“Алтан дорнод Монгол”-ын албан тушаалтныг цагдан хорьжээ
Өнгөрсөн долоо хоногт Орхон голыг бохирдуулсан хэрэгт холбогдуулж “Алтан дорнод Монгол” компанийн орчуулагч, үйл ажиллагаа хариуцсан менежерийн албан тушаал давхар хашдаг Товуудоржийн Чинбат гэгчийг цагдан хорьжээ.
Гэвч түүнийг баривчилсны дараа хууль хяналтын байгууллагынханд сэжигтэн, яллагдагчийг батлан даалтад сулла гэсэн дарамт улстөрчдийн зүгээс ирээд байгаа гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, алтны өндөр агууламжтай газар зааж өгнө гэж хэд хэдэн компанийн удирдлагыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан хэргээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолыг прокурорын байгууллагаас гаргажээ.
Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байсан учраас шүүгчийн шийдвэрээр саатуулсан аж. Уг нь энэ хэрэгт холбогдуулж 50 орчим компанийн 60-аад хүнийг сэжигтнээр татсан юм. Гэхдээ нэг ч хүнийг хорьж саатуулаагүй байсан билээ.
Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамаарч ашигт малтмал олборлох, хайгуул хийх эрхгүй болсон. Учир нь Орхон голын дээд эхийг бүрдүүлдэг Монгол орны усны гурван их хагалбарын нэг болох Суварга хайрхан уул, түүний салбар уулсын жагсаалтад орсонтой холбоотой.
Түүнчлэн Суварга хайрхан уулын өврөөр урсдаг хэд хэдэн гол байдаг бөгөөд дээрх компаниуд эдгээр голын усыг ашиглаж алт олборлодог бөгөөд тэд усны далан хаалтаа чанаргүй, муу барьснаас далан сэтэрч бохирдсон ус Орхон голд цутгагдаж байсан аж.
УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад прокурор хэргийг татаж хянаад зөвхөн “Алтан дорнод Монгол” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон түүхтэй.
Түүнээс гадна уг хэрэгт холбогдуулж Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байна.
Ямартай ч МХЕГ-аас Орхон голын бохирдлын асуудлаар шинжээчид томлигдон тавдугаар сард газар дээр нь очиж ажилсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ гаргажээ. Дүгнэлтэд дурдсанаар 250 тэрбум төгрөгийн хохирол байгаль экологид учирсан аж.
URL: