С.Батцэцэгийг олимпид явуулахыг баталгаажуулсан бичиг Олон улсын бөхийн төрлүүдийн холбоонд очжээ
Лондонгийн олимпид Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа оролцох эрхийг хамгийн анх авчирсан тамирчин бол МУГТ О.Насанбурмаа юм.
Угийн идэвх зүтгэлтэй тэрээр олимпод орох эрхээ өвөртөлж ирсэн өдрөөс улам ч бэлтгэлээ эрчимтэй чамбай базааж эхэлсэн. Гэсэн хэдий ч харамсалтай нь түүний оронд МУГТ С.Батцэцэгийг явуулах тушаал гарчээ. Түүнийг баталгаажуулсан бичиг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд ч оччихоод байгаа гэсэн. Энэ удаагийн олимп түүний хувьд сүүлчийн олимп байж болох, тэрээр амжилт гаргана гэдэгтэй ч тун итгэлтэй байв.
Гэвч холбооныхоо удирдлагын гаргасан шийдвэрийг яалтай билээ. Хувь заяатайгаа эвлэрэхээс өөр яахав дээ гэхээс өөр үг амнаас нь гарахаа больсон тамирчин бүсгүй өдөр бүхэн нүдэндээ нулимстай бэлтгэлээ хийдэг гэхийг сонсоход олимпийн найдвар байсан тамирчныхаа сэтгэл зүйгээр ингэтлээ тоглож болдог юм уу гэж бодогдмоор.
Дөрвөн жилийн хугацаанд улс эх орныхоо нэрийн өмнөөс хөлсөө дуслуулан олон тэмцээнд оролцсон түүний хүсэл мөрөөдөл хормын төдийд талаар болно чинээ хэн санах билээ. Батцэцэгийн хувьд ДАШТ-ээс алтан медаль хүртэж улмаар 2009 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2010 онд Азийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан амжилт туршлагаараа Насанбурмаагаас дутахааргүй тамирчин л даа. Гэхдээ л олимпоос эрхээ авсан тамирчин нь өөрөө оролцож азаа үзэх хэрэгтэй шүү дээ.
Тиймээс дээрх асуултад зарим спортын удирдлагуудаас хариулт авлаа. БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо “Одоо бараг Насанбурмааг явуулна гэсэн зүйл байхгүй дээ, Чөлөөт бөхийн холбооны өөрсдийнх нь гаргасан шийдвэр” гэлээ. Ардын багш Ч.Насантогтох “Уг нь эрхээ авсан тамирчин нь явах ёстой. Батцэцэг, Насанбурмаа хоёр хоёулаа л сайн тамирчин. Батцэцэгийг амжилт гаргаад ирвэл баярлаад л угтана шүү дээ. Олимп арай эхлээгүй байгаа юм чинь энэ асуудлыг Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд эргэж харах байлгүй дээ” гэсэн юм.
Харин МЧБХ-ны зарим удирдлагуудаас энэ талаар асуухад тэд дургүйцэж энэ асуудлыг ярихгүй, манай Холбооны ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, бид өмнөөс нь хариулт өгөх эрхгүй гэв. Юутай ч Монголын Чөлөөт бөхийн холбоо олимпийн эрх авсан тамирчныхаа оронд өөр тамирчин илгээх нь тодорхой боллоо.
Д.Гэрэлт
URL: