Ус түгээх цэгүүд стандартын шаардлагад нийцдэг үү

Нийслэл хотын хүн амын тэн хагасаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнтэй холбоотойгоор ундны ус, цэвэр усны нөөцийн асуудал байнга яригддаг.

Цэвэр усны шугамд хол­богдсон, гэр хороолол тун ховор. Ус сувгийн удир­дах газраас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд зөөврийн усны 61 машин ажиллуулдаг. Нэг машинд 4-5 худаг ноогддог гэсэн үг. Тухайлбал, нэг хороонд байршил, усны хэрэгцээнээс шалтгаалан дунджаар таван худагт ус түгээдэг. Гэхдээ энэ нь хүрэлцээтэй тоо биш аж.

Сонгинохайрхан дүүр­гийн 23 дугаар хороонд зөөврийн устай долоон худаг байдаг. Худаг долоо хоногийн хоёр өдөр амарч бусад өдрүүдэд 10:00-20:00 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг. Өдөрт 7.5 тонн ус борлуулах нормтой.

Мөн энд гүний буюу, хувь хүмүүсийн гаргасан худаг ус түгээж байгаа юм. Харин тарифын хувьд УСУГ-аас нэг литр ус нэг төгрөг гэж заасныг хувь худагтай иргэд дагаж мөрддөггүй. Яагаад гэвэл тэд хувиараа бизнес эрхлэгчид учраас хоёр төгрөгөөр борлуулдаг. Гэхдээ гүний худгийн усны эрүүл ахуйн шаардлагад иргэд сэтгэл дундуур байна. Жишээ нь, 23 дугаар хороо орчимд байрлах гүний худгийн ус булингар ихтэй, арьс хуурайшуулдаг, усны савны дотор талыг цайруулдаг гэнэ. Иргэд гүний худгийн усыг ихэнх­дээ ахуйн хэрэгцээнд хэрэглэж, ундны усаа зөөв­рийн худгаас авдаг нь чирэгдэл үүсгэдэг ажээ.

23 дугаар хорооны иргэн Д.Бямбасүрэн гүний худаг гарган, сүүлийн гурван жил иргэдэд үйлчилж байгаа ажээ.


Сүүлийн гурван жил энэ уснаас хэрэглэж байна шүү дээ

-Түүнээс худгийн ус нэлээд цай­ралттай байдаг гэж иргэд ярьж байна. Энэ юунаас болдог бол. Шалтгааныг нь тогтоосон уу гэж асуухад?

-“Мэргэжлийн хяналтын байгууллага улиралд нэг удаа усанд тогтмол шинжилгээ авдаг. Энэ дүнгээр ариун цэвэр болон, хоол хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг зүйлгүй гэж гардаг. Бужигнасан цагаан зүйл байдаг нь байгалийн өөрийнх нь эрдэс бодис гэсэн. Хүний биед нөлөөлөлгүй. Манайх сүүлийн гурван жил энэ уснаас хэрэглэж байна шүү дээ. Хэрвээ эрүүл ахуйд нийцэхгүй байсан бол зөвшөөрөл өгөхгүй байх байсан”гэсэн юм.

Харин энэ худгаар үйлч­лүүлэгч, оршин суугч Б.Нараа өөр бодолтой байлаа. Тэрбээр “Зөөврийн худгийн усыг хэрэглэхэд зүгээр байдаг. Ганц энэ худаг ч биш энэ орчмын гүний худгийн ус шохойжилт ихтэй гэж боддог юм. Савны дотор талыг цайруулан шохойжуулж байгаатай адил хүний доторт ч муу байх.

Хэдийгээр шинжил­гээний дүн нь эерэг ч миний хувьд зөвхөн ахуйн хэрэгцээнд энэ усыг хэрэг­лэдэг” гэлээ.

Зөөврийн худгаас усаа зөөх иргэд энэ хороонд цөөн байв. Усны машин тэр бүр яваад байхгүй. Булингар, цайралт ихтэй байгалийн эрдэстэй гүний худгийн усаа хэрэглэхгүй гэвэл өөр сонголтгүй бололтой. Учир нь зөөврийн худаг хол бо­лохоор иргэд усаа зөөхөд хүрдэг аж.

Хот суурин газарт ундны ус түгээх байрны стандарт гэж байдаг. Үүнийг ус түгээдэг ямар ч байгууллага дагаж мөрдөх учиртай. Тухайлбал, ус түгээх бай­гууламж буюу худгийн ус нөөцлөх савны эрүүл ахуй, ариун цэвэрт онцгой анхаарах шаардлагатай.

2006 оноос Ус сувгийн удирдах газрын харьяанд байгаа нийт зөөврийн худ­гийн нөөцийн савыг шинэчлэн, орчин үеийн стандарт бүхий хуванцар саваар сольж эхэлсэн байна. Цэвэрлэгээ, халдвар­гүй­жүүлэлтийг зориулал­тын машин ашиглан нэгдсэн журмаар хийдэг аж.

Зөөврийн усны байранд тавигдах шаардлагуудаас дурдвал:

-Үйлчилгээнд тавигдах шаардлагын хувьд үйл ажиллагаа эрхлэх бай­гуул­лага, аж ахуйн нэгж, ир­гэн нь холбогдох зөв­шөөр­лийг зайлшгүй авсан байх ёстой.

-Мөн ус түгээгч нь ажлын хувцас, энгэрийн тэмдэгтэй, цаг, хяналтын толь, гарын угаалтуур, ширээ сандал, ариутгалын бодистой, шал­баагнаас хамгаалах арга хэмжээг авах бэлтгэл хан­гасан шаардлагатай байдаг.

-Ундны ус түгээх хоолойг бохирдлоос хамгаалж, газ­раас 80 см-ээс дээш өндөрт өлгөх хэрэгтэй.

-Стандартад нийцсэн усны нөөцийн сав нь ариут­галын бодистой урвалд орох, элдэв амт, үнэр оруул­даггүй, цэвэрлэх боломж­той, зэвэрдэггүй дотор­ло­гоотой, ёроолд үлдсэн усыг юүлэх цорготой байх шаардлагатай.

-Үйлчилгээний газрын бохир усны цооног, бие засах газрыг ус тү­гээх байрнаас 20 метр, го­лын эргээс 200-250 метр зайд салхины доод талд байрлуулна.

-Ус түгээх цэгт өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, хамгаалалтын бүс дотор хашаа, барилга байгууламж барих, айл буух, хатуу шин­гэн хог хаягдлаар бохир­дуулахыг хориглодог байна

-Өвлийн улиралд ха­лаалтын системийг зайлш­­гүй хийж өгсөн байх шаард­лагатай.

Нийслэлийн хэмжээнд нийтдээ 310 гаруй зөөврийн худаг ашиглагдаж, энэхүү стандартын дагаж мөрддөг байна. Харин иргэд өөрс­дийн гаргасан худаг стан­дартад нийцэж байгаа эсэхийг мэр­гэжлийн бай­гууллага тогтоох ёстой.

Нийслэлийн томоо­хон дүүргийн нэг Сонгино­хайр­ханы хүн ам ихтэй 23 дугаар хороонд гэхэд стандартын шаардлага хан­гасан ус тү­гээх цэг хуруу дарам цөөн байсан юм. Хүний хамгийн чухал хэрэгцээний нэг усны асууд­лыг стандартын дагуу шийддэг, хяналт тавьж, анхаардаг байхыг холбогдох байгууллагуудад са­нуулахад илүүдэхгүй биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих