МАХН-ыг мантгар хамарт байгуулаагүй
Монголын улстөрийн салбарт 90 жил үйл ажиллагаа явуулсан Махн гэдэг хүчтэй нам хоёр хуваагдан хүчээ тарамдуулжээ. Могойг таславч гүрвэлээс урт гэгчээр, ман, махн хоёрын сонгуулиар авсан саналыг нэмэхэд 53 хувь болж байгаа ч хэзээ ч дахин нийлэхгүйгээр дайсагналцан хоёр тийш болжээ. Түүхэндээ 1996 оны сонгуульд нэг удаа навс ялагдсанаас өөрөөр ялагдаж үзээгүй, дахиад хэзээ ч ялагдахгүй дээ гэж хэн хүнгүй эргэлзэх юмгүй үзэж байсан энэ нам юуны учир ийнхүү хоёр салж хүчээ сарниулав, хамтдаа бодож үзье.
Олон хүн мантгар хамартай урт хормойтыг энэ бүх хэргийн эзэн гэж хэлэх байх. Гэвч, бодит байдал тийм биш. Монголын төрд олон олон муу муухай соёлыг нэвчүүлж, төрийг жинхэнэ утгаар бузарлаж, сүүлдээ өөрийгөө бүр Чингис хааны хойд дүр гэж солиорч асан энэ этгээдээс салахын тулд С.Баяр бусад улстөрийн хүчнүүдийг өөртөө нэгтгэн байж тэмцжээ. “Энэ новшоос салаагүй цагт та бидэнд ‘боломж’ хэзээ ч ирэхгүй” гэж нөгөөдүүлдээ итгүүлсэн С.Баяр “хорт мангасын эсрэг аяныг” амжилттай удирдаж санасандаа хүрсэн юм. Энэ хүртэлх түүний үйлсийг магтах нь зүй ч, дараагийн алхмууд нь дарангуйлал руу далласан хорон санаархал байсан юм.
С.Баяр хоёр том намыг нийлүүлж нэг нам байгуулах далд санаа сэджээ. Түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлэн, ОюуТолгойн гэрээг байгуулж өөрийгөө “үндэсний баатар” болгон зарлав. Өөрийн өврийг ч хэдэн үеэрээ идэх мөнгөөр дүүргэсэн гэдэг. Хэдийвээр хуучин коммунист намын дарга болтлоо явсан ч, ардчилсан үзэлтэй гэж үзэгдэж, өөрийгөө тэгж хэлүүлэх дуртай явсан тэрвээр МАХН-ын нэрийг сольж, төрөл арилжуулан цоо шинэ нам болгон бэхжүүлж, дахиад 100 жил төр барих тогтолцоог бүрдүүлье гэж залгамжлагч нартайгаа тохироод албан тушаалаа шилжүүлэв.
Улстөрийн ууган хүчнийг онол, параагчигийн хувьд эрс шинэчилж, шинэ дарангуйллын эринийг нээхээр шийдсэн тэдний тэрхүү гэнэн санаархал, гоомой үйлдлээс бүх юм эхтэй. Монголын урдаа барьдаг ганц философич гэгддэг Даш-Ёндон өвгөнийг урьж “үндэсний социалист үзэл” ч гэлүү нэгэн шинэ улстөрийн онол гарган түүгээр зэвсэглэхээр шийдэж, “Тэрэлжийн тунхаг” гэгчээрээ нэрээ ч сольж, “толгойгоо” ч шинэчлэхээ зарлав.
Хүн төрөлхтний хувьд хөгжил гэдэг нь мэдлэгийн хөгжлийн тухай ойлголт байдаг. Хүн төрөлхтний түүх гэвэл тэрхүү мэдлэгийн хөгжлийн процесс хэрхэн явагдаж ирсэн тухай ойлголт юм. Анхлан хот үүсч нийгмийн эхлэл тавигдаж эхэлсэн тэр цагаас мэдлэгийн түүх эхэлдэг. Мэдлэг гэдэгт хүний тухай, хүний нийгмийн тухай мэдлэг гол цөм нь болдог. Улстөр гэдэг бол олон хүний амьдралын төлөөх мэдлэгийн цогц буюу шинжлэх ухааны салбар. Улстөрийг мэдлэгийн салбарын оргил гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Улстөр гэвэл эрх мэдлийг гартаа авч, өөрсдөө баяжихыг санаархсан мэдлэггүй хүмүүсийн тулга тойрсон хуйвалдааныг хэлдэггүй. Чухам ийм гэдгийг инженер, философиор давхар доктор хамгаалсан С.Молор-Эрдэнэ баталж МАХН-ын мэдлэггүй улстөрчдийг “бут цохисон юм.”
Доктор С.Молор-Эрдэнэ махнчуудын гаргасан бүдүүлэг алдааг онолын хувьд ч, бүтцийн хувьд ч бут цохихоор маш сайн зохиомж гаргасан юм. Түүний тухай эхлээд товч танилцуулъя. Тэрээр Германд хэрэглээний физикээр доктор хамгаалж, технологийн чиглэлийн томоохон компанид нарийн мэргэжлээр ажиллаж, бас өндөр технологийн салбарт олон улсын зах зээлийн судалгааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Технологийн инновацийг Монголдоо хөгжүүлэх халуун хүсэл өвөрлөсөөр ШУ-ны академи гэх сүржин нэртэй хоцрогдсон газарт орж ажиллан хоцрогдлын зузаан ханыг духаараа мөргөж мэдрээд, мэдэхгүйн харанхуйд автсан үндэстнийг гэгээрүүлж, улс үндэстнийг бүтээж хөгжүүлэх мэдлэгт суралцахаар эргэлтгүй шийдэн дахиад Германы зүг хүлгийн жолоо залж, Мюнхэний Их сургуульд философиор доктор хамгаалжээ. Түүний доктор хамгаалсан сэдэв нь уламжлал хийгээд шашин дээр суурилсан нийгмийг мэдлэг дээр суурилсан нийгэмтэй харьцуулсан судалгаа байжээ. Ерөнхийдөө тэрбээр үндэстнийг, улсыг бүтээж хөгжүүлэх тухай мэдлэгийг судалсан байна.
Докторын ажлаа төлөвлөсөн 3 жилийн хугацаандаа амжилттай хамгаалсан тэрбээр Монголынхоо улстөрийг мэдлэггүйн түнэр харанхуйгаас салгахаар баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байдаг. Түүний хамгийн түрүүн хийсэн ажил бол монголынхоо сэхээтнүүдийг юун түрүүнд зөв боддог, аливаад рационалиар ханддаг болгож, зөв шийдвэр, зөв үйлдэл хийдэг болгохын тулд философийн дугуйлан байгуулж, хичээл зааж, сэтгүүл хэвлүүлэн, улстөрчид, гадаадад төгсөгч сэхээтнүүд гээд өргөн хүрээний хүмүүсийн дунд мэдлэг түгээн тархи толгой нь цэгцэрсэн, мэдлэгтнүүдийн хүрээлэл бүрдүүлэхийг зорьжээ. Түүний дунд улстөрчид ч цөөнгүй байсан гэдэг.
Тэр үед Намбар ван 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихаад эхнэрээсээ үндсэндээ салж, оросын бага ястан хоёр номерын авгайгаараа хань хийж, архи ууж хөлчүүрхсэн амьтан үхсэн амьдын хооронд цагийг өнгөрөөж байсан гэдэг. Др. Молор-Эрдэнийн баг түүнийг улстөрийн ресурс болгон ашиглахаар шийджээ. Ялагдсан экстэй танилцаж ярилцах нь Монгол шиг жижиг оронд тийм ч хэцүү ажил биш. Намбар ван докторын багийнхантай танилцсан явдал Намбар ваны төдийгүй, монголын улстөрийн амьдралд томоохон өөрчлөлт авчирсан юм. Улстөрийн ажиллагаагаа сэргээхийг санал болгосоны хариуд үхлүүт шахуу байсан На ван “16 оны сонгуульд өрсөлдөнө дөө” гэж хэлсэн гэдэг. Юуны чинь 16 он, одоо ч өөрт нь маш их боломж бий гэдгийг доктор түүнд ойлгуулжээ.
Докторын багийнхан На ванд өдөр алгасахгүй лекц уншиж, түүний нүдийг нээсэн шиг нээхийг зорьжээ. Тэд хамтдаа Синга орж, эдийн засгийн бүтэцтэй нь танилцаж, бас Солонгос явж идэвхтэй айлчлал хийв. Тэрбээр урьдын На ван биш болж ирлээ. Чухамдаа энэ үйл явдал түүний хувьд дахин төрсөн лүгээ адил хэрэг болсон юм. Өдрөөс өдөрт тэрбээр тэнхээ орж, хөл дээрээ бүрэн зогсож, урд өмнийн алдаа оноогоо шүүн ярьж, энд тэнд алдаж онож явснаа, Миеэ, Баярцогт нарт мадлуулснаа харамсан харамсан ярьж байв. Инноваци ярьж, Шумпетерийн онолыг “судлах” болов. Мэдлэгтэй хүмүүстэй уулзаж нүд нь нээгдсэндээ баярлаад барахгүй байх мэт байв. Гэвч, илжигний чихэнд ус хийвч, бас алт хийвч сэгсэрнэ гэдгийн үлгэрийг түүний дараа дараагийн үйлдлүүд харуулсан юм.
Тэрэлжийн тунхаг гэгч нь чухам мэдлэггүйтнүүдийн солиорол гэдгийг Мо доктор шууд харж, хөдлөх цаг ирлээ гэдгийг мантгар хамартад хэлжээ. Эндээс бүх хэрэг эхэлсэн түүхтэй. МАН-ын “шинэчлэл” гэх тэнэглэлийг эсэргүүцсэн цуглаан дээр тавьсан илтгэлээрээ Молор-Эрдэнэ тэдэнд онолын цохилт өгч, МАХН-ыг байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Мөнгөтэй болсондоо эрдсэн С.Баяр тэргүүтэнд үйл явдлын цаашдын өрнөлийг ургуулан харах “мэдлэгийн нүд” байсангүй.
Гэвч, мантгар хамартын толгойг цэгцлэх үйл явц эхнээсээ эцсийг хүртэл тийм ч амар байгаагүй. Үйл явдлын өрнөл эрчээ авч, тодорхой алхмууд хийх болоод ирэх үед тэрбээр илэрхий хулчиганаж, бултан зайлж эхэлжээ. Тэр үед докторын багийн зоригт гишүүн Дорнодын харъяат УИХ-ын гишүүн Шинэбаяр МАН-аас гарснаа зарласан нь түүхэнд алтан үсгээр бичигдэх том үйл явдал болсон юм. Тэр үед мантгар хамарт эргэлзсэн хэвээрээ л байв. “Одоо яах ёстой билээ, би нэг мэдэгдэл хийх ёстой байх, тиймээ” гэсхийж байснаа хэд хоног хэл улгүй сураггүй алга болчихсон гэдэг. Тэгснээ нэг сарын хугацаатайгаар Японд амрахаар одсоноо хүнээр дамжуулж хэлүүлжээ.
Тэр үед Молор-Эрдэнийн багийнхан ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, Хамуг Монголын Тунхгаа гарган зарласан нь Намбар ваныг сэрээжээ. Японоос гэнэт утас цохисон тэрбээр “цаашид хамаг юмаа нэгд нэгэнгүй хоорондоо сайхан ярилцаж байж хийж явъя” гэжээ. Бүх юмнаас хоцрох нь гэж “мэдрэмжилсэн” үү, Асашёорюүгийн очдог мэргэч авгайгаас асуусан уу… Юутай ч тэрбээр гэв гэнэт идэвхжив.
Махныг байгуулна, өөрөө ерөнхий зөвлөх хийгээд ард нь байя, Молор-Эрдэнэ доктор дарга болж, Шинэбаяр гишүүнийхээ хамтаар бүх ажлыг урагшлуулж, хүчтэй сөрөг хүчинг бүрдүүлж сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Монголдоо мэдлэгийн нийгэм байгуулахын төлөө тууштай ажиллая гэсэн докторын багийнхны зөвлөгөөг тэр хэрэгссэнгүй. Өөрөө намын дарга болж, бусад албан тушаалыг бас л авлаа. Түүгээр ч үл барам, урт хормойтой хувцас өмсөн саарал ордноос салахаа байж, Сү.Батболд тэргүүтнүүдтэй уулзалдан сэм сэм шивнэлдэж, тэр бүү хэл хотын төвийн хамгийн өндөр барилгуудаар явж эзэдтэй нь уулзаж, өр ширээ нэхэж айлган сүрдүүлж явсан гэдэг. Докторын багийнхантайгаа холбоо барихаа ч больжээ. Төрөл арилжуулсан “эцэг, эхийнхээ” өөдөөс “салаавч үзүүлэх нь” тэр. Нимка, Миеэ нарыг ач санадаггүйгээр нь дууддаг тэр өөрөө тэднээсээ ч дутахааргүй ясны тийм араншинтай юмсанж.
Мантгар хамарт өөрийгөө дэндүү гэтрүүлж үнэлдэг нь юутай гачлантай. Тэрбээр бүхнийг мэдчихсэн гэж, өөрийгөө мэдлэгтэй гэж том андуурав. Түүний толгой шашны догматикаар дүүрсэн хогийн савнаас ялгаагүй. Түүний хог дүүрсэн толгойноос МАХН-ыг байгуулах санаа хэзээ ч төрөхгүй байсан, төрлөө гэхэд хэрэгжүүлэх зориг зүрх огтхон ч гарахааргүй байв. Молор-Эрдэнэ доктор онолын үндэслэгээ гаргаж, УИХ-ын гишүүн Шинэбаяр шийдвэртэй алхам хийж үйл явдлыг хөтлөөгүй бол тэр төсөл хэзээ ч хэрэгжихээргүй байв. Хэрвээ, тэр ганцаараа хөдөлсөн бол намын нэрийг дээд шүүхээс өгөхгүй байсан болов уу. Шинэбаяр гишүүний акцууд бул хар чулуу болсон 90 жилийн настай намыг буталж болох нь гэдгийг хэн хүнд илэрхий болгож өгснөөрөө бүх зүйл амжилттай өрнөсөн хэрэг.
Илжиг толгойтод хичнээн ухаан заавч нэмэргүйн үлгэрийг мантгар хамарт өнгөтөөр үзүүлсэн юм. Түүнийхээ ч горыг тэр одоо амсаж байна. Хэрвээ, тэрбээр эрдэмт нөхдийнхөө үгэнд ороод явсан бол тавхайгаа өөд харуулж тэнгэрийг хилэгнүүлэн, “амьтан болж” шившгээ дэлгэхгүй, сонгуульд Махн том ялалт байгуулж, 13 онд өөрөө дахин “амилах” ч байсан юм билэв үү, өнөөх Чингис болох солиотой мөрөөдөл нь биелэх ч байсан юм билэв үү… Амьтас түүнийг “айхавтар сэтгэдэг, үгүй мөн гүйлгүү ухаантай” гэдэг нь оргүй андуурал юм. Буруу хойшоо, тулга тойрсон аар саар зүйл, түмэн олныг хууран мэхлэх тал дээр тэрүүхэндээ ухаан нь “гүйдэг” биз. “Хэцс, мантгар хамартыг хэн ухаантай гэдэг юм, тийм л сүрхий ухаантай байсан юм бол 7 сарын 1-ний онцгой байдлыг бүтэн жил үргэлжлүүлэн зарлаж байгаад өнөөх зүүдний хаан ширээндээ суучихгүй юу” гэхийг сонссон юм. Ортой дог. Шунал ихтэй энэ чөтгөрт тийм “ухаан” заяачихсан бол эх орон маань алин цагийн алга болчих байсан ч юм билэв үү.
Эцсийн дүндээ түүний тэнэглэл өөрт нь л муу болсноос биш, Монголын ард түмэнд, Монголын ардчилалд нэмэр болсон юм. Бид азтай.
Махн хийгээд Ман-ын цаашдын хувь заяа тун бүрхэг. Тэд улстөрийн нам шиг нам болж төлөвшие гэж байгаа бол Молор-Эрдэнийг урих хэрэгтэй. Ардчилсан нам ч гэсэндээ, одоо хуучин хомнистууд руу бүх бурууг чихэж өөрсдийгөө өмөөрөх эрхгүй болжээ. Хүн шиг бодож сэтгэхгүй бол бас л “алуулж” мэдэх нь.
Ц.Буянцогтоо
URL: