Шударга ёс эвслийн УИХ-ын гурван гишүүний нэрс энэ долоо хоногт тодорно

Монгол ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын Шударга ёс эвслийн УИХ-ын 3 гишүүнийхээ тангарагийг өргүүлэлгүй түр түдгэлзүүлээд байгаа.

Монгол ардын хувьсгалт намын дарга Намбарын Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, нэрт хуульч О.Нарангэрэл нар УИХ-ын гишүүн болох уу аль эсвэл өмгөөлөгч О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар болох уу гэх асуудлыг энэ долоо хоногт шийднэ гэж  “Шударга ёс” эвслээс мэдэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаярыг 7 тэрбумын хэрэгт холбогдсон, харин түүний хүү Э.Батшугарыг цэрэгт яваагүй, харин нэрт хуульч О.Нарангэрлийг ажлаа өгөөгүй байж сонгуульд нэр дэвшсэн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэж аваагүй юм.

Харин “Шударга ёс” эвслийн зүгээс Сонгуулийн ерөнхий хороог Үндсэн хууль зөрчлөө хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Н.Энхбаяр, О.Нарангэрэл Э.Батшугар нарыг нэр дэвшигчээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Харин одоо “Шударга ёс” эвслийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гомдол гаргах эрхтэй. Н.Энхбаяр, Э.Батшугар, О.Нарангэрэл нарын талд үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарах юм бол Ц.Оюунбаатар О.Баасанхүү, Ц.Цолмон нар улсын их хурлын гишүүнээс мултрах болно.

Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн шийдвэр гаргаж, Н.Энхбаяр, Э.Батшугар, О.Нарангэрэл нарыг нэр дэвшигчээр бүртгэж аваагүй байна гэсэн дүгнэлт гарлаа гэхэд Н.Энхбаяр шадар сайд болж тэнгэрийн амьтан болох нь ээ.

Энэ долоо хоногт “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа 3 Улсын их хурлын гишүүний эрх баталгаажих юм. Намбарын Энхбаярын шүүх хурал ялих, ялихгүй шалтгаанаар 4- н ч удаа хойшилж, 7 хоногийн дараа шүүх хурлын тов зарлагдаад байгаа.

Шүүх хуралдахгүй, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хараад байгаа гэх мэдээлэл ч олны дунд байгаа. “Үндсэн хуулийн цэц”-ээс Н.Энхбаяр нарын талд шийдвэр гарвал тэрээр юун шүүх хурал, юун өлсөх, юун хэрэгтэн шууд л Монгол улсын шадар сайдын суудалд заларч мэдэх нь ээ.

Duulian.mn   Ө.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих