Өршөөлөөс татгалзаж өөрөө хавханд оров

Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхээс 3.6 жилийн ял оноосон билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан ч Өршөөлийн тухай хуульд хамруулан сулласан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна.

Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан.     Түүний гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Ингэснээр түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулалгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон. Гэхдээ хэргийг өмнө нь шийдсэн Хан-Уул дүүргийн шүүхэд бус Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяаллыг нь өөрчилсөн билээ.
Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд тэдэнд холбогдох шүүх хурал болж, тэднийг гэм буруутай хэмээн 3.6 жилийн хорих ял оноолоо.
Нэгэнт гэм буруутайг нь батлаад, Өршөөл үзүүлэх хуульд хамруулсан хэргийг сөхөн гомдоллосоноороо П.Даш, Л.Алтангэрэл нар ийнхүү хорих ялаар шийтгүүлэв.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих