Г.Баярсайхан: Хэнтэй зөвшилцөхөө бид мэднэ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-УИХ-ын даргыг сонгосон өнөөдрийн чуулганы хуралдааныг хууль зөрчиж байна гэсэн мэдээллийг МАН-ын зү­гээс мэдээлэл хийлээ. АН-ынхан дэндүү яарсан шийдвэр гаргалаа ч гэсэн үзэх хүмүүс байна л даа?
-Хууль зөрчсөн асуудал ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт, Монгол төрийн асуудлыг ярьж байхад яарсан гэдэг үг хэрэглэмээргүй байна. Дэлхийн хөгжлийн хандлага цаг минутаар хэмжигдэж байгаа энэ үед болон дэлхийн зах зээл дээр гаргаж буй монголын түүхий эдийн үнийн хандлага зэрэг цаг үеийн асуудлыг харах юм бол Монгол Улсын төр төвхнөх шаардлагатай байгаа. Иймээс УИХ даргаа сонгосон. Монголын төр 2220 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд МАН 90 гаруй жил төр барьсан байдаг ч бүх зүйлийг тэдэнтэй зөвшилцөнө гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр бид УИХ-ын тухай хуулийн заалтын дагуу бусад намуудтай зөвшилцөөд УИХ-ынхаа даргыг олонхын саналаар сонголоо. Өм­нөх УИХ-ын сонгуулиудыг харахад ИЗН-тай МАХН зөвшилцөж байгаагүй юм билээ. Тэгэхээр бид ч гэсэн энэ удаа тогтсон журмын дагуу явж байгаа гэдгээ хэлмээр байна. Монголын төрд яарах болон хүлээх асуудал мөн байхгүй. Шаардлагатай үед бид цаг алдалгүй УИХ, Засгийн газраа төвхнүүлээд л явах болно.

-Дараагийн ахмад гэх зүйл байхгүй. Ер нь УИХ-ын Цэцэд хандана гэсэн байр суурийг илэрхийллээ. Хэрэв УИХ-д Цэцэд хандах юм бол чуулган цаашид хуралдах боломж хэр юм бол?
-Хамгийн ахмад дараагийн ахмад гэдэг асуудлыг тодорхой ойлгох хэрэгтэй. УИХ-ын чуулган, монголын төр төвхнөж байхад улс төрийн намуудаас сонгогдсон хамгийн ахмад гишүүнээр УИХ-аа даргалуулна гэж заасан байгаа. Тэр ч утгаараа бид Л.Цог гишүүнээр УИХ-аа даргалуулаад сонгосон гэж хэлэхэд болно.

-Д.Дэмбэрэл даргыг хуралдаанд орж ирэхгүй байгаа шалтгааныг хувь гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэсэн бэ?
-Хамгийн ахмад гишүүнийхээ хувьд монголын төр болоод УИХ-ын гишүүдээ хүндэтгэн ямар нэг улс төрийн намын нөлөөнд авталгүй танхимдаа ороод ирэх ёстой байсан. МАН-ын гишүүд ч гэсэн өнөөдөр цөөнхи болсон гэдгээ ухаарч ойлгох цаг нь иржээ. Монголын ард түмэн тэднийг энэ удаад цөөнх болгож сонгосон. Тэгэхээр үүнийг л бодитой ухамсарлах хэрэгтэй. “90 гаруй жил төр барьсан энерциэрээ явах цаг биш шүү нөхөд өө” гэж хэлмээр байна.

-Хамгийн гол нь зөвшилцөх асуудлаас болж МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд хуралдаанд оролцохгүй байгаа. Зөвшилцөх бичгийг МАН-ын байрны жижүүрт орхисон байсан нь гол асуудал болоод байна шүү дээ?
-Бидэнд МАН-тай ярилцах шаардлага байхгүй гэж би хувь­даа бодож байна. Бид бусад на­муудтай зөвшилцсөн. Хэнтэй зөвшилцөхөө бид мэднэ. Бүгд намтай зөвшилцөнө гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй.

-Хууль бусаар УИХ-ын дар­га сонгогдлоо. Цаашид гар­гах шийдвэрүүд нь ч гэсэн хууль бус байх магадлал өндөр боллоо гэх байр суурийг илэрхийлж байгаа гишүүд байна.
-62 хувийн ирцтэй УИХ даргаа томиллоо. Үүнд хууль бус ерөөсөө олж харахгүй байна. Бид олонхоороо УИХ-ын даргаа сон­голоо гэдгээ дахин хэлье.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих