“Тэнэг хүн тэхий дундуур нь “

“Өөрөө бүү сана, санасан хүний үгэнд бүү ор” хэмээн Тангадууд хараадаг гэх-

“Ард түмэн ухаантай тул зүсэн зүйлийн элдэв залилан мэхлэгчид, хог новш шааруудыг илчлээд үлдэн хөөх болно”, “Та нар намайг устгавч, бусдыг нь устгалаа ч гэсэн ард түмнийг яаж ч чадахгүй. Ард түмэн ямагт ялах болно…” гэх мэт үгс та бүхэнд их л танил сонсогдож байгаа биз. “Ард түмэн шаардаж байна, шаардаж байна…” хэмээн амнаасаа хөөс цахруулан хашгичих, нударгаа зангидан заналхийлэх дүрсийг та бид зурагтын дэлгэцнээс бишгүй л нэг харах болсоон. Тэгвэл сүүлийн үед Арабын ертөнцөд “улс төрийн цунами” үүссэнээр хэд хэдэн дарангуйлагч түлхэгдэн унасан төдийгүй ардчилсан сонгууль болж, Египетийн ард түмэн л гэхэд шинээр Ерөнхийлөгчөө сонгож орхив. Ийнхүү Арабын ертөнцөд тогтнож байсан тогтвортой байдал үр мөргүй алга болсноор энэ бүс нутаг дараачийн 10-20 жилд хамгийн их үймээн шуугиан дэгдээсэн голомт болон хувирах төлөвтэй байна.
Энэ үгийг яагаад хэлж байна вэ гэвэл “Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэсэн хөдөлшгүй үнэн байдаг ажгуу.
Ингэхэд Монголын ард түмэн хэр зэрэг ухаалаг, гэгээлэг шударга зон олон бэ? Сонгуулиас сонгуульд дандаа хэн гээч бэлэгл сэлт тараасанд нь, юу гэж сэтгэл хөдлөм худлаа амласанд нь саналаа өгч ирснээс харвал монголчууд тийм ч гэгээлэг бус харин ч хамгийн их авлигач ард түмэн бололтой.
Үүнийг батлах түүхийн иш баримтууд ч лавтайяа олдоно. Дундад эртний үед бараг л дэлхийн төв болж асан Монголд, тухайлбал нийслэл Хар Хорумыг хараат вассал улс орнуудаас нь зорин ирж байсан элч төлөөлөгчид энэ тухай анх ам алдсан байдаг. Тив алгасан шахам алсаас зорин ирж буй тэдгээр хаад, ноёд, эмир, вангуудыг зам зуурт нь таарч тохиолдсон Монголын ноёд жанжид ямагт саатуулан “дарамталж” заавал бэлэг сэлт авч рэкетлэн байж цааш нь нэг юм нэвтрүүлдэг байсан гэдэг. Дээр нь “нүүдэлчид ерөөсөө өөрсдөө хийж бүтээхгүй байж өнгөтний сайхныг өмсөж, эдийн сайхныг эдлэх дуртай, гоёж гоодоход ихээхэн анхаардаг” гэсэншүү үгстэй хаа нэгтэй таарч л байлаа.
Ернь номын биш амьдралын хар ухаан гэж нэг айхтар зүйл байдаг даа. Мэдээж хэрэг тэр цаг үеийнхээ л феодлын ч байна уу хууль ёс, жаяг жудгаар л амьдарч ирсэн зон олон маань амьдралын хэд хэдэн зүй тогтлыг олж харан илрүүлээд түүнийгээ хэрхэн “тунхагласан” байдгийг монгол ардын зүйр цэцэн үгсээс харцгаая л даа.
“ТЭНЭГ ХҮН ТЭХИЙ ДУНДУУР НЬ”. Тэмцэлдэгч хоёр болоод бусад талуудын аль алиных нь ч талд оролгүйгээр, тэр хоёрын болон тэдний хэн хэнийх нь алдаатай саар талыг нь шүүмжилдэг голгүй шударга хүнээ монголчууд бид ийнхүү даапаалан “өргөмжилдөг” өө. “Уул шугамандаа” бол эсвэл Сүжигт гүний талыг, эсвэл Дархан чин вангийн талыг барьж, түүнийхээ төлөө “нохойд барьдаг мод” мэт зүтгэх ёстой байсан гэнэ. Хэн тэгэж чадсаных нь алс ирээдүй нь баараггүй баталгаатай болж, зам мөр нь тэгшрэх ажгуу. Иймээс хэн дээдэстээ тал засаж зуйрганасан нь өндөр авдаг, харин чадаагүй нь тээршаагдан доошоо ордгийг л ард олон олж илрүүлчихээд “Үүнээс хойш, түүнээс цааш ингэж л /долигонож/ яваарай” хэмээн үр хүүхдүүддээ үлдээсэн захиас юм уу даа. Чааваас.

 
Үүний орчин үеийн илрэл нь эсвэл эрх баригч нам, эсвэл сөрөг хүчний талыг тууштай барих явдал болж. Ингээд “Хааны алба халаатай” тул сөрөг хүчин сонгуулийн буянаар төрийн эрхэнд гарах цагт нөгөө “үнэнч фэнүүдээ” харж үзэх нь ойлгомжтой. Мэдээж тэд нар албан тушаал, одон медаль, шагнал урамшуулал, элдэв хөнгөлөлтөд хамрагдах нь баараггүй. Үүнээс үүдэн “Монголын төрд учиргүй үнэнч шударгаар зүтгээд байхын ч хэрэг гэж алга юм байна дөө” гэсэн гутранги үзэл нийгэм даяар тархана. Тэгээд ч дараа дараачийн үйл явдал үүнийг улам нутлах тул хэн хүнгүй хоёр нүүр гаргагчид болон хувирах их кампанит хөдөлгөөн чимээгүйхэн эхэлнэ. Томоохон ч гэлтгүй бизнесмэнүүд л гэхэд сөргөлдөгч хоёр намд аль алинд нь хандив нэрээр хахууль өргөн барина. Дараах 4 жилдээ “айдаггүйгээ авдартаа хийж” буй нь тэр. Харин төлдөг татвараа өгөөд л явж буй хэсэг нь элдэв тэндэр мэндэрээс хоцрох нь зайлбаргүй хэрэг болноо доо.

 
Гэтэл голлох хоёр намыг ерөөсөө дэмжээ ч үгүй, эхнээс нь ч ойлгож ойшоогоогүй жирийн ард олон, төрийн алба хаагчид үүнд нь хэрчигдэж дуусах ёндоотой аж. Нэгэн харамсалтай жишээ санаанд орж буйг өгүүлэхэд насаараа боловсролын байгууллагад, тухайлбал тэр үеийнхээ Боловсролын яаманд өндөр алба хашиж явсан нэгэн сэхээтэн Боловсролын сайдын албан тушаалд бусадтай хамт нэр дэвшсэн ч УИХ-ын танхимаас дэмжлэг авалгүй унаж байсныг сайн санаж байна. Гэтэл улс төрийнхөний хүрээн дэх танил талынхаа хүч дэмжлэгээр тухайн салбарыг огт мэдэхгүй нэг товариш “сарааз майор” гэдэг шиг сайдын сэнтийд сууж байж орхидог байгаа. Үүнд гутарсан тэрхүү сэхээтэн ажлаа шууд өгөөд өөр нэгэн намд кариер хийхээр элссэн дээ. Даанч тэр нь олигтой ч юм болоогүй байх, ингэснээр шинэхэн цагийн өвөрмөц “сэхээтний төөрөгдөл” болоод дууссан байх дөө. Үнэхээр харамсалтай.
“НОЁНТОЙ ӨСТЭЙ ХҮН ХОНГОГҮЙ, НОХОЙТОЙ ӨСТЭЙ ХҮН ХОРМОЙГҮЙ”.

 

Шударга бус бүхэнтэй эрслэн тэмцэгч нараа  дооглон тохуурхсан ч юм шиг, бусдад “үлгэрлэсэн” ч юм шиг ийм үг бас байх юм аа. Гэтэл “Ард түмээн ийм бузар булайтай эцсээ хүртэл тэмцэе, тэмцэх хэрэгтэй дээ” гэсэншүү ухааны үгийг би лав хайгаад олдохгүй  юм шиг ээ. Зүгээр л санаад орж байгаагаас хэлэхэд эртний Грекийн Спарт хэмээх хот улсынхан /полис/ товч бөгөөд тодорхой ярьдгаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, хүүгээ аян дайнд үдэн явуулахдаа ээж нь “БАМБАЙТАЙГАА БУЮУ БАМБАЙ ДЭЭРЭЭ” л гэсэн дөрөвхөн үг хэлдэг байсан гэнэм. Энэ нь “тулааны талбар дээр нэр төртэйгээр үх, эсвэл ялалт байгуулаад олз омогтой эргэн ирээрэй” л гэсэн захиас гэнэм.
Дээрх үгсээс л харахад хувьсгалаас өмнөх үеийн Монголд ангийн тэмцэл мэмцэл гэхээр зүйл огт байсангүй, харин ердөө л хувь хүмүүс хоорондын, хэн нэгэн ван ноён, харц ардын л сөргөлдөөн, үл ойлголцол төдийнхнөөс хэтэрдэггүй байсан бололтой гэсэншүү дүгнэлт хийж болмоор ч юм шиг.
“АМ ИХТ АНГАЙХАД БУЯН ИХТ БУЛААНА”.

За бас нэг ийм сонирхолтой үг байх юм аа. Харин ч өмч хөрөнгийг нэг их шүтдэггүй, тухайлбал арилжаа наймаа гэгчийг бараг хамгийн адгийн ажил үйл хэмээн үл ойшоодог, жигшдэг байсан “хоцрогдмол” феодлын Монголд бус харин ч өнөө цагийн зах зээлийн хэмээх хатуу цөвүүн цаг үед л яг тохирох үг санагддаг. Үүний хамгийн тод илрэл нь мэдээж өмч хувьчлал, “цэнхэр, ягаан тасалбар” буй за. Тэр муу “ам ихт” нь мэдээж ард түмэн, тэгэхээр “буян ихт” нь хэн болох нь ойлгомжтой байх аа. Дээрх үг маш харгис санагддаг бөгөөд элдэв бусчираар, шударгуу бусаар хөрөнгөжин дэгжихийг зөвтгөсөн, харин шударга гүндүүгүй хүмүүс ямагт хохирч явах үйлтэй хэмээн тавласан мэт. Харамсалтай нь ийм ёсон үеийн үед л байсаар ирсэн бололтой. Нөгөө нийгмийн шударга ёс мос гээд уухайлаад явдаг улс маань харин ч энд дарцаг болоод л хийсэж явдаг шиг байгаа юм.
“УРТ ДЭЭЛ ХӨЛ ОРООНО, УРТ ХЭЛ ХҮЗҮҮ ОРООНО”.

Мэдээж улстөржүүлээд орхивол төр засгийг, тогтсон ёсыг эсэргүүцэж үл болмой л гэсэн хэрэг. Үүнийг цааш нь тайлбарлах шаардлага байхгүй л дээ, хэн ч ойлгоно.
Инкээд л “хүзүүгээ ороолгочихсон, бас дээр нь хонгогүй, тэгээд буянаа булаалгачихсан” улс чинь юу хийх билээ дээ, шалдар балдир, тогоо тойрсон хов живхэн ярьж, цуу үгэнд л дөрлүүлсээр зуун зуун жилийг өнгөрөөж ирсэн юм байгаа биз дээ. ХХ зууны хувьд гэвэл жараад онд “сэхээтний төөрөгдөл” гэдэг “алдарт” жүжгийг дэглэн тавьснаас хойш сэхээтэн гэлтгүй зон олноороо амаа үдүүлж, хандаа даруулсан бөгөөд “даравч дардайдаг” Бямбын Ринчэн нарын тоотой ганц хоёрхон хүн л үнэн хатуу үгийг эрх баригчдад хэлдэг, тэмцдэг байсан гэдэг. Мэдээж үүнийхээ төлөө асар их төлөөс хүлээсээн.
Тэр цагаас хойшхи монгол сэхээтэн гэдэг нурууг нь авсан морь шиг болж, харин чиг дээдэст долигонон бялангуучлах их хөдөлгөөнд шууранхайлан давхих болсон гэлтэй. Яг хатуу үнэнийг хэлэхэд сэхээтэн хүнийхээ эрхэм үүргийг нэр төртэй, биелүүлж, нийгэмдээ үлгэр жишээ болсон нь даан ч цөөхөн санагддаг. Оросын нэрт зохиолч Достоевскийн орос сэхээтний, тухайлбал орос инжэнэр мэргэжилтний талаар анзаарч хэлсэн нэг дүгнэлтийг энд давтмаар санагдана. Тэрбээр “Орос инжэнэр бол найр цэнгээний газарт олны анхаарлын голд баймой. Тэрбээр өөрийнхөө ээлжинд хундаганы үгийг цэцэн цэлмэгээр хэлж, хариуд нь бусдын алга ташилтыг хүлээн авна. Тэнд ч нэгэн хатагтайтай уян эвсэлтэй бүжиглэн гайхуулж, энд ч төгөлдөр хуур дараад л, бараг гоцлол дуучин мэт дуулж хуурдана. Харин герман инжэнэр бол бараг дүйнгэ гэмээр сонирхолгүй, хөгжил цэнгэлгүй нэгэн байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй ээ. Түүнийг хэн ч эс анзаармой. Харин үйлдвэрийн газарт цех тасагт аль нэгэн суурь машин эвдрээд зогсчих аваас нөгөө орос инжэнэр гуай урдуур хойгуур нь тойрч харчихаад л “Чи ингэ, чм тэг” гээд л нуруугаа үүрчихээд л зогсоод байнам. Гэтэл герман инжэнэр бол хэнд ч юу ч хэлэлгүйгээр л өөрөө суурь машины доогуур гүйхээрээ шахам орчихно. Тэгээд машинаа засч янзалчихсан хойноо л гарч ирмүй” гэсэншүү үг унагасан байдаг.
За даа тэр орос инжэнэр монгол инжэнэр хоёрын хэн нь арай илүү бол доо?
“ӨӨРӨӨ БҮҮ САНА, САНАСАН ХҮНИЙХЭЭ ҮГЭНД БҮҮ ОР”. Намайг өсгөсөн эмээ маань энэ үгийг байнга хэлдэг сэн. “Энэ бол тангадын хараал юм гэнэ лээ. Хамгийн тэнэг хүнийг хэлж байгаа юм. Тэр өөрөө ямар нэг зүйлийг огтхон ч санаачилж хийхгүй. Гэтэл хэн нэгэн хажуунаас нь “Энэ ажлыг ингээд тэгээд хийчихэе” гэх аваас ёс мэт “Өө тэр чинь ёстой бүтэхгүй, болохгүй, хориотой,…” гэх мэтээр жадлан эсэргүүцдэг нэгэн гэнэм. Тэгээд л толгойгоо салаавчлаад хэвтээд байна даа….” гэдэг сэн.
Ер нь сэхээтэн гэдэг нийгмийнхээ шинэчлэл, дэвшлийн түүчээ нь байх учиртай гэдэгтэй хэн ч маргахгүй буй за. Гэтэл өдгөө нийгмийн ухааны гэсэн элдэв мэргэжил шүтэгчид, гадаад хэлний мэрэгжилтнүүд, орчуулагчид, хуульч, сэтгүүлч мэргэжлийг голчлон залуу үе маань сонгож, харин нийгмийн материаллаг баялагийг бүтээгчид тэднээс цөөдсөөр байгаа. Дээр нь сэхээтнүүд маань улстөржилтөөр амьсгалж, элдвээр цэцэрхэн мэдэмхийрэх нь хэрээс хэтэрсэн гэж дүгнэж болмоор. Энд олон таван тайлбар хэлэхийг илүүц хэмээн үзээд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауэрийн хэлсэн үгээр энэхүү бичлэгээ өндөрлүүлэе. Тэрбээр “Сэхээтэн гэж өөрийнхөө мэдэж буйгаасаа илүү ихийг мэддэг гэж бодож явдаг хүнийг хэлдэг ээ” хэмээсэн байдаг.
    С.Энх-Амар

Эх сурвалж: МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих