Өвөрхангайн АН-ын дарга мөнгө тараажээ
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга нь сөрөг хүчин болох МАН-ын төлөө гэсэн чин хүсэлтэй нэгэн байдаг аж. Буруу сэтгэлтэй даргынхаа буянаар Өвөрхангайн Ардчилсан нам шат шатны сонгуульд өөд уруугүй ялагдсаар байна. Саяхан болсон УИХ-ын сонгуульд тус аймагт АН-аас дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар өвдөг шороодсон ч намынхаа даргын хүчээр ялагдсан ялагдалдаа итгэж өгөхгүй, сонгуулийн хууль зөрчсөн өрсөлдөгч нараа шүүхдээд байгаа билээ.
Хоёр намын хооронд жороолон зоолсон энэхүү зальтай гайтай хүнийг Ц.Хишигсүрэн гэдэг бөгөөд аймгийнхаа нэгэн суманд нэхийний ченж байгаад хөлжиж, улс төр гэдэг малын арьс ширнээс илүү ашигтай бизнес гэдгийг ухааран хэрэгжүүлж байгаа этгээд аж.
2004 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгийн Гучин-Уст сумын АН-ын менежерээр ажиллаж байх үедээ МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын талд улаан цайм ажиллаж байгаад баригдсан юм билээ. Түүний хариуцсан газар болгон АН ялалт байгуулж байсангүй. Намаа ялагдуулаад зогсохгүй, өөрийнхөө суманд очиж нэр дэвшээд үнэмлэхүй ялагддаг түүнийг Өвөрхангайн АН-ынхан долоон жил орой дээрээ залсаар байна. Улс төрийн сонгуулиар ялагдал хүлээсэн намын удирдлагатай хариуцлага тооцдог зарчим түүнд үйлчилсэнгүй. Намын жирийн гишүүд дэмжигчид түүнийг огцруулахыг хүссэн ч тухайн үеийн Манангийн засгийн үед тус аймгаас сонгогдсон том гишүүний зааварчилгаар даргаараа оролдох зүрхтэн гарсангүй байсаар 2011 оны сүүлээр олонх гишүүдийн дэмжлэгтэйгээр Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн АН-ын даргаар тавьжээ.
Нэлээн шургуу ажиллаж, аймгийн удидлагуудыг булхайг дэлгэж эхэлж байсан Т.Хасбаатар нэг ч жил бололгүй УИХ-д нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нараас орон нутгийн сонгуулийн хандив нэхээд аль ч үгүй болжээ.
Т.Хасбаатарыг намын гишүүнээс хөөж туугаад бужигнаж байх зуур Ц.Хишигсүрэн сиймхийг ашиглан Өвөрхангай аймгийн АН-ын дарга болчихов. Том хүний нөмөр нөөлөг УИХ-ын сонгуулийн өмнөхөн хүчтэй үйлчилж, мөнгө тараагаад дарга болчихсон байна.
100 гаруй гишүүнд 30 сая төгрөгийн авлига өгчээ. Түүний авлигын мөнгийг хэн гаргасан нь тодорхой байгаа аж. Өвөрхангай аймгийн АН-ын олон мянган жирийн гишүүд нэхийний ченж асан Ц.Хишигсүрэнгээсээ салахын түүс болж байхад ийм тэнэг үйл явдал тус аймгийн АН-д болжээ.
Орон нутгийн сонгууль удахгүй болно. 90 жил МАН-ын засаглал тус аймгийг толгойлж байгаа бөгөөд авлига хээл хахууль, төрийн хөрөнгөөс хумслан баяжих явдал хэрээс хэтэрсэн байна.
Энэ удаагийн сонгуульд МАН-ын даалгавраар ажилладаг даргатай оролцвол ямархуу ялагдал хүлээнэ гэдгээ тус аймгийн АН-ын гишүүд дэмжигчид төсөөлж байгаа тул хоёр үзүүртэй зүү шиг хортой даргаасаа салахыг хүсч зөв шударга даргатай болохыг хүлээж байна.
АН-ын мөрийн хөтөлбөрийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн сонгуульд ялах ёстой гэдгийг гишүүд дэмжигчид хэлж байна.
”Өдрийн сонин”
URL: