Хууль эрхийн алуурчны төгсгөл

Монголд хууль үйлчилж байна уу? Хуулийн өмнө хүн бүр тэгш байж чадаж байна уу? Хуулийн дагуу бүхий л үйл ажиллагаа явагдаж байна уу. Хэрэв үгүй гэвэл хэн хуулийг уландаа гишгэж, хуулийг үнэгүйдүүлж байна вэ.

Гурав хоног үйлчилдэг хуультай, гутарсан ард түмний эцсийн найдлага хаа хүрч зогсохыг хэн ч мэдэхгүй. Монголд хууль гууль болоод, хулгайчид төрд гараад 22 жилийг ардаа орхилоо. Үнэнээр зөвөөр яваад бурууддаг, гүтгэгддэг, шийтгэгддэг нийгэмд амьдраад мөн л 22 жилийг ардаа орхилоо. Хууль мөнгөтэйд нь үйлчилдэг гаж тогтолцоо ардчилсан Монгол улсад байгааг хараад социализмын үеээ иргэд дурсах боллоо.

Ерөөсөө Монголд хууль гэж байхгүй, ер нь Монгол хуулийн дагуу яваад юу ч бүтэхгүй болхоор хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Орондоо хууль засч, Ордонд хор найруулдаг сайдыг хараад гутарлаа, олон компани байгуулчихаад орлогоо нууж, татвараас бултах гэж төрд гардаг түшээдийг хараад эмгэнэлээ. Монгол улс тэр аяараа шударга бусад дарлуулж, Монголын ард түмэн эрх баригчдын хууль бус үйлдлүүдийн хамгийн том хохирогч болж үлдлээ.

Монголын хууль Монгол хүндээ хамгаас хатуу, харин гадныханд ерөөсөө ч үйлчлэхгүй. Монгол залууг зодчихоод дээгүүр нь нулимчхаад гарч байгаа, Монгол улсыг ухаж зарчхаад ард түмнийг нь доромжилж байгаа гадныхныг хараад таны нойр хүрч байна гэж үү. Хууль эрхийн алуурчид хэний төлөө хууль баталж, хэрхэн хэрэгжүүлж байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Хуульгүй бас төргүй Монголын ард түмэн хуультай, төтэй болохыг юу юунаас илүүтэйгээр хүснэ. Хуульгүй газар шударга бус байдал, хулгай дээрэм газар авдгийг та бид хангалттай харлаа.

Нийгмийг харилцааг зохицуулагч гол хүчин зүйл болсон хууль үгүй болсноос болж, Монгол улс тэр чигтээ замбараагүйтэж, хөл толгойгоо олхоо болилоо. Хуулийг санаатайгаар, зориудаар гажуудуулагчид ард түмний баялгийг хуу хаман харийн орон луу зөөсөөр. Өнөөдөр Монгол орон улс төр эдийн засаг болоод нийгмийн хямралд бүрэн орж Африкийн эмгэнэлт хувь заяаг давтах дээрээ туллаа. Монголд хууль үйлчилдэггүй мөнгө эрх мэдэл үйлчилдэг болгосон эрх баригчид өнөөдөр хууль бус аргаар олж авсан бүхнээ, хулгайлсан бүхнээ алдах вий гэдгээсээ үхтлээ айна.

Д.Санчир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих