УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагаа хууль бус учир Цэцэд хандана гэв
З.Энхболд УИХ-ын шинэ даргаар сонгогдсонтой холбогдуулан МАН-ын бүлгээс 15.00 цагт байр сууриа илэрхийллээ. Бүлгийн дарга Н.Энхболд “Өнөөдөр манай намын Бага хурал болж байгаа. Бага хурлаар сонгуулийн үр дүн болон намын удирдлагуудад хариуцлага тооцоно. Үүний хажуугаар УИХ-ын даргыг сонгосон талаар мэдээлэл авлаа. Бид УИХ-ын даргыг хуулийн дагуу сонгох ёстой гэж үзэж байна. Бид зөвшилцөхөөр УИХ-ын даргад нэр дэвшээд байсан З.Энхболдтой уулзах хүсэлт тавьсан боловч албан ёсоор бүлэг байгуулагдаагүй гэдэг шалтгаанаар ирээгүй. Ер нь зөвшилцөх тухай асуудал хуульд зааснаар нарийн дэгтэй. Мөн УИХ-ын гишүүн болгон УИХ-ын даргад сонгох эрхтэй байдаг. Энэ утгаараа УИХ-ын даргыг сонгохдоо бүх парламентад суудалтай бүх нам хүчнийг байлцуулан даргыг сонгох байсан” гэлээ.
Үндсэндээ УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж, УИХ-ын хамгийн ахмад настай хүн даргалан гэж хуульчилсныг зөрчлөө, зөвшилцөл хийгдэж байхад хоёр дахь, гурав дахь ахмад настай хүн даргална гэсэн заалт байхгүй гэж МАН-ын зүгээс тайлбарлаж байв. Нөгөөтэйгүүр чуулганыг хуралдаан даргалагч зарлах ёстой байсныг зөрчсөн учраас УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж МАН-ын зүгээс үзэж байгаа аж. Үүнийхээ дагуу Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ хэлсэн юм.
Өнөөдрийн МАН-ын Бага хурлаар шинэ удирдлагууд сонгогдоно. Үүний дараа дээрх асуудлыг дахин авч хэлэлцэх юм байна.
Л.Тамир
Оллоо.мн
URL: