“Улстөрийн тойм” сонины сэтгүүлчийг хорилоо
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улстөрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өнөөдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр шууд барьж хорилоо. Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна.Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Очмандахын захирамжаар сэтгүүлчийг барьж хорьжээ. Шүүх энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос хэргийг зүйлчилж, ял төлөвлөн шүүхэд шилжүүлэх үед сэтгүүлч Л.Баярааг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр, шүүхийн ямар ч захирамжгүйгээр гурван цаг саатуулж байсан аж.
УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар “ПиАр”-ын төлөвлөгөө гаргасан байсныг “Улстөрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн юм байна. Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй билээ.
У.Бишүү
URL: