Д.Сүрэнхор адуу, Б.Чимэдцэрэн номын сан “манаж” байна
“Хадгаламж” банкны нягтлан 13.5 тэрбум төгрөг завшиж, Онцгой байдлын дарга нар нөөцийн хөрөнгөндөө гар дүрж, найман настай охиныг хүчирхийлж хөнөөчихөөд цүнхэнд чихэн зах дээр хаясан. Эх орноо манаж байсан хилчид дарга нараа хөнөөж мөр зэрэгцэн эх орныхоо төлөө зүтгэж байсан бусдыгаа барьцаалсан, банкууд олноороо дампуурч өчнөөн хүний хөрөнгө салхи хийссэн гээд өнгөрсөн хийгээд түүний өмнөх онуудад олныг сэрдхийлгэсэн аймшигт хэрэг олон гарсан билээ. Өдгөө эл аймшигт хэргүүдийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж басхүү гэмт этгээдүүд үйлдсэн хэргийнхээ ялыг эдлэж байна. Нэгэн үе дуулианы эзэн болж, олны анхаарлыг татаж байсан хүмүүс өдгөө хаана юу хийж байна вэ гэдгийг эрэн сурвалжиллаа.
Ажилчдынхаа цалингаас 91 сая төгрөг залилж Австри руу оргон зайлсан эрхэм
Д.Сүрэнхор гэх нөхөр хэдхэн жилийн өмнөөс л олны анхаарлын төвд орж, гэмт хэргийн ертөнцийн дуулиан болж эхэлсэн билээ. Түүний үйлдсэн хэрэг нь тэрбээр Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга гээч хариуцлагатай албыг хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилчдынхаа цалингаас 91 сая төгрөгийг завшсан юм. Хамгийн ноцтой нь тэрбээр эл хэргийг үйлдсэн даруйдаа Австри руу оргон зайлсан бөгөөд олон улс даяар эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн оны хавар эх оронд нь авчирсан билээ. Өнөөдөр тэрбээр Тахир соёотын жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаа ба шүүх түүнд дөрвөн жил хорих ял оноосон. Одоо тэрбээр тус хорих ангийн адууг маллах ажилтай болсон байна.
“Хадгаламж” банкны Б.Чимэдцэрэн номын санч хийдэг
“Хадгаламж” банкны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус банкнаас 13.5 тэрбум төгрөг завшсан Ц.Чимэдцэрэнд Чингэлтэй дүүргийн шүүхээс арван жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг 2008 онд гаргаса билээ . Гэхдээ Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор түүний эдлэх ёстой ялаас хоёр жил хасагдсан ба мөн ял эдлэх хугацаандаа сайн хүмүүжсэн гэсэн үндэслэлээр өнгөрсөн долдугаар сард дэглэмийг нь бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн. Ингэснээр Ц.Чимэдцэрэн таван жилийн хорих ял эдлэх үлдээд байгаа юм. Өдгөө Ц.Чимэдцэрэн нь Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд номын санч хийдэг ажээ.
Өдрийн шуудан
URL: