Оюутолгойгоос жилд гурван сая унци мөнгө олборлоно

“Ivanhoe Mines” компани Оюутолгойн алт, зэсийн ордоос жилд гурван сая унци мөнгө олборлох тухай  “Reuters”-ын цахим хуудсанд тэмдэглэжээ. Тус компанийн мэдээлснээр Оюутолгойн ордын ашиглалтын 27 жилийн хугацаанд нийт 78 сая унци мөнгө олборлох аж. Өнгөрсөн лхагва гаригт уг таваарын ханш 31 жилийн дээд түвшиндээ хүрч, унци нь 34.96 ам.доллар болсон билээ. “Хөрөнгө оруулагчдын сонирхолд тулгуурлан дэлхийн мөнгөний зах зээл хөвж буй тул бид мөнгөний олборлолтыг шавдуулах шаардлагатай. 2013 оноос олборлот эхэлмэгц Оюутолгой алт, зэс төдийгүй мөнгөний олборлолтоор дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх болно” хэмээн “Ivanhoe Mines” компанийн захирал Роберт Фрийдланд мэдэгджээ.
Тэгэхээр Оюутолгойн ордоос жилд 1.2 тэрбум фунт зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө олборлох болж байна. Түүнчлэн эл орд молибдений нөөцтэй нь тогтоогдсон билээ. Эл ордыг ирэх оны сүүлчээр ашиглалтад оруулна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ivanhoe Mines” компанийн хувьцаа өнөөдрийн арилжаагаар 0.65 хувиар өсөж, нэгж нь 27.91 канадп доллараар арилжигдаж байв.
Б.Дарханцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих