Бүү зугт

Бүү зугт.. Энэ үгийг голдуу хулгайч, буруу зүйл хийсэн, эсвэл аймхай хулчгар хүмүүст хандан хэлдэг. Тэгвэл энэ үгийг улс төрийн “өндөр соёлтой болсон байх учиртай” нэгэн хүчинд хандаж хэлэхээс аргагүйд хүрэв. Сонгуулийн үр дүн нь ч бүрэн гараагүй буй энэ үед нэгэн намынхан сонгуулиар юу амалж байснаа мартчихаж.  Харин иргэн та  “Зугтаж биш, зүтгэж ажиллана” гэж хэн амалж байсныг арай мартчихаагүй биз дээ.

Тэд бол Монгол Ардын намынхан. 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин хэмээн өөрсдийгөө тодотгох дуртай Монгол Ардын нам өнгөрсөн 90 жилийн хугацаанд улс төрийн наад захын соёл суугаагүй, ууган улс төрийн хүчин болон төлөвшөөгүйгээ нотолж байна. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, ялагдлаа хүлээх гэдэг бол улс төрийн намын эзэмших хамгийн наад захын соёл юм. Энэ намынхан ийм соёлд суралцаагүйгээ өмнө нь ч нэг бус удаа илэрхийлж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн намын удирдлага нь сонгуулийн маргааш нь ичихгүйгээр телевизээр мэдэгдэж байсан удаатай. Харин энэ удаа шууд хэлж чадахгүй, шалтаг тоочиж, арчаагүй царайлж сууна.

Гэвч тэд чуулганы танхимд орж ирэхгүй хэмээн шантаажилж, хамгийн ахмад настай гишүүн нь хурал даргална гэх хуулийн заалтаар барьцаалж, настан Д.Дэмбэрэлийг танхимд оруулж ирсэнгүй. Үнэндээ ахмад гишүүн хуралдаан даргалах тухай заалт нь үүрэг болохоос биш тухайн настанд олгож буй эрх биш. Иймд энэ үүргээ биелээгүй тул “УИХ-ыг ажлыг санаатайгаар тасалдуулсан” хэмээн хариуцлага хүлээлгэх ч хууль бий. Ийнхүү тэдэнд хуулийн дагуу асуудлыг шийдэх биш улс төрийн аргаар асуудлыг шийдэх бодол байсан тул төрийн ажлыг таван өдөр гацаасан юм.

МАН-ын энэ аргыг хэрэглээд байвал төрийн ажил хэзээ ч урагшлахгүй. Жишээ нь, хуульд “УИХ-д наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулснаа УИХ-ын даргад танилцуулна” гэх заалт бий. Хэрэв адилхан сэтгэвэл, УИХ-ын дарга нөхөр нь “за би танилцаж амжаагүй байна. Дараа нь танилцъя” гээд зугтаад байх хэрэг үү. Хэрэв ийм утгагүй зүйл болдог бол намын бүлэг УИХ-ын даргаас болж албан ёсных болж чадахгүй байна биз дээ. Яг үүнтэй адилхан “бид зөвшилцөөгүй байгаа” гэж зугтах ёс байхгүй.

Яагаад тэр вэ?… Энэ үгийг ойлгомжгүй зүйл хийсэн, хэлсэн хүнд хандаж хэлдэг. Яагаад зөвшилцсөн гэх хариугаа өгөлгүй хойш нь сунгаад байгаа хэрэг вэ? Ядаж хууль гадарладаг бол УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх эрх нь АН-д бий болсон гэдгийг шууд мэднэ. Маргааны гол зүйл болоод буй заалтыг бүхэлд нь харвал “Аль ч нам, эвсэл олонхи болоогүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” гэж байгаа. Яагаад энэ заалтанд “хамгийн олон суудал авсан нам нь” хэмээн онцлов.

Хүндрүүлж бодох хэрэггүйгээр энэ бол ердөө олон суудал авсан намд эрх олгож буй л утгатай заалт. Харин МАН энэ заалтаас “зөвшилцөх” гэдэг үгэнд ач холбогдол өгч “зөвшилцөөгүй байна” гэж буй. Гэвч үнэндээ зөвшилцлөөр нэгэнд нь саналаа хэлэх, нөгөөд нь хариугаа заавал хэлэх үүрэг үүрэг үүсдэг. Гэвч үүргээ биелүүлэхгүй байгаагаа эрхээ эдэлж буй мэтээр юуны учир ойлгов. Өөрөөр хэлбэл, нэгэнт үр дүн нь тодорхой байхад юунд ингэж асуудлыг хүндрүүлэв? Хариулт нь, энгийн нэг улс төрийн хонжоо байж таарав.

МАН-ынхан УИХ-ын даргын томилгооны асуудлыг ярихад өөдөөс нь Өвөрхангайн тойргийг яах гэж байгаа тухай яриа өрнүүлжээ. Тэд УИХ-ын даргын асуудлаар барьцаалж мөнгө архи тараасан нь шүүхээр тогтоогдоод байгаа Өвөрхангай аймгаас нэр дэвшигчдийнхээ УИХ-ын гишүүн болгож баталгаажуулахыг хүсч. Хууль хяналтын байгууллагын хийх ёстой ажлыг өмнөөс нь шийдэж хийцгээе хэмээн ятгаж буйтай яг адил. Харин үүнийг нь Ардчилсан намынхан зөвшөөрөлгүй хуулийн гаргалгаа хийн анхдугаар чуулганаа эхлүүлж даргаа сонгов. Одоо МАН яах вэ? Энэ асуултанд хариулахын өмнө нэг үгийг санахгүй бол болохгүй нь.

Битгий л тэгээрэй. Энэ үгийг олон удаа итгэл эвдэж байсан нэгэнд дахиж ийм зүйл битгий хийгээрэй гэсэндээ хэлдэг. Хэрэв МАН буруугаа хүлээж, УИХ-ын анхдугаар чуулганы шийдвэрийг хүлээж авахгүй гэж шийдвэл тэд “хууль зөрчлөө” хэмээн амтай болгоноороо яриулах нь тодорхой. Уг нь бол сөрөг хүчин гэж ажлаа түргэтгэхийг шавдуулах үүрэгтэй болохоос ажил гацаах эрхгүй. Иймд тэд илт ойлгомжтой зүйлийг хүлээн зөвшөөрч ажилдаа орцгоохоос өөр арга үгүй. Чамгүй олон жил эрх барьж улс төрийн гол орц байсан намд улс төрийн соёл төлөвшөөгүй бол дэмий чанагдсан болж таарах нь.

Битгий л тэгээрэй дээ. Та нарын энэ үйлдлийг чинь олон нийт таашаахгүй л байна шүү. “Харц ардын хүү давж болдоггүй наадам уу гэдэг шиг ард түмэн сонгуульд ялж болохгүй юу. Ардын нам унасаан унасан. Одоо сайхан УИХ-даа ирээд тахимаа өгчихөөч” гэх утга илэрхийлсэн уншигчдийн сэтгэгдэл интернэтээр дүүрэн байна, цаана чинь. Эрхбиш зугатсан хүмүүсийнхээ араас бүгдээрээ зугтаах гээгүй биз дээ. Тэгвэл бүү зугт, ирээд тахимаа өгөөч.

Б.МАНД
news.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих