МАН-ын бага хурал ‘битүү хайрцаг’-нд ‘айдастай’ өрнөж байна
МАН-ын намын бага хурлын ээлжит чуулган өчигдөр өглөө 10:00 цагт эхэллээ. Бага хурлыг нээж, намын дарга С.Батболд улс төрийн илтгэл тавьж, МАН энэ удаагийн сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга, ЕНБД болон удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ
хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм. МАН энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн гэдгээрээ намын удирдах зөвлөл, намын дарга, ЕНБД-д хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байгаа. Тийм ч учраас энэ удаагийн бага хурлаас ямар шийдэл гарах нь олны анхаарлын төвд байсан. Гэхдээ МАН-ын энэ удаагийн бага хурал өглөө 10:00 цагт нээснээсээ хойш “тас” хаалттай байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр хаалттай хаалганы цаана маш ширүүн шүүмжлэл өрнөсөн гэх. Энэ үеэр намын удирдлагууд сонгуулийн өмнө гишүүдээ намаасаа гаргасан, МАХН гэдэг нэрээ хамгаалж чадаагүй, сонгуульд өрсөлдөх тактикаа анхнаасаа буруу төлөвлөсөн гэх мэт олон шүүмжлэл яригджээ. Өглөөгүүр ийнхүү ширүүн эхэлсэн бага хурал үдээс хойш харьцангуй намжсан гэж байна.
Бага хурлын гишүүдийн зүгээс сонгуульд ялагдаж, ард түмний итгэл хүлээж чадаагүйдээ намын удирдах бүрэлдэхүүнээс уучлалт хүсч байсан гэнэ. Харин намын удирдлагуудын төвшинд хувь гишүүний бус намын асуудлыг илүү чухалчлах ёстой гэсэн байр сууринаас ханджээ. Нөгөөтэйгүүр гишүүд намын дарга болон ЕНБД-д яг одоо хариуцлага тооцох шаардлагатай юу, үгүй гэх асуудлыг ч хөндсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед намын удирдах бүрэлдэхүүнийг солиод, дахиад ялагдал хүлээвэл яах вэ гэх асуудлыг хөнджээ. Энэ тохиолдолд дахиад л удирдлагаа сольж, халахад хүрвэл МАН олон нийтэд тун эвгүй харагдах юм биш үү гэдэг асуудлыг зарим гишүүд тавьжээ.
Дугаар шилжих мөчид буюу 20:00 цагийн үед бага хурлаар яг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байсан. Эх сурвалжаас авсан мэдээллээр зохион байгуулалтын асуудлаар бага хурлаас 50 гаруй гишүүн санал хэлж, асуулт асуухаар бүртгүүлсэн бөгөөд 30 гаруй гишүүн үгээ хэлж, асуултаа асуугаад байв. Юутай ч МАН-ын энэ удаагийн бага хурал хэвлэлийнхэнд 100 хувь хаалттай байлаа. Өдөржин хуралдсан хурал хоёр удаа завсарласан ч сэтгүүлчдэд ямар ч мэдээлэл хийгээгүй.
Тэр ч бүү хэл орой хурал тарсны дараа мэдээлэл хийх эсэхийг мэдэхгүй байна гэдгийг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нь хэлж байсан юм. Түүнчлэн энэ удаагийн хурлаас зөвхөн намын ЕНБД-д хариуцлага тооцож, намын даргын асуудлыг их хурлаар шийднэ гэх мэдээлэл ч байсан. Харин ЕНБД-д МАН-ын бага хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Занданшатар болон Д.Цогтбаатар нар өрсөлдөж байгаа гэдгийг ойрын эх сурвалж мэдээлсэн юм.
Дашрамд дурьдахад, МАН- ын дарга С.Батболд улс төрийн илтгэлдээ тус нам өмнөх сонгуулиудад ард түмнээс авсан санал аажмаар багасч байсан бөгөөд энэ жил ялангуяа нийслэлд нэг ч суудал авч чадаагүйг дурьдаж байсан. Нөгөөтэйгүүр МАН-ын удирдлагууд болон удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор улс төрийн соёлтой, хариуцлагатай байх эхлэлийг тавьж байгаагаа дурьджээ.
Цаашид дараа, дараагийн сонгуульд МАН алдаан дээрээсээ суралцаж, шинэчлэгдэж явах ёстой гэсэн юм. Харин намын гишүүдийн зүгээс “Дараа, дараагийн сонгуулиудад дахиад ялагдал хүлээвэл яах вэ” гэдэг асуултыг олон удаа тавьж байсан гэнэ. Эндээс үзэхэд МАН-ынхан Тусгаар тогтнолын ордныхоо хаалттай хаалганы цаана битүүхэн айдастай, басхүү хэрүүл, тэмцэл, шүүмжлэлтэй ширүүхэн хуралдсан бололтой.
Нөгөөтэйгүүр МАН-ынхан өмнөх хурлуудыг хийж байсан шигээ гишүүдээ “хайрцаглах” гэж оролдсон ч дийлдээгүй гэх мэдээлэл байсан. Ялангуяа МАН-д үүссэн анхны жигүүрийнхэн хариуцлагын асуудлыг маш хүчтэй тавьж байсан гэж байна. Дугаар шилжих мөчид МАН-ын бага хурлаас чухам ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байлаа. Юутай ч бага хурлын зүгээс удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнөөдөртөө /өчигдөртөө/ багтааж, бүрэн өөрчилнө гэх мэдээлэл байсан юм.
Монголын мэдээ Л.Дэлгэр
URL: