Оодон банзал, бариу өмдтэй залуус Монгол наадмын шигтгээ байсан гэнэ үү?

“Магтсан хүүхэн хуриман дээрээ …” гэгчээр  энэ жилийн баяр наадмын нээлт нэг л онцгүй болж өнгөрлөө,  хөөрхий.

“Эрийн гурван наадмаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн монголчууд наадмын нээлт гэдгийг монгол түмний ёслол хүндэтгэл, уламжлалтай зүйрлэсэн бэлгэдлийн ажиллагаа гэж заасан байдаг… Тэгсэн хэрнээ дарга нарын хувьд нэг сонин жишиг тогтчихсон байна… Нөгөө л дуулдаг, бүжиглэдэг тэднийхээ сонирхлыг татах гэсэн зүйлээ хийсээр байгаад, наадамчин олныг хайрцаглачихсан. Ингээд дуу, хуургүй наадам байхгүй гэсэн ойлголтыг ард түмэнд өгчихсөн байгаа юм. Энэ жил би тэр хэв маягийг эвдэх  болно…” хэмээж байсан  Төв аймгийн “Монгол туургатан” театрын  найруулагч Ч.Ганхуягийг дагасан наадмын нээлтийн тухай шүүмжлэл өдгөө ч намдаагүй  байна.

Өнгөрөгч онд буюу 2011 оны  “Гэгээн Муза” наадмын  хөгжимт драмын төрөлд ноёрхож   “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагчийн эзнээр Ч.Ганхуяаг, “Шилдэг зураач”-аар тус театрын  Д.Ариунболд,  “Шилдэг эмэгтэй гол дvр”-д  “Voice” хамтлагийн дуучин, тус театрын жүжигчин  Д.Отгонжаргал, “Шилдэг эрэгтэй гол дvр”-д  Т.Бат-Ундрах мөн жүжгийн  шөнийн хvний дүрээр гээд таван номинацийг нь  авч байсан. Ийм огцом амжилттай театрын найруулагчийг дэлхийд ганцхан Монгол наадмынхаа нээлтийг ёстой л ертөнцийн чихийг дэлдийтэл найруулна   гэж хэн хүнгүй итгэж найдаж хүлээсэн. Гэтэл наадмын нээлт хаалтад зориулсан төсөв мөнгөний тухай яриа, ярилцлага бүрдээ дурьдаж байсан  тэрбээр “Сахил хүртээд шал дордов” гэгчээр болгож өгснийг урлагийн хүрээнийхэн  дуу нэгтэй ярилцаж, наадмын нээлтийг үзэж сонирхогсод ч  сэтгэл гундуухан байсныг нуух юун.

Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа дуулсан нь олонд хүндлэл хүлээсэн  гэдэг утгаараа  нэг хэсэгт нь таалагдсан ч  хөгшчүүл “Нөхөртэй,тэр тусмаа  уртын дууч бүсгүйчүүдээс сонгочихгүй дээ” гэсэн санааг цухалзуулж суусан.

Монголын олон ястны төлөөллүүдийг оролцуулж төрдөө хүндэтгэл үзүүлж байгаагаар зохион байгуулах гэж оролдсон байсан ч  нар сарны явдал хийгээд  үүлнийхээ өнгийг хараад  ямар зүсмийн морьд түрүүлэхийг хэлж мэддэг монголчуудад ёстой таалагдаагүй. Учир нь цагаан зулхайгаар  нарны цацраг үзүүлж зам  дэвсэж буй бүсгүйчүүдэд цагаан таягтнуудад зориулсан мэт гортиг татаад өгчихсөн  байсаныг  телевизийн зураглаачид ёстой тод томруун харуулж орхисноос ийн цухалдаж байсан юм.

Бусад үзүүлбэрүүд нь нэг их өөр, шинэлэг зүйлгүй байсан нь Ч.Ганхуяг найруулагчийн  хэлсэнчлэн нэгэнт дуу хууртай хүлээж авсаар  ёстой л хайрцаглагдчихсан Монголчуудын хувьд  байдаг л зүйл  гэж ойлгосон нь мэдээж. Гэтэл нээлтийн ажиллагааны  төгсгөл хэсэгт “UBS” телевизээс зохион явуулдаг  “Universe best song” уралдааны шилдгүүд гэгдэх оодон банзал, бариу өмдтэй залуусаар англи  дууг монгол, англиар дуулуулсан нь ёстой  авцалдаа муутай, олны дургүйцлийг хүргэсэн явдал болсон. Зууны манлай дуучнаа зөвшөөрч ядаж байхад нь урлагийнхны хувьд хэн ч биш, хэдэн чөрчийсэн охид хөвгүүдийг  тийн  цэнгэлдэхийн голд  савчуулсан нь  найруулагчийн ажлыг унтрааж орхисон.

Харин үүнийгээ “Даяаршлын үед амьдарч байгаа учраас” наадмын шигтгээ…” хэмээсэн нь байгаа оноогүй сум шиг тун ч ядуухан тайлбар болсон.

Уг нь дэлхийд ганцхан Монгол наадам Монголоороо л нээгдэж, хаагдах ёстой, тийм найруулгыг ард олноороо галтай цогтой гэгддэг Ч.Ганхуяг найруулагчаас хүсч байсан шүү дээ.

Хойтон жилийн наадмаар хэн, хэрхэн төсвийн мөнгөөр яаж тонгочихыг л бас харах үлдэх шив дээ.

 С.ТУУЛ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих