“330 мянгыг олгоход 70-90 тэрбум төгрөг хэрэгтэй”

Хүний хөгжил сангийн мөнгөний үлдэгдлийг хэзээ өгөх, тус санд мөнгө байгаа эсэх нь эргэлзээ дагуулсан асуудал болоод байна. Энэ талаар Сангийн сайд гаас Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчид тодруулсан юм.

Тэрбээр “Хүний хөгжлийн мөнгөний үлдсэн хэсгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоход хүндрэлтэй зарим асуудал бий. Гэхдээ энэ нь өнөөдрийн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлэх хэмжээний асуудал биш. Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг олгосон. Цаашдаа үлдсэн үлдэгдлийг олгоход ойролцоогоор 70-90 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг Сангийн яам, Татварын ерөнхий газар, холбогдох газруудад байгаа. Энэ хөрөнгийн асуудлыг бид өдөр бүхэн шахаж шаардаж байна. Хөрөнгийг төвлөрүүлэх ёстой. Энэ мөнгийг энэ ондоо багтааж ямар ч гэсэн Монгол Улсын иргэддээ батлагдсан төсвийн хүрээнд багтааж олгох ёстой.

Хөдөлмөр, халамжийн газраас мэдээлэл авсан. Тэгэхэд 21 мянган төгрөгийн төлөвлөсөн хөрөнгө бол дууссан байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, орон нутгуудад Монгол Улсын төсөвт ийм хэмжээний хөрөнгийг энэ жил зарцуулна гэдгийг заасан. Тэр хөрөнгө дууссан байгаа. Тиймээс цаанаа тооцоо судалгааны ямар зөрүү гарав гэдгийг бид тооцож учрыг нь олох учиртай. Хаана ямар алдаа гарав. Эсвэл яагаад дутуу тооцож олгов гэдгийг тооцож үзэж байгаад энэ мөнгийг ямар боловч нөхөж олгоно гэж үзэж байгаа” гэлээ.

Орон сууцны зээлд нэг сая төгрөгөө шилжүүлэхээр гарын үсэг зурсан иргэдийн мөнгө Орон сууцны корпорацид шилжинэ гэсэн ч тэр үйл ажиллагаа болоогүй байгаа нь ямар учиртайг тодруулсан сэтгүүлчийн асуултад сайд хариулахдаа “Мөнгийг шилжүүлнэ гээд тэр мөнгийг шууд дураар нь аваачаад шилжүүлчихнэ гэсэн зүйл байхгүй.

Иргэн хүн хэрэв орон сууцны зээлийн гэрээтэй байгаад тэр хөрөнгөө шилжүүлнэ гэсэн асуудал ярих юм бол тодорхой гэрээ, хэлцэл хийж байж хаанаас яаж шилжүүлэх вэ гэсэн журам, дүрмийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаалах Тавантолгойн хувьцааг худалдаж байгаа. Эхний ээлжинд 1,8 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж иргэдэд нэг сая төгрөгийг нь олгоод байгаа.

Яг өнөөдөр авсан мэдээллээр бол долдугаар сарын 19-ний байдлаар 19,5 тэрбум төгрөг дансандаа байгаа юм билээ. Тусгай дүрэм журам гаргаж байж энэ мөнгийг цаашдаа орон сууцны зээлд өгөх үү, иргэдийн нэг сая төгрөгийн хувьцааг мөнгөжүүлэх үү гэдгийг дараа дараагийн Засгийн газар шийдвэрлэх ёстой байх гэж үзэж байгаа” гэв.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих