“Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс хэн хумсалдаг вэ?

Хэд хоног банкны үүд сахисны эцэст “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа 21 мянган төгрөгөө автал теллер нь 20700 төгрөг тоолоод өгч байх юм. Банкны ажилтнаас үүний учрыг тодруулахад “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөнөөс энэ сараас эхлэн үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 300 төгрөг авч байхаар болсон хэмээн намжирдав.

Харин хажууд минь шахцалдан зогсч байсан хүмүүс “Өмнө нь үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 50 төгрөг авч болоод байсан. Гэтэл одоо яахаараа 300 төгрөг болгоод нэмчихдэг байна аа” гэсэн “хариултгүй” асуултыг банкны теллерүүдэд тавьж, уураа барсаар хоцорсон юм.

Тиймээс эх орны хишгийг олгож буй банкуудын үйлчилгээний хураамжийн шимтгэл ямар шалтгааны улмаас нэмэгдсэн талаар сурвалжиллаа.

Үүсээд буй асуудлын талаар мэдээлэл авахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очиж, тус газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй уулзсан юм.

-”Хүний хөгжил сан”-гаас мөнгө олгох эрх бүхий банкууд “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгөнөөс үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 300 төгрөг энэ сараас авч эхэлжээ. Ямар шалтгаантай юм бэ?
-Дээрх банкуудтай гэрээ хийсний үндсэн дээр үйлчилгээний шимтгэлийн хураамж нэмэгдсэн байх. Энэ талаар манай санхүүгийн хэлтсийнхэн мэдээлэл өгнө.

-”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг цахим картаар олгох ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой юм уу?
-Үйлчилгээний хураамжийн шимтгэл энэ асуудалтай огт хамаагүй. “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараах тендерт шалгарсан ХААН, Хадгаламж, Капитрон банк үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байгаа учир үйлчилгээний хураамж нэмэх саналыг гэрээ хийхдээ гаргасны дагуу л ийм шийдвэр гаргасан.

Харин цахим картжуулах ажилд нэг хүнд 1000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Энэ зардлыг банкууд өөрсдөө хариуцаж байгаа. Дээрх банкууд карттай иргэдийн картанд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хийж, огт картгүй иргэдийг л карттай болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Иргэдийг цахим картжуулах ажил ирэх сар гэхэд дуусах байх.

-Дээрх гурван банкийг ямар шалгуураар сонгосон юм бэ. Мэдээж том банкинд илүү эрх олгосон байх?
-Салбаруудынх нь хамрах цар хүрээг харгалзаж үзсэний үндсэн дээр сонгосон. “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгөний 80 гаруй хувийг ХААН банкаар дамжуулж олгодог. Үлдсэн 20 хувийнх нь багахан хэсгийг Капитрон банк олгож байгаа.

-Одоогоор яг хэдэн хүн 21 мянган төгрөгөө авах эрхтэй болсон бэ?
-Нийт хүн амын 84 хувь нь 21 мянган төгрөгөө авч эхэлсэн гэсэн мэдээ байна.

Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн гэрээний талаар Санхүүгийн хэлтсийнхэн тодорхой мэдээлэл өгнө гэсэн учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Санхүүгийн хэлтсийн дарга н.Билэгмаатай уулзаж мэдээлэл авсан юм. Тэрбээр ийнхүү ярьсан юм.

-”Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөнөөс авах үйлчилгээний хураамж нэмэгдсэн нь юутай холбоотой вэ?
-”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараах тендерт шалгарсан банкууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сангийн яам хамтран гурвалсан гэрээ хийж дуусаагүй байна. Энэ гэрээг Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Сангийн сайдыг гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа энэ талаар мэдээлэл өгөх болно.

-Тэгэхээр гэрээг үзэглээгүй байхад банкууд үйлчилгээнийхээ шимтгэлийн хураамжийг иргэдээс нэмж авч байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Уг нь гэрээ дуусаагүй байхад тийм зүйл гаргах ёсгүй.

Тэр үүнээс өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй юм. Тиймээс энэ талаар тодруулахаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнтэй уулзах гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан юм. Харин Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга Б.Отгонцэцэг “Энэ талаарх гэрээ Сангийн яаманд ирээгүй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхан банкуудтай эцсийн байдлаар тохирсны дараа гэрээг манайд өгөх ёстой” гэсэн мэдээллээс өөр зүйл хэлээгүй юм.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан ч мөн л дээрх хариулттай адил “Энэ талаар Сангийн яамныхан мэднэ. Тэд гэрээг гардаж хийж байгаа” гэсэн хариулт өгсөн юм. “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний асуудлуудыг дээрх хоёр яамныхан бие бие рүүгээ түлхэж, сонирхсон асуултад үнэн хариулт өгсөнгүй.

Харин банкныхан “Бид үйлчилгээний шимтгэлээ 50 төгрөг байсныг 100 төгрөг болгож нэмсэн. Харин “Хүний хөгжил сан”-гийн мөнгө банкны дансанд шилжиж ирэхдээ нэг хүний 21 мянган төгрөгөөр биш 20800 төгрөгөөр тооцогдон манайд байршиж байгаа. Үүнээс нь бид үйлчилгээний шимтгэлийн хураамж гэж 100 төгрөг л суутгасан. Ингээд иргэдийн гар дээр 20700 төгрөг олгож байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгэхээр миний, таны сар бүр авах ёстой мөнгөнөөс сар бүр 300 төгрөг байхгүй болох нь тодорхой боллоо. Харин хэн авч байгаа нь тодорхой бус. “Аа 300-хан төгрөг” гэж та бүү бодоорой. Дуслыг хураавал далай гэдэг. Тэгэхээр 300 төгрөг хэмээх дусал ямархуу хэмжээний далай болохыг хамтдаа тооцож үзье.

Хүн ам, орой сууцны тооллогын урьдчилсан мэдээгээр манайх 2,7 сая хүнтэй гэсэн тооцоо гарсан. Тэгвэл сар бүр “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс 810 сая төгрөг суутгал, шимтгэл нэрээр салхинд хийсэх нь. Үүнээс банкныхан 270 саяыг нь авч байгаа бол үлдсэн мөнгө нь хаачиж байгаа вэ гэдэгт тодорхой хариулт өгөх хүн өнөөдөр алга байна. Холбогдох газрууд нь нэг нэгэн рүүгээ асуудлыг “түлхээд” өнгөрөөлөө. Энэ бүхнээс хэн нэгэн хожиж, ард түмэн хохирч байгаа нь л үнэн юм.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих