Энэтхэг улс шинэ ерөнхийлөгчтэй болжээ

ШИНЭ ДЕЛИ. /ПТИ/. Энэтхэгийн эрх баригч эвслээс нэр дэвшигч, урьд нь Сангийн сайдаар ажиллаж байсан Пранаб Мухержи тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Саналын хуудсыг тоолж хараахан дуусаагүй байгаа ч сонгуулийн дүнд онцын өөрчлөлт гарахааргүй болжээ.

Саналын хуудасны гуравны хоёр хувийг тоолсон байдлаар, Мухержи сонгогчдын саналын талаас илүү хувийг авсан байна.

Мухержигаас гадна төрийн тэргүүний албаны тушаалын төлөө Энэтхэгийн парламентын дарга асан Пурно Агиток Сангма өрсөлджээ.

Мухержи урьд нь Гадаад хэрэг, Батлан хамгаалах болон Сангийн сайдаар ажиллаж байсан аж. Ерөнхийлөгчийн албан тушаал хэдийгээр бэлгэдлийн шинжтэй байдаг ч Мухержи энэ албан тушаалд өмнөх төрийн тэргүүн нараас илүү идэвхтэй ажиллана гэж зарим шинжээч үзэж байна. Тухайлбал, 76 настай улс төрчөөс парламентын болон эдийн засгийн хямралыг шийдэхэд тус дөхөм болно хэмээн хүлээж байгаа аж. Түүнийг Сангийн сайд байхад нь Энэтхэгийн эдийн засгийн муу удирдаж байна хэмээн шүүмжилдэг байжээ.

Энэтхэгийн ерөнхийлөгчийг парламентын хоёр танхимын сонголтын төлөөлөгчид болон зарим мужийн хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид сонгодог юм.


URL:

Сэтгэгдэл бичих