Засгийн газар “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн өндөр настан ганц эмэгтэйн дайнд ч хүрч ажиллаж чадахгүй байна
“Гал Үндэстэн” холбооноос Ерөнхий сайд Сү.Батболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Г.Мөнхбаяр нарт хандан шаардлага хүргүүлжээ. Шаардлагуудыг бүрэн эхээр нь нийтэлж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
С.БАТБОЛД ТАНАА
Шаардлага
Орон гэргүй тэнэмэл иргэдэд зориулсан хонох байр бий болгох, хооллож байх тухай Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны 25 дугаар тогтоол гарснаас хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзлээ.
Энэ хугацаанд гадаадын иргэдэд зориулсан олон давхар зочид буудал, орон сууцууд баригдаж, гадаадын аялагч жуулчин нэртэй олз хайсан хэрмэл этгээдүүд энд тэнд эзгүй сул байр байшинг бишгүй эзэмшин монголоос хулгайгаар гаргах мах түүхий эдийн агуулах, боловсруулах анхан шатны үйлдвэр, өөрсдөө олноор бүгэж суурьших оромж байр болгон ашиглаж байхад орон гэргүй монгол иргэд өвлийн хүйтэнд хоногтоо арваадаар осгож нас барцгаасаар байна.
Харин Засгийн газар тогтоолоо хэрэгжүүлэх талаар юу ч хийсэнгүй, бүр санаатайгаар зайлсхийж, энэ талаар сануулсан, хүсэлт тавьсан хэн бүхнийг доог тохуу хийсээр ирлээ.
Энэ байдлаас дүгнэвэл Засгийн газрын тогтоол нь орон гэргүй ард иргэдийн талаар Төрөөс арга хэмжээ авах гэж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж монголын ард түмнийг хууран мэхлэх, цаашлаад тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр төсвийн хөрөнгийг төсөвлөн зориулалт бусаар зарцуулах, хууль бусаар шамшигдуулах, мөнгө угаах зэрэг бохир үйл ажиллагааны сэдэл болгож байна гэж сэжиглэх ч үндэстэй билээ.
Иймээс сүүлийн гурван жилд осгож нас барсан монгол иргэдийн амь насыг Монгол улсын өнөөгийн Засгийн газрын тэргүүн танаас нэхэх ёстой гэж “Гал үндэстэн” холбоо үзэж байна.
Шуудхан хэлэхэд Архинд орсон орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, амьдрал, амь насыг нь авран хамгаалахын төлөө зүтгэж яваа “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн өндөр настан ганц эмэгтэйн дайнд ч хүрч ажиллаж чадахгүй байгаа танай Засгийн газарт:
- Энэ оны 3 дугаар сард багтаан 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг,
- Эс чадвал, сайн дураараа огцорч, ажил хийж чадах, монгол түмнийхээ төлөө зүтгэх хүмүүст зайгаа тавьж өгөхийг шаардаж байна.
Шаардлагыг эс хэрэгсвэл танай засгийн газрыг Монгол хүний амь амьдралыг үгүй хийх бодлого хэрэгжүүлж байна гэж үзэж тэмцлийн дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Шаардлага хүргүүлсэн:
“УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР НЭГДСЭН БҮЛХЭМҮҮДИЙН “ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ
МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОХИРОГЧДЫН
НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.ЭНХБАЯР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Г.МӨНХБАЯР ТАНАА
Шаардлага
Орон гэргүй тэнэмэл иргэдэд зориулсан хонох байр бий болгох, хооллож байх тухай Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны 25 дугаар тогтоол гарснаас хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзлээ.
Энэ хугацаанд Нийслэл Улаанбаатар хотод гадаадын иргэдэд зориулсан олон давхар зочид буудал, орон сууцууд баригдаж, гадаадын аялагч жуулчин нэртэй олз хайсан хэрмэл этгээдүүд энд тэнд эзгүй сул байр байшинг бишгүй эзэмшин монголоос хулгайгаар гаргах мах түүхий эдийн агуулах, боловсруулах анхан шатны үйлдвэр, өөрсдөө олноор бүгэж суурьших оромж байр болгон ашиглаж байхад орон гэргүй монгол иргэд өвлийн хүйтэнд хоногтоо арваадаар осгож нас барцгаасаар байна.
Энэ бүхэн хотын дарга таны сэтгэлийг зовоосонгүй гэж үү!
Уг нь Засгийн газрын тогтоол гараагүй ч байсан орон гэргүй иргэдийн амь насыг хамгаалах нь таны үүрэг билээ. Гэтэл та тогтоолыг хэрэгжүүлэх нь байтугай санаатайгаар зайлсхийж ирлээ. Ажлаа мэддэггүй, хийдэггүй хотын дарга таны гайгаар орон гэргүй иргэд осгож хорвоог орхиод зогсохгүй, хоноглох оромжоор хангаагүйн зүй ёсны үр дагавар болсон траншейний таггүй онгорхой нүх худаг газар сайгүй бий болж, түүнд унаж бэртэх, амь насаа алдах явдал ч цөөн биш гарсан.
Энэ байдлаас дүгнэвэл Засгийн газрын тогтоолыг ард түмнийг хууран мэхлэх, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, хууль бусаар шамшигдуулах, мөнгө угаах зэрэг бохир үйл ажиллагааны хэрэгсэл болгон ашиглахад хотын удирдлагын үйл ажиллагаа чиглэж байна уу гэсэн хардлагыг ч төрүүлж болохоор байна.
Иймээс сүүлийн гурван жилд осгож нас барсан монгол иргэдийн амь настай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч таны ажлыг холбож хариуцлага тооцох ёстой гэж “Гал үндэстэн” холбоо үзэж байна.
Шуудхан хэлэхэд Архинд орсон орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, амьдрал, амь насыг нь авран хамгаалахын төлөө зүтгэж яваа “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн өндөр настан ганц эмэгтэйн дайнд ч хүрч ажиллаж чадахгүй байгаа Нийслэлийн засаг дарга танд:
- Энэ оны 3 дугаар сард багтаан 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг,
- Эс чадвал, сайн дураараа огцорч, чадах хүнд нь зайгаа тавьж өгөхийг шаардаж байна.
Шаардлагыг эс хэрэгсвэл тэмцлийн дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.
Шаардлага хүргүүлсэн:
“УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР НЭГДСЭН БҮЛХЭМҮҮДИЙН “ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ
МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОХИРОГЧДЫН
НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.ЭНХБАЯР
URL: