Ц.Нямдорж: Ардын намыг үгүйсгэж болно, харин хүн амынхаа тавин хувийг үгүйсгэдэг засаг, УИХ байж болохгүй
Өчигдөр хуралдсан МАН-ын VI Бага хуралдааны үдээс хойших завсарлагааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Ардын нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас чуулганд оролцохгүй байна гэж ойлгож болох уу?
-Ямартай ч сонгууль болдгоороо болоод дууслаа. Би сонгуулийн өмнө ганцхан зүйл ярьж байсан. Энэ удаагийн сонгуулийг “Долдугаар сарын 1″-гүй нэгэнгүй, амгалан тайван өнгөрүүлээд ажлаа өгнө гэж. Энэ удаагийн сонгууль амар тайван боллоо шүү дээ. Хэдийгээр парламентад суудал авсан МАН АН-ын хүчний харьцаа ойролцоо гарсан ч гэлээ ямар нэгэн жагсаал цуглаангүй байлаа. Тэгэхээр Ц.Нямдорж амласнаа биелүүллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үзэж байна. Миний харж байгаагаар бол сонгуулийн үр дүнгийн тухайд маш эгзэгтэй улс төрийн нөхцөл бүрдлээ. УИХ-ын дарга, Засгийн газрын сайд нараа томилох хүртлээ шинээр байгуулагдаж байгаа эвсэл нь бат бөх байж чадна. УИХ-ын даргыг МАН-ын гишүүдгүйгээр сонгосон шигээ хүчирхийллийн аргаар шийдэж чадна. Гэхдээ эдгээр асуудлуудаа шийдсэний дараа өөрсдөө гацаанд орно. Сайд болсон нөхдүүд нь гадагшаа, дотогшоо явчихна. Тэр үед УИХ асуудал шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болно. Ингэж улс төрийн өдөөн хатгалга хийсэнд би харамсаж сууна. АН, МАН-ын хооронд хоёр гуравхан суудлын зөрүү байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний зөвлөх болон АН-ын голлох хүмүүстэй уулзаж хэдэн үг хэлсэн.
Олон болсон гэж өөрсдийгөө хөөрөгдөөд байгаа тал нь ухаантай шийдэл гаргахгүй бол туйлын эгзэгтэй улс төрийн нөхцөл байдал үүслээ шүү. Ардын намаас албан тушаалын төлөө урваад явсан нөхдүүд чинь найдваргүй шүү. Цаашид улс орны хөгжлийн асуудал чинь хаашаа явах гээд байна вэ. Төр улс чинь юу болж хувирах юм бэ. Энэ бүх асуудлуудад ухаан гарган бодож тунгаагаач ээ гэж хэлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ухаан гаргаж чадсангүй.
-Хуулиар надтай маргах хүн байхгүй гэж та ярьдаг. Ардын намын гишүүдгүйгээр УИХ-ыг хуралдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн хамгийн ахмад хурлыг даргалах ёстой юм л даа. Д.Дэмбэрэл дарга маргааш (өнөөдөр) 10.00 цагт хурал зарлаж хуралдуулна гэсэн чиглэлийг УИХ-ын Тамгын газарт өгчихсөн байхад АН өнөөдөр Ардын намгүйгээр асуудлаа шийдэж эхэллээ. Тэдэнд улс төрийн соёл гэж алга. Цэвэр хүчирхийллийн аргаар төрийн ажлыг хийж эхэлж байна. 1996 онд АН Ардын намаас хоёр дахин их буюу парламентад 50 суудал авчихаад ингэж хүч түрэмгийлж эхэлсэн. Тэгээд төгсгөл нь дампуурал болж дууссан. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан суудлын зөрүүтэй байж хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэж байгаа нь юунд хүргэх юм бол доо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг шууд зөрчлөө.
-Ардын нам ингэж чуулганыг гацааж олон түмний дургүйцлийг төрүүлэх шалтгаан нь юу байсан юм бэ?
-Манай нам ажил уясан зүйл огтхон ч байхгүй. АН-МАХН-МҮАН-”Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагч гишүүнтэй эвсэл болно гэж бүтэн сарыг барсан. Мөн сайд нарынхаа суудлын тоог тохирно гэсэн шалтгаанаар АН-ын дотоод фракцууд баахан цаг алдсан. Тэр асуудлаа арай гэж зохицуулчихаад гэрээ энэ тэрээ байгуулна гэсээр баахан удсан.
-АН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Энхболд гишүүнээс Ардын намынхан яг юу асуух гэсэн юм бэ?
-УИХ дахь Ардын намын гишүүдийн тухайд З.Энхболд гишүүнээс асуух асуулт олон байсан. Хэт туйлширдаг хүн ийм эмзэг УИХ-ын дарга болчих юм бол төр нь тогтвортой байж чадах уу, үгүй юу. Гишүүн болгонтойгоо шүүхээр заргалдаж явдагаа болих уу, үгүй юу. Хүн болгонтой зарга хийж явдгаа болих уу, үгүй юу. Эсвэл тэр хэвээрээ байгаад байх юм уу гэсэн асуултыг асуух байсан юм. Өчигдөр хүрч ирээд асуултад хариулчихаач гэсэн чинь гэдийж суусаар байгаад өнөөдөр 40 гаруй гишүүний ирцтэйгээр УИХ-ын даргыг томилох ажлаа хүчээр хийж байгаа юм байна л даа.
Би тэр хуралдаанд оролцоогүй гишүүний хувьд З.Энхболдыг хэн гэж дуудахаа мэдэхгүй л сууна. УИХ-ын дарга аа гэж дуудах гэхээр сонгох сонгуульд нь оролцоогүй. Иргэн З.Энхболд гэж дуудах юм уу хаашаа юм.
-Ардын намын Бага хурлаар ямар асуудал хэлэлцэж байгаа вэ?
-Ардын намын тухайд УИХ болон Орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцвол намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл огцрох хүсэлтээ намын бага хуралд гаргана гэсэн дүрмийн заалттай юм. Яг тэр дүрмийн заалтын дагуу энэ удаагийн бага хурал явагдаж байна. Бид огцрох хүсэлтээ бага хуралдаа гаргачихсан. Бага хурал огцрох нь зөв, эсвэл буруу гэсэн янз янзын л байр суурь илэрхийлж байна лээ. Харин намын ерөнхий нарын бичгийн дарга ямар ч тохиолдолд өөр албан тушаал хашдаггүй учраас солигдоно. Намын даргын тухайд хуучин Удирдах зөвлөл байхад Ө.Энхтүвшин гишүүнийг санал болгосон. Энэ удаагийн бага хурал дээр намын дарга, Удирдах зөвлөлийг чөлөөлөх эсэхээс бүх зүйл шалтгаална. Хүсэлт гаргасан чинь зөв, гэхдээ чөлөөлөхгүй ажлаа хийгээд орон нутгийн сонгуульд оролц гэсэн нэг хувилбар гарах магадлалтай. Харин чөлөөлөх нь зүйтэй гэх юм бол шинэ даргын асуудал яригдана. Ер нь цэвэр намын дүрмээрээ бол намын даргыг Их хурлаараа сонгодог. Чөлөөт цагт нь Бага хурлаар гэсэн дүрмийн заалтгай юм. Чөлөөт цагт нь намын дарга хүсэлт гаргасан учраас хэлэлцэж байна. Бид энэ асуудлыг сайтар ярилцаж байж шийднэ. Хэрэв намын даргаар шинэ хүн тавилаа гэхэд орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад дахиад асуудал гарвал яах уу. Тийм биз. Орон нутгийн сонгууль дөхчихсөн байгаа ийм эгзэгтэй үед нарийн ширийн асуудал олон байна.
-Ардын нам Өвөрхангай аймгийн тойргийн асуудлыг хүлээгээд байсан юм биш үү?
-Өвөрхангайн тойргийн хувьд Ардын намын хоёр гишүүнийг хүчээр түдгэлзүүлчихээд байна. Энэ удаагийн сонгуулиар хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан явдал цадигаа алдсан. Ардын намаас нэр дэвшсэн Ц.Анандбазарыг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр нь барьж хорьчихоод сонгууль дууссаны дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгоод гаргачихлаа. Өвөрхангайд аль аль талаасаа маргаан гарсан юм байна лээ. Миний олж сонссоноор бол Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Хасбаатар гэдэг хүн “Манай намын гишүүд 168 сая төгрөг тараачихлаа” гэсэн зүйлийг улайм цайм ярьсан бичлэг телевиз дээр байна. Тэрийг нь телевизээс буулгаад уншиж үзсэн. Ийм зүйлүүдийг анхаарахгүй байж ганц нэг шил архитай хөөцөлдөөд байдаг нь сонирхолтой санагдаад байгаа юм. Энэ байдлаас харахад хүчээр ч хамаагүй Ардын намыг хоёр гурван суудлаар дутуу байлгах ажилд хууль хяналтын байгууллагыг татан оролцуулсан байна. Ийм зүйл байж болох уу.
А.БИЛГҮҮН
URL: