Ичдэггүй лоолой

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Баянхонгор аймгаас нэр дэвшсэн боловч УИХ-д сонгогдоогүй лай ланчигаа сэтгүүлч эмэгтэйд тохож явна.

Нарийн зүйлийг тодруулбал: “Баянхонгор таймс” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Д.Батдамбын “Ичдэггүй лоолой” нийтлэлээс болж тэрээр УИХ-д сонгогдож чадаагүй гэнэ. Тэрээр сэтгүүлчийн нийтлэлд хорссондоо түүнийг удаа дараа бие төлөөлөгчөөрөө айлгаж, хүчээр далайлгаж байсан бөгөөд шүүхэд зарга мэдүүлэн 30 сая төгрөг нэхэмжлээд байгаа гэнэ. Анхан шатны шүүх сэтгүүлчийг буруугүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч тэрээр давж заалдан, “Баянхонгор таймс” сонин болон сэтгүүлч Д.Батдамбаас олон арван сая төгрөг нэхэмжилсээр байгаа гэнэ. Тун саяхан “Улс төрийн тойм” сонины сэтгүүлчийг баривчилж хорьсон мэдээ цацагдаад намжаагүй байхад төрийн түшээдийн сэтгүүлчидийн хэвлэн нийтлэх эрхэнд халдаж байгаа ээлжит тохиолдолил боллоо.

“Баянхонгор таймс” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Д.Батдамбын “Ичдэггүй лоолой” нийтлэлийг бүрэн эхээр уншигч танд хүргэж байна.

Монгол Улсын эдийн засаг өслөө, Хонгор нутаг хөгжлөө гэж мөн ч олон жил ярьж байна. Тэгтлээ өссөн, хөгжсөн зүйл, эгэл олон түмэнд наалдсан ач тус, буян хишиг одоогоор мэдрэгдсэн юм алга. Нөгөө Цагаан цахир, Бөмбөгөрийн нутаг алтанд донтогсдын хөлд ширвэгдэж, Монголын түүхэнд бичигдсэн Заг, Байдраг, Шар-Ус, Өлзийт, Түйн голуудын амин судас тасарч байна. Баянхонгорын ард түмнийг төрд төлөөлдөг нэг нөхөр харин өөртөө баахан л сэтэр зүүсэн, хариуцлагын эзэн атлаа тоосон зүйлгүй ирэх он жилүүдэд яавал зөөлөн сэнтийд суучихав гэж сэрүүн зүүдэлж явна. Нийслэлд дунд сургууль дүүргэж, хойт хөршид улс, ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн энэ залууг манай нутгийнхан итгэлийн дээд, сэтгэлийн ариунаар угтаж байсан үе бий. Банк санхүүгийн салбарт үр дүнтэй ажиллаж эхэлсэн түрүү нийгмийн даргын хүү харин сүүлийн үед нэрээ хугалж эхлэв. Хугарсан нэр ахин “бороолдоггүй” л гэдэг дээ.

Намдаа тэр идэр залуухан, идэвхи зүтгэлтэйнх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, “Алтан сарнай” улс төрийн бүлэглэлийн залуусыг удирдаж явав. Тэр одоо намтрынхаа нэгээхэн тод энэ хэсгийг яасхийж баллуурдах билээ гэж зовж явна. Ямартай ч УИХ-ын гишүүний цахим танилцуулгад нь энэ тухай ганц ч үг өгүүлбэр харагдахгүй байна лээ. “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны Т-тэй үй зайгүй дотно байснаа хэрэг үйлдсэнийх нь дараа огт таньдаггүй байсан мэт дүр эсгýх болсны жишээ бол энэ. Уг нь хүний чанар жаргах, зовох алинд ч танигддаг юм гэсэн. Түүний удирдаж явсан МАСЗХ хэмээх энэ байгууллагыг “Монголын авилгач, сагсуу залуучуудын холбоо” гэх болсны учир нь тухайн үед удирдагчаар ажиллаж байсных нь гашуун дурсамж гэлтэй.

Залуугаараа цулайж эхэлсэн түүнийг манай орны санхүү, банкны салбарын “шилдэг” мэргэжилтний нэг гэлцдэг. Тэрбээр худалдааны коллежид судлаач, зээлийн коллежид багш, эрдэм шинжилгээний ажилтан, аж ахуйн банкинд эдийн засагч, бүтцийн өөрчлөлтийн менежер, валютын хэлтсийн захирал, зээл мөнгөний бодлогын газрын захирал, Монголоороо овоглосон банкны сургалтын төвийн менежер, хөдөө нутгийн аж ахуйн банк дахь бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн багийн гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан. Мөнгө санхүүгийн ертөнцийн шатаар тэр маш хурдтай өгссөн. Тэр хэрээрээ ч улс төрд хөл дээрээ хурдан тэнцэж, алуурчин авилгач намынхаа ахмад лидерүүдтэй өрсөлдөх болсон. Залуу хүний хувьд энэ нь Андерсены шидэт үлгэрийн илбийн саваа шиг гайхамшиг байлаа. Зүгээр дохичиход нь л хүссэн бүхэн нь биелчихнэ гээд бод доо. Түүний ийм амжилт Монголын төрийн албанд дурлагч олон олон авилгач залуусын бахархал дууриал болж байв. Монголын авилгач, сагсуу залуучуудын холбооны лидер энэ л үедээ “үнэхээр шилдэг”-ээ илэрхийлж ойрын хэсэг нөхдийн хамт “Хадгаламж” банкнаас 14.2 тэрбум төгрөгийг сэмхээн гулгуулсан юм.

Золтой л дээлээ нөмөрчихөөгүй энэ үйлдэл хүн л юм бол одоо ч сэтгэл дотроос нь шаналгаж яваа биз. Гэтэл огт шаналсан шинжгүй байхыг нь ажвал ичдэггүй лоолой ч юм шиг. Идэхийн донтой лоолойд ичиж зовохын мэдрэмж заяагаагүй байдаг билээ. “Хадгаламж”-ийн банкны олон тэрбум төгрөгийг завшсан эл хэрэгт ичдэггүй лоолойгоос эхлээд олон хүн “цэв цэвэрхэн” үлдэж хөөрхий муу Б.Чимэдцэрэн гав ганцаараа Ганц руу ачигдсан юм. Б.Чимэдцэрэн авилгын намын залуучуудын “Алтан сарнай” байгууллагыг, түүний толгойлогчийг асар их дэмжиж, ивээн тэтгэж байсан ч мань эр лоолойд хир халдаахгүй байсаар торонд орсон юм даа. Чимэдцэрэнгийн энэ хачирхалтай үйлдлийг бусдын юу хүссэн есөн хүслийг биелүүлж өгөөд лонхондоо үүрд бөглүүлдэг “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн бирдтэй зүйрлэвээс зохилтой. Бирд хүссэн бүхнээ бий болгох чадвартай ч өөрөө идэх, эдлэхийн заяагүй муу тавилантан. Авилгын салбарын шилдэг гэдгээ мань лоолой ингэж нөхрөө золиослон байж баталсан түүхтэй.

Монголын авилгын намын кадр болсон мань лоолой Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдын алба хашиж байгаад 2004 оны сонгуулиар УИХ-ын 3 дугаар тойрог болох Баянхонгор аймгаас гишүүнээр сонгогдож, өнөөг хүртэл хууль тогтоох байгууллагад хүчин зүтгэж байна. Түүнд гишүүний суудал, нэр төр “хэцүү нэрт гуайнх” руу явчихгүй байхад мөн ч их нэмэр бамбай болж байгаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга гээд л түүний гуншин жилээс жилд л нэмэгдэж ирсэн. Нэрээ шинэчилсэн авилгын нам нь сүүлийн хэдэн сонгуулиар засгийн эрх авсан. Ард түмэн уг нь энэ намын төлөөлөл болсон хүнд саналаа өгөх цаанаа л нэг дургүй ч өгөөгүй саналыг нь өгсөн болгож, үхсэн хүнээр хүртэл санал өгүүлж, үхээгүй өөрсөнд нь санал өгөөгүй хүмүүсийг хөөж буудан, хүчээр санал хулгайлж дээрэмддэг болохоор тэр ч бас сонгуулиар ялаад сурчихсан юм.

Сонгууль дөхөөд ирэхээр л мань ичдэггүй лоолойд хайр зарласан нэгэн хатан хэлэн дээрээ бурам өнхчүүлээд “Манай энэ хүү чинь алтан цээжтэй, мөнгөн бөгстэй лоолой байгаа юм хө. Лоолой гэж мэдэх үү хө? Гахай их муухай даа. Гадаад дотоодгүй тэнэдэг дээ. Гэм нь жаахан балиар даа. Гэдсээ дүүртэл чихдэг дээ. Манай энэ торой хүүгийн чинь гарт нь барьсан ташуур гадаад зандангийн гаралтай. Дотоод бодол нь болбоос долоон банкны дайтай, туулайн чинээ биедээ уулын чинээ алт өргөөд явчих тэнхээтэй, мөнгөөрөө бэлхүүс хийж, алтаараа бороо оруулсан ийм шударга хүү байгаа юм хө. Ард түмэн та нарын намын аргагүй нэгэн лидер ардын зохиолч минийхээ амины хайртай дүү” гээд л алтаар урсаж, тосоор гоожсон үгсээр дотоод хормойг нь тос өөх болтол, гадаад хормойг нь гахайн тос болтол мялааж гарна даа хөөрхий. Тэр ерөөлийн буянаар ч гэх үү төрийн бялхсан их өөх тосыг амаараа гартал гулгина гэдэг хэрийн хүний эдлэх буян биш.

Ичдэггүй лоолой Их хурлын танхимд суухаас гадна өдгөө Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах даргын албыг хашиж байгаа. Монгол Улсын гадаадын улс гүрнүүдэд өгөх өр хуучин ЗХУ-д тавьсан өрөөс ч даваад байдаг. Шатахууны үнэ гэхэд сүүлийн жилүүдэд хэчнээн ч их нэмэгдэв. Тэр хэрээр ард түмний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт доройтож, төрөөс төрсөн мань лоолой мэтийн олигархи тэрбумтнуудын л халаас хэтэвч түнтийж байна. Саяхан улс орныг олигархижуулсан дарга нар арлын Наран гүрэнд айлчлаад ирснээс хойш японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Цөмийн хог хаягдлаа Монгол Улсад булшлах гэрээ байгуулсан” тухай багагүй шуугив. Тийм гэрээ байгуулаагүй гэж мань эр өчнөөн мэлзэвч цаад их гүрний зүгээс тийм “бор шувуу” нисэн бууж жиргээд байхыг бодоход үнэн л болж таарах бий вий. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг булшлах гэрээ хэлцэл анхан шатандаа явж буйг гадаадын томоохон хэвлэлүүд ч онцлон бичиж байсан юм. Гэвч эл асуудалд хариу өгөхүйц албан тушаал бүхий эрх мэдэлтнүүд Японы “Mainichi” cонин болон гадаадын бусад томоохон хэвлэлүүдийг “Шар сонин” хэмээн хочилж үүнийхээ араас худал мэдээлэл цацсан хэмээн буруутгаж байв. Монгол Улсын яам ч “Mainichi” cонинд захидал илгээж залруулга хийлгэж чадахгүй байгаа нь байдал хүндэрсний шинж юм. Учир нь “Mainichi” cонины сэтгүүлч Харуюки Айкава Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлах тухай мэдээллийг баримттайгаар нийтэлсээр байгаа юм.

Олигархиудын гар хөл болсон манай хүн нэг л сүрхий амьтан матрын нулимс унагаж ард түмэнд хайртайгаа гайхна. Үнэндээ ичдэггүй лоолой гэж үүнийг л хэлдэг байх. Тэр удаа дараа сонгогдсон ч аймагтаа “Баруун бүсийн худалдааны төв”, Барилга-инженерийн анги ч юм уу ямар нэгэн нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт санаачилсангүй. Нийслэл хот дахь нутгийн зөвлөлийн дарга гэсэн авлигачдын намд харъяатай жалга довын вант улсын толгойд сандайлж олон түмний хүндэтгэлийн алган дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ. Нутгийн зөвлөл гэдэг эл байгууллага уг нь зүй зохисоор нь ажиллуулбал нутаг орны хөгжилд мөн ч нэмэртэй юм сан. Тэгэхэд нутгийн зөвлөлийг нэг намын өмчнийх болгож хувьчилж авчихаад тэрүүхэн тэндээ хөөрхөн тойрон хүрээлэгчидтэй болчихсон жижиг тугалын бэлчээрээс холгүй газар нялх хүүхдүүд шиг наадаж суудгаа ажил хэмээн эндүүрнэ.Айл гэр болж тоглохын үлгэрийг ингэж дэглэнэ.

Ичдэггүйн лоолойн балаг хэзээд хар мөр дагуулна. Хажуудаа авсан тун чиг ойрын хүнийх нь хүү урд хөршид явж байгаад автомашины осолд орж амиа алдахаа шахсан. Хөдөө орон нутагт ажилладаг бие төлөөлөгч нь баахан мөнгөөр бороо оруулж яваад осолд орж онгоц хөлөглөн нийслэлд ирж эмчлүүлсэн тухай нутгийнхан ний нуугүй ярьж л байна лээ. Орон нутгийн хоёр ч сэтгүүлч түүний сурталчилгаанд явж байгаад осолд орж хүнд бэртэл авсан ч эмчилгээнийх нь зардлыг “өгнө, өгнө” гэж хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг хоргомжилж молигодох нь хүн чанараар хөлийн жийрэг болсон лоолойн мөн чанар юм. Нэг л их олон том дарга, сайдын алба хашиж, мөнгө санхүү-улстөрийн авилгын аалзны шүлсэн торонд хэрэгдсэн ичдэггүй энэ лоолой ямар гавьяа байгуулж, ард түмнээ гийгүүлсэн гэж “саналын гуйлгачин” болж нутагтаа очих гэж байгаа юм бол. Равжай найрагчийн хэлснээр “Ичиг, ичиг, ичиг, ичиг” баймаар. Үнэхээр ичмээр, эмээмээр явдал цаашдаа олон гарна даа. Энэ Г.Занданшатараас…

Duulian.mn  Б.Үжин


URL:

Сэтгэгдэл бичих