З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж буйгаа танилцуулж байна
УИХ-ын анхдугаар чуулган эхэлж, ахмад гишүүн Л.Цог хуралдааныг даргалж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын даргыг сонгох асуудал яригдана.
Ингээд энэ сонгуулийн дүнгээр хамгийн олон саналыг авсан АН УИХ-ын даргад нэр дэвшүүлж буй хүнээ танилцуулах ёстой. Ингээд тус намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн З.Энхболдыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж улс төрийн намуудтай зөвшилцөөд байгаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүдийг дэмжихийг хүслээ.
УИХ-ын даргад нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд:
1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, охин, хоёр хүүтэй. Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй. 1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуульд Олон улсын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн.
УИХ дахь Монгол-Америк, Монгол-Орос, Монгол-Сингапур, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.
М.Жаргал
URL: