Мөнгө булсан зам

Манайд Ардын хувьсгал өрнөж арай дөмөгхөн хөрөнгө чинээтэй хүмүүсийг “Хар, шар феодалууд” хэмээн хөрөнгийг нь хүчээр хурааж, бурхан тахилыг нь “булж” байсан түүх бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд “зам”-д мөнгө булдаг болоод буй. Жил бүр зам засах, шинэчлэх, өртгөтгөх нэрээр хэдэн тэрбумаар нь мөнгө булдаг ч үр дүн нь энхэл донхол, эвдэрхий цоорхой, хэл ам, хэрүүл тэмцэл.

Өнөө жил зөвхөн нийслэлд 114 тэрбум төгрөгийг замын ажилд зориулахаар төсөвлөсөн. Хувьсгалын үед булсан бурхан тахилыг ухаж гаргаад дамлаж баяжигсад ганц нэг дуулддаг. Гэтэл замд булсан мөнгөний хувьд ийм боломж байхгүй. Нэг ёсондоо ор тас алга болно гэсэн үг. Уг нь улсын төсвөөс гарахдаа чанартай сайн зам болох даалгавартай,  шинэ техник, тех­но­логи ашиглан “насны зам” тавина гэсэн том амлалтай, сайхан замаар саадгүй давхих хүмүүсийн хүлээлттэй эхэлдэг ажил. Харамсалтай нь тавьсан зам нь сар ч болохгүй эвдэрч, цоордог нь энгийн үзэгдэл  болж. Нэг жил болсон замаа “Энэ их сайн зам. Нэг жил болж байхад яагаа ч үгүй. Их тэсч байгаа шүү” гэж ирээд л магтана гээч. Зарим нь бүр хүлээлгэж өгч амжаагүй байхад л эвдэрчихсэн, түүн дээр нь машин зөрөх гэж бөөн хэрүүл маргаан дэгдэж, цагдаа дуудахдаа тулдаг хошин шог шиг түүх манайхаас өөр аль ч улсад байхгүй байх.

Тухайлбал Дарь-Эхийн зам гэж дуулиан шуугианы эзэн байна. Өнгөрсөн жилийн намар хүлээлгэж өгөх ёстой байсан ч МХЕГ-аас хүлээж аваагүй гэж байгаа. Гэрэлтүүлэг, хашлага нь шаардлага хангаагүй гэсэн байх. Энэ замд өртөгтгөл, шинэчлэл хийхээр 6.8 тэрбум төгрөг төрийн халаас, түмний татвараас урссан ч өнөөдөр зам нь там болсон. Ядаж л гэрэлтүүлэг хийгээгүйгээс босгосон шонгууд нь дайрагдаж, хугарсан. Дээрээс нь ус зайлуулах хоолой, суваг байхгүйгээс үер борооны үед гол горхи шиг болно. Сүүлийн жилүүдэд хур бороо бага орох болсноос урсгал ус төдийлөн үзэж чадахаа байсан заримд голын урсгал харж стрессээ тайлж байна гэж мөрөөдөхөд ч болохоор дүр зураг харагддаг. Ийм “онцлогтой” зам тавьсныхаа төлөө хариуцлага хүлээх хүн нэгээхэн ч үгүй.

Ямар гээчийн эрх дархтай нөхөд гэхээрээ ингэж улсын мөнгөөр тоглож суудаг, мань мэт нь тэр замаар ажилдаа явах гэж бөөр нуруугүй болж, ажил төрлөөсөө хоцорч арав, таваа хасуулж байдаг билээ. Үүний хариултыг өгөх хүн бүр олдохгүй. “Тэндэхийн зам хэдэн онд, хэчнээн төгрөгөөр хийгдсэн бэ” гэж асуувал гэмт хэрэгтэн болох шахна. “Та нар яах гэж байна. Хүний ар нуруу руу хутгалахаас өөр ажил байхгүй байна уу, зам тавихыг тийм амархан ажил гэж санаа юу” гэж зэмлэх албаныханд хариуцлага, эх оронч сэтгэл гэж бага ч гэсэн баймаар юм.

Иймэрхүү замын бас нэг жишээ шархадных. Өнгөрсөн онд 4.1 тэрбум төгрөгөөр герман технологиор тавилаа, заслаа л гэсэн. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд газар дээр нь танилцаж “Мөн сайн зам аа” гэж толгой сэгсэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Герман технологи ямар байдгийг харцгаа монголчуудаа. Энэ замын чанарыг цаг хугацаа харуулна. Та нар хараад л байж бай” гэж аархаж байсан. Гэтэл өнөөдөр өнөө л эвдрэл, энхэл донхлын асуудал. “Манайд замын чанарыг стандарт, сайн инженер, сайн гүйцэтгэл, бүтээлч сэтгэл биш цаг хугацаа харуулдаг” гэж ярьдаг дарга нарын үзэл бас ч хошин санагдаад байгаа юм. Цаг хугацаа үнэхээр харуулсан. Гэхдээ герман технологиор тавьсан зам ганцхан жилийн настайг харууллаа. Үүнийг герман хүн олж үзвэл уур нь хүрэх биз. Энэ мэтчилэн асуудалтай зам нийслэлд олон. Сүүлийн үед Улаанхуарангийн зам гомдол дагуулах болсон. Шороо тоос бослоо, эвдэрсэн, хэмхэрсэн л гэнэ. Энэ онд л засч сэлбэж, нөхөөд байна гэж дуулдаж байсан. Ямартай ч энэ замаар явагсдын бухимдлыг нэг биш сонсох болов.

Мөн ИЗИС-ийн их сургуулийн урд тал, Сансарын туннель орчмын зам гээд доороо мөнгө булж, дээрээ бухимдал дагуулсан замаас манайхан хэзээ салж ангижрах юм бол. Замын ажил гүйцэтгэдэг мундаг нэртэй компани бий. Нэрийг нь сонсоод л сайн зам тавих байх даа гэж итгэмээр. Харамсалтай нь тавьсан зам муухан байдагт нь л нэгэн бодлын уурсмаар, нөгөө бодлын гомдмоор. Замын чанарын талаар ярихаар тэд “Замыг нөхөж, сэлбэхээс илүү иж бүрэн шинэчилж байж л тодорхой үр дүнд хүрнэ” гэх. Уг нь засч, нөхөх нэрээр мөнгө хийсгэж байхаар ингэж шинэчилбэл горьдлого байгаа юм шиг санагдана. Гэвч дахиад л ганц борооны ая даахгүй зам тавьчихвал “Хайран ч мөнгө минь” гэж харуусаад өнгөрдөг түүх үргэлжилнэ гэсэн үг. Ингээд бодохоор жилд багахан төсөв гаргаад нөхөөд сууж байх нь дээр мэт.

Тэгэхлээр бид зам тавихад зориулан төсөвлөсөн мөнгийг залгих гэж хамгийн ашигтай тендерийг өөрийн болгодог нөхдөөс хариуцлага асуудаг, чанар шаарддаг болж байж л бүтэн машин, эрүүл бөөртэй үлдэх байх. Яаж ийж байгаад гайгүй тендер авчихвал аль нэг орны технологи ярьж мунхруулаад талыг нь газарт, талыг нь хэтэвчдээ шургуулж л байвал “уран бүтээл” нь хэд наслах тэдэнд хамаагүй. Сайн зам мөрөөдөж, сайхан үлгэрт итгэж явтал ар хойгуур маань замын мөнгийг залгидаг арга улам нарийссаар байгааг зогсоох цаг болжээ.

Ч.БАТМАА

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих