Одоо бид зогсох биш урагшлах ёстой

Эрсдэлгүй шинэчлэл байдаггүй. Тулхтай, түшигтэй Монгол Ардын Нам улс эх орныхоо эрх ашиг, улстөрийн тогтвортой байдлыг боддог. Тийм зангараг, туулж ирсэн замналаараа энэ сонгуулийн дараа долдугаар сарын 1-нийх шиг өдрийг дахин давтуулсангүй.
Харин дэнж хотойтол нааддаг зон олон, ард түмэнтэйгээ идэр залуухан арслан, шинэ мэргэн, шигшмэл хурдтай амар амгалан үндэсний их баяр наадмаа угтлаа. Монгол Ардын Нам зөвхөн намынхаа эрх ашгийг бодсон амин хувиа хичээсэн улстөрийн хүчин биш гэдгээ харуулж чадсанд олон түмэн талархаж байна.
Ардын нам аль ч цаг үед ачааны хүндийг үүрч чадсан. Эдийн засгийн энэ чухал цаг үед Монгол Улсын улстөрийн байдал тогтвортой байх ёстой учраас ирээдүй, хөгжлийн төлөө булхай луйвартай сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрлөө. Монгол Ардын Нам дараа дараагийн сонгуульд ялагдсан нь тахимаа өгч чаддаг, ялсан нь тахимаа авч чаддаг улстөрийн том соёлын эхлэлийг тавьж байна.
Гэхдээ Монгол Ардын Нам өөрийгөө бүрэн оношлогоонд оруулах, шинэчлэлээ гүнзгийрүүлэх цаг хугацааны өмнө тулж иржээ. Монгол Ардын Нам бүтэц, боловсон хүчний нөөц сайтай нь үнэн. Гэхдээ энэ капиталаа хэрхэн зарцуулж, жолоодох зөв арга зам олох вэ.
Ард түмнийхээ итгэлийг авах сонгуулийн төлөөх шинэчлэлээ хэрхэн гүнзгийрүүлэх ёстой вэ. Одоо аравдугаар сард болох орон нутгийн сонгууль, 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2016 онд болох УИХ-ын сонгуулийн ялалтын суурь үйл ажиллагааг бид энэ дөрвөн жилд хэрэгжүүлэх учиртай. Монгол Ардын Нам 2010 онд болсон XVI их хурлаасаа хойш үзэл баримтлал, онолын шинэчлэлтийг хангалттай хийсэн.
Бидэнд өнөөдөр дутагдаж байгаа зүйл бол үйл ажиллагааны шинэчлэл юм. Ардчилсан нийгэмд Монгол Ардын Нам орчин үеийн нам байхын тулд, сонгуульд ялдаг нам байхын тулд хэд хэдэн чиглэлийн бодитой шинэчлэлт хийх ёстой болжээ. Нэгдүгээрт, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, хоёрдугаарт, намын хүний нөөцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, гуравдугаарт, намаас явуулж байгаа үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлэх, дөрөвдүгээрт, намын бүтэц зохион байгуулалт, маркетинг, онол үзэл суртлаа номлох ажлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Удирдахуйн шинжлэх ухаанд өнөөдөр гурван үндсэн зарчим үйлчилж байна.
Нэгдүгээрт, өнөөгийн хөгжиж буй улс орнуудад хоцрогдсон бялуу хуваах зарчмыг халах ёстой. Тухайн хүний мэдлэг боловсролын түвшнээс үл хамааран бялуу хүртээдэг нь улстөрийн хүчний чадавхи, цаашлаад улс орны хөгжлийг хойш татдаг. Улстөр судлаачийн зүгээс үзвэл яаж ч нуугаад нийгэмд хамгийн тод мэдрэгддэг, нууж хаах аргагүй сөрөг уур амьсгал дагуулдаг гэм буруу бол энэ.
Фракц, бүлэглэлийн төлөөлөл заавал байх ёстой гэсэн улстөрийн онол дэлхийн улстөрийн чиг хандлагад хоцрогдчихсон. Хоёрдугаарт, дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа МЕРИТ болон шинэ менежментийн зарчмын тухай ярих ёстой. Энэ бол хүнийг мэдлэг, боловсрол, ажлын дадлага туршлагаар нь үнэлж, албан тушаалд томилох үндсэн есөн шалгуурын тухай асуудал.
Хамгийн гол шалгуур нь улстөрийн туршлага, сэтгэл зүтгэл. Монгол Ардын Намын боловсон хүчний бодлого бол ийм зарчим байх ёстой. Хийх ажлын хөтөлбөртэй, зорилготой, зоригтой, туршлагатай үндсэн зарчмыг хангах хүн л Монгол Ардын Намыг удирдах ёстой. Чухам хэн цаг үеийн ямар ч онцлогт тохируулж энэ намыг авч явж чадах, хэн энэ намын туг болох, хэн дараагийн сонгуульд ялалтад хүргэж чадах вэ гэсэн хэмжүүрээр Монгол Ардын Намын удирдлагыг сонгох ёстой. Гуравдугаарт, өнөөдөр багаар ажиллахын үнэ цэнийн тухай ойлголт улстөрийн намуудад ч, төрийн удирдлагын байгууллагуудад ч алга.
Чухамдаа манай намд асуудлыг шийдэхдээ нэг нутаг усны, нэг ангийн гэж талцаж, найр тавих зарчим байх ёсгүй. Монгол Ардын Намын үндэслэгчдийн нэг Солийн Данзан “Усны гүнд хүрэхийн тулд гүехнээс эхэлж туулдаг. Уулын оройд гарахын тулд бэлээс нь эхэлж өгсдөг” гэж хэлсэн юм. Үүн шиг уулын бэлээс өгсөж, усны гүехнээс туулсан, намын амьдралын зовлон жаргалыг мэдэрсэн, хат сууж, халуун чулуу долоосон хүнээ бид шударгаар олж сонгох ёстой.
Энэ бол зөвхөн Монгол Ардын Намын ч биш, Монголын улстөрийн хамгийн том зарчим байх ёстой. Монгол Ардын Нам сөрөг хүчний байр суурьт очсон энэ цагт улстөрийн соёл, зориг, хүмүүжлээрээ улстөрийн зөвшилцлийг хэн хийж чадах, намынхаа туг нь хэн болж чадахыг зөв харж, олох хэрэгтэй. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэдэг үг бий. Ардын хүүхэд л Ардын намын ачааг үүрнэ.
Бид өөрсдөө энэ намын шинэчлэлийн дуу хоолойг түрэх хэрэгтэй. Өнөөдрийн Монголын улстөрд хор биш, жор найруулдаг хүн хэрэгтэй. Монголын улстөрийг хорчдоор биш, жорчдоор дүүргэхийн төлөө зүтгэх цаг болжээ. Монгол Ардын Намыг тийм амархан бөөрөлхүүлэхгүй.
Монгол Ардын Намыг ард түмэн хайрлаж, хүндэлдэг. Хайрлаж, хүндэлсээр ч байх болно. Бид дотооддоо цэгцлэх асуудлуудаа цэгцлэх ёстой. Ардын намын шинэчлэл зогсох ёсгүй, урагшлах ёстой дөрвөн жил эхэлж байна. Хэлэхгүй хийдэг л байх хэрэгтэй.
Дуусдаггүй яриа өнөөдрийн Монголд хэрэггүй. Харин дундаршгүй арвин ажил хэрэгтэй. Монгол Ардын Нам зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой. Манай нам 220 мянган гишүүнтэй. Сонгууль бүхэнд саналаа өгдөг 300 гаруй мянган дэмжигч маань байна. Энэ хүмүүсээ бид идэвхжүүлнэ. Манай нам энэ улс орныг өдий зэрэгт хүргэсэн нам.
Улс, эх орныхоо тусгаар тогтнолыг цогцлоосон нам өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо олох торгон заагт алтан соёмбынх нь загас мэт нүд цавчихгүй байх ёстой. Биднийг ялагдсан гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь яллаа гэж ярьж байна.
Монгол Ардын Нам тасравч Ардчилсан намаас том гэдгээ энэ удаагийн сонгуулиар улам тодоор, томоор харууллаа. Монгол Ардын Намаас нэр дэвшсэн, дэмжсэн, сонгуульд ялалт байгуулахын төлөө хүчин зүтгэсэн бүх хүнд баярлалаа. Монгол Ардын Намд 315 мянган сонгогч итгэлээ өгсөн байдаг.
Айлын нохойд хөөгдөж, халуунд халж, хүйтэнд хөрч, гутлынхаа улыг элэгдтэл, тавхайгаа эргэтэл дээлээ гандааж зүтгэсэн идэвхтэн зүтгэлтнүүддээ талархах ёстой. Үнс нурам дундаас гал голомтоо босгож, уугуул нэрээ сэргээж, шинэчлэлийн амаргүй ажлыг сэтгэл зориг хоёроороо хийсэн хүн бүрт баярлалаа. Одоо бид зогсох биш урагшлах ёстой.

Ж.МӨНХБАТ


URL:

Сэтгэгдэл бичих