Газраа байраар солих уу, бэлэн мөнгөөр худалдах уу гэдгээ иргэд сонгох эрхтэй
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар өчигдөр нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд шинээр баригдах Сүхбаатар дүүргийн VII хорооллын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэхүү шинэ орон сууцны хороолол нь Сүхбаатар дүүргийн IX-XII хорооны нутаг дэвсгэрийн 210 га газарт сүндэрлэх бөгөөд нийтдээ 46 мянган хүн ажиллаж амьдарна гэж тусгажээ. Тодруулбал, Зуун айл, Баянбүрд, Их тойруугийн орчмын гэр хорооллын айлууд багтаж байгаа юм байна. Энэ хотхонд орон сууцнууд сүндэрлэхээс гадна Засаг захиргаа, худалдаа бизнесийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн баригдахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдсан байна.
Сүхбаатар дүүргийн IX-XII хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа айл өрх, албан байгууллагуудын газрыг таван үе шаттайгаар чөлөөлөх юм байна. Энэ онд 50 га талбай буюу 854 аж ахуйн нэгж, айл өрхийн газрыг чөлөөлнө хэмээн Хотын дарга Г.Мөнхбаяр танилцууллаа. Энэхүү орон сууцны шинэ хорооллыг барих ажил хот дээр төвлөрч Улаанбаатар хотын Захирагч энэхүү төслийг зангидаж ажиллах юм байна. Мөн Сангийн яам, ЗТБХБ яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтарна гэдгийг тодотгов. Энэ онд ерөнхийдөө газар чөлөөлөх ажил хийгдэхээс гадна цэвэр, бохир усны шугам, цахилгааны кабелийн шугам гээд дэд бүтцийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Шугам сүлжээ, дэд бүтэц баригдах газарт одоо 512 айл, албан байгууллага байгаа бөгөөд газар чөлөөлөх ажил нь явагдаж байгаа аж.
Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид төслийн зохицуулагч, газар чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулж айл өрх, албан байгууллагуудтай нэг бүрчлэн тулж ажиллахаар болсон гэнэ.
Г.Мөнхбаяр сэтгүүлчдийн асуултад “Гэр хорооллын барилгажилт төслийн баг эхний удаад газар чөлөөлөх ажлыг гардаж хийнэ. Төслийн багийг хотын дарга миний бие зангидна. НИТХ-ын зургадугаар хурлаас баталж өгсөн 20 тэрбум төгрөгөөр эхний шатны ажил эхэлж байна. Газраа чөлөөлөх айлуудаас газраа байраар солих уу, бэлэн мөнгө авах уу гэдгийг нь асууна. Энэ нь газар эдийн засгийн эргэлтэд орж байна гэсэн үг. Энэ ажил хотыг утаанаас салгах хамгийн том арга зам” гэв.
Х.Цэнд
эх сурвалж: “Өдрийн сонин”
URL: