавантолгойд компани байгуулж орсон явдал нь давуу байдлаа ашиглан хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрийн хүчээр цохисон” гэсэн шүүмжлжэл гаргасан юм. Мөн Тавантолгойн сүүдэрт дарагдаж олны анхаарлаас холдоод байгаа Оюутолгойн асуудлаар “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод ханджээ. Оюутолгойн ордод хөрөнгө оруулагч компани болох “Рио Тинто” нь ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаарх гомдол удаа дараа уурхайн ажилчдаас “Оюутолгойн хяналт” ТББ-д ирсээр байгаа аж. Тэдэнд мэдэгдэж байгаагаар өмнө нь яригдаж байсан ажлын цаг хэтрүүлэх явдал хэвийн үзэгдэл болсон байна. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн “Рио Тинто” Монгол Улсын хууль дүрмийг ягштал баримталдаг байх ёстой. Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүн хоногт найман цаг ажиллах ёстой гэж заасан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид уурхайн гүнд ажиллаж байгаа уурхайчдыг газрын гүнд тасралтгүй 12 цаг ажиллуулдаг байна.
Оюутолгойн уурхай нь газрын гадаргаас 1300 метрийн гүнд өрөмдлөг хийдэг тул агаар муутай, эрсдэл өндөртэй нөхцөлд тооцогддог. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс тамир тэнхээгээ амархан алддаг учир алдсан энергийг хангалттай нөхөх илчлэг сайтай хоол хэрэглэх шаардлагатай. Гэтэл “Оюутолгойн хяналт” ТББ-д ирсэн гомдлоор богино долгионы зууханд халаасан хачиртай талхаар уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчид хооллож байна. Энэ талаар уурхайн ажилчид дарга удирдлагууддаа шууд гомдол мэдүүлж чаддаггүй, гомдол мэдүүлсэн тохиолдолд элдэв дарамт үүснэ гэж эмээдэг аж. Харин энэ тухай Оюутолгой төслийн менежер болон хотхоны дэд захирал “Олон улсын жишгээр уурхайн гүнд 12 цаг ажилладаг, манай ажилчдын хангамж ч сайн” хэмээн мэдэгдэж байсан.
Тиймээс ТББ-ын төлөөлөлүүд ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой уулзахдаа “Засгийн газар уул уурхайд үүсдэг тодорхой зохицуулалтгүй энэ мэт асуудалд зохицуулалт хийж өгнө үү, ТББ-ууд ч хэрэгжилтэд нь хяналт тавиад явъя” гэсэн байна.
Харин ЭБЭХ-ний сайдын зүгээс уг асуудлыг хүлээж аваагүй гэнэ. Д.Зоригт сайд ”ТББ-ууд хэн нэгний захиалгаар ийнхүү ярьж, ашиг олж авахын төлөө “Рио Тинто”-г шүүмжилж байна. “Рио Тинто” нь Монгол Улсын 4000 иргэнийг ажлын байраар хангасан болохоор шүүмжилж болохгүй. Тийм л юм бол та нар “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гээд өчнөөн олон хятад ажилчинтай, байгаль бохирдуулсан хүмүүсийг шүүмжлэхгүй юу. Би “Рио Тинто”-г ийм асуудал гаргасан гэхэд итгэхгүй байна” гэсэн хариу өгчээ.
Энэ хариултыг “эдний эсрэг дуугараагүй хэрнээ тэдний эсрэг битгий дуугар” гэж байна хэмээн ойлгох уу, эсвэл ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ТББ-уудыг Ц.Мянганбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын эсрэг турхирч байна гэж үзэх үү хэмээн гайхшаа барж байгаагаа “Оюутолгой хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл хэллээ.
URL: