Эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 20 объектын үйл ажиллагааг зогсоожээ
Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг гаргажээ.
Тус газар 2012 оны хагас жилийн байдлаар хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын явц 60.8 хувьтай явж буйгаа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний салбарын хэмжээнд хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 453, төлөвлөгөөт бус 1547, гүйцэтгэлийн 182 хяналт шалгалт хийсэн байна.
Салбарын хэмжээнд 9395 эрсдэлтэй объект байгаагаас 4614 буюу 49.1 хувийг шалгалтад хамруулсан аж. Түүнчлэн 9582 аж ахуйн нэгж, байгууллага, 2251 салбар, нэгж, 20640 иргэнийг шалгалтад хамруулж, 21207 зөрчил илрүүлж, 73.9 хувийг шалгалтын явцад арилгуулсан мэдээлэл бий.
Сүүлийн үед баталгаагүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэх болсон. Энэ нь хүнсний аюулгүй байдалд харанга дэлдсэн үйлдэл болохыг албаныхан онцолдог.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар 427 хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж улсын байцаагчийн 1092 акт, 4606 хугацаатай албан шаардлага үйлдэж, 3368 дүгнэлт гаргажээ.
Ингэхдээ хууль тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг зөрчсөн 20 объектын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байна. Мөн 176 түр зогсоох, 73 үйл ажиллагааг сэргээх акт үйлджээ. Тайлант хугацаанд нийт 123.6 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан бол 86.7 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосноос 117.3 сая төгрөгийг барагдуулаад байгаа аж.
Б.Чанцал
URL: