С.Жавхлан: Надад байдаг хамгийн том цол Саманд гэж аавын минь алдар
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлантай утсаар холбогдож ярилцлага авах хүсэлтээ илэрхийлэхэд “Ах нь ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа. Хоёулаа шинэ жилийн үеэр ярилцъя” гэв. Гавьяаттай уулзах амаргүй юм. Гэхдээ эцсийн аргаа хэрэглэж түүнтэй ойр байдаг багшаараа “арын хаалга”-дуулж байж ярилцлага авахаар болж билээ. Тэрбээр миний асуусан болгонд хариулаагүй ч ямар нэг хуурамч дүр эсгээгүйд нь баярланам. Ингээд Монгол Улсын гавьяат жүжигчин Жавхлангийн яриаг уншигч танаа хүргэе.
-Та яагаад энгийн үед үндэсний хувцсаар гангарах болов. Бас гэзэг тавьсан байна?
-Би монгол хүн болохоор л үндэсний хувцсаа өмсч байна. Харин надаас ийм асуулт асууж суугаа чи хаанахын хувцас өмссөнөө хар даа. Гэзэг бол мэдээллийн долгионыг өөрөөрөө дамжуулж, тархи, зүрх сэтгэл, бодол ухаанд зөн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Тийм ч учраас бидний өвөг дээдэс бүстэй, бүсгүй ялгалгүй гэзэг тавьдаг байж. Ганцхан жишээ хэлэхэд, ээж хүн зөв совин ихтэй л гэдэг. Гол учир нь гэзэгтээ байгаа юм. Товчхон доо ийм л байна даа.
-Гэхдээ гэзэг таныг овортой харагдуулахгүй байна уу?
-Миний насыг мэддэг бүх хүнд баярлалаа. Намайг овортой болгож харж байгаа тэр хүнийг би сэтгэлээрээ овортой хүн гэж хэлнэ. Тэр хүн лав их айдастай явдаг байх. Ер нь миний үсний ширхэг бүрийг тоолон суугаа завтай бөгөөд залхуу хүмүүсийг би хүндлэн биширч байна.
-Итали, ОХУ-д дуучнаар сурах урилга ирснийг хүлээж аваагүй гэж сонссон. Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?
-Хүмүүс сүүлийн үед гадны хэл, эд юмс, гадаад хүн гэхээр л амь тавих шахдаг болжээ. Англи хэл сураагүй бол хүн биш гэж тооцох гээд байх шиг. Дэлхийг байлдан дагуулж, Монголынхоо нэрийг дуурсгаж ирсэн өвөг дээдсийнхээ төрөлх хэлийг хаяж гээгээд, гадны гэх бүх зүйл рүү хошуурч байгаа нь юуны ёр вэ. Ийм байдалтай л цаашаагаа яваад байвал дэлхийд монгол ёс заншил үгүй болно. Тиймээс надад гадаад улс орноос дуу сурах шаардлага байхгүй ээ. Бид тэднийг хангалттай мэднэ. Харин Монгол байгааг мэдүүлэх л чухал. Тийм цаг ирнэ.
-Таны дуулсан дуу бүхэн хит болдог. Үүнтэй маргах хүн ховор биз. Харин дуулсан дууны чанарт клип тань хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл бий?
-Би бүр шүүмжлүүлэх гэж клипүүдээ сулхан хийдэг тал байгаа шүү. Надаас нэг хүн “Ээжийн чанасан цай” дууны клипэнд дөрвөн алдаа байна гэж хэлсэн. Хариуд нь түүнд “Найман алдаа бий. Чи талыг нь олоогүйг бодвол их муу байна. Нэмээд дөрвийг олоорой” гэж захиад явуулсан /инээв/.
-Яагаад? Уран бүтээлч, тэр дундаа гавьяат хүн төгс уран бүтээл гаргах ёстой шүү дээ. Гэтэл зориуд шүүмжлүүлэхийн тулд алдаа гаргадаг гэдгийг тань нэг л сайн ойлгосонгүй?
-Чиний ойлгохгүй байгаа нь миний буруу биш ээ.
-Оюутан ахуйдаа хослон дуулж байсан Т.Баясгалантай хэр холбоотой байдаг вэ?
-Мэнд устай л явдаг.
-Сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээл хийх болжээ. Гавьяатын дайнд хүрч хамтран дуулах дуучин алга уу?
-Надтай хамтарч уран бүтээл хийсэн дуучиддаа би үргэлж талархаж явдаг. Миний дайнд хүрч дуулах дуучин байхгүй гэдэг юу л бол. Харин эсрэгээрээ би дуучдын дайнд хүрч байна уу гэдэг сонин. Аль талаас дүгнэх нь та бүгдийн л хэрэг.
-Та гавьяат цол авахдаа “Гавьяат цол С.Жавхланг чимэх биш, Самандын Жавхлан энэ цолыг чимж явах болно” гэж хэлсэн?
-Би байгаад энэ цолыг авав уу, энэ цол намайг авав уу гэж л би хэлсэн. Бүр тодруулбал, Жавхлан амьтай юу, хоёр залгаа төмөр амьтай юу гэж хэлсэн юм. Өөрийгөө амьтайг мартаад төмрийн араас хөөцөлдөж амьдардаг хүмүүст л зориулсан үг шүү дээ. Үүний цаад учрыг задалбал олон талын ёгт утга бий.
-Сүүлийн үед гавьяатын үнэ цэнэ буурлаа гэж шүүмжлэх хүн олон болсон. Яг энэ хэл ам гарахтай зэрэгцэж та гавьяат болсон. Үнэхээр өөрийгөө гавьяатын дайтай дуучин гэж боддог уу?
-Чамд энэ цол гуншин их чухал байгаа бололтой. Сонирхлыг чинь их л татаад байх шиг /инээв/. Гавьяатай, гавьяагүйгээ би хэлж мэдэхгүй ээ. Үүнийг олон түмэн л дүгнэнэ. Надад ямар ч цол хэргэм байсан С.Жавхлан өөрчлөгдөхгүй. Би нэг л үгийг хэлэх дуртай. Надад байдаг хамгийн том цол бол Саманд гэж аавын минь алдар.
-“Болор цом”-ын эзэн Ц.Хулангийн хэлснээр хазайлгаж болохгүй ганц титэм тань аавын алдар байх нь ээ?
-Чи ч гэсэн тийм байгаарай. Монголын залуучууд ч гэсэн ийм л байгаасай.
-Уучлаарай, би гавьяа шагналд дуртайдаа яриагүй юм аа. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг төр түмэн танд хүртээсэн. Гэтэл энэ шагналыг хэлхээтэй төмөр гэж хэлсэн болохоор тань л лавлаж бас гайхаж асуусан юм л даа?
-Чи яг хажуунаас нь хараагүй юм байна тэгвэл. Төмрөөс өөр зүйлээр хийсэн юм шиг бодоод байна. Би нэлээн сайн ажигласан. Хэлхчихсэн л юм байна лээ.
-Хэлхчихсэн нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь тэр төмөрт биш. Төр түмний тань хайр шингэсэн эд гэж хүндэтгэхгүй байгаа юм уу?
-Ер нь шагнал бол Манжийн үеэс л гаралтай. Бидний үеийн залуучууд, энэ цаг үе ийм зүйлийг сонирхохоо больсон шүү дээ. Одоо цагт баахан шагнал зүүчихсэн нэгнийг хүмүүс хараад “пөөх ямар мундаг юм бэ” гэхээ больчихсон. Яаж хөөцөлдөж, хөлөө хугалах шахаад авсан бол гэж хардаг нь үнэн шүү дээ. Ер нь гадуур яг ийм уур амьсгалыг мэдрээд хүмүүс шагналаа зүүхээсээ ичдэг болсон байх. Заримдаа ичихээ больчихсон ганц хоёр хүн таардаг юм. Хүний өмнөөс ичих гэдэг хамгийн аюултай зүйл шүү. Бүр “бөгс мөгс” улайдаг юм/хөхрөв/
-Олны танил хүний алдаа, оноо түмний нүдэнд ил байдаг. Энэ нь танд заримдаа яршигтай санагддаг уу?
-Огтхон ч яршигтай санагддаггүй. Алдсан ч Жавхлан, оносон ч Жавхлан.
-Та нууж байгаа юм биш биз?
-Нуулаа гэж бодоод байгаа чамд бүр яршигтай биш үү.
-Автобусанд суусан ч таны дуу, гэртээ хариад зурагтаа асаасан ч таны дуу. Хит болсон нь бас л таных. Хамгийн гайхалтай нь тэр дуунаас огт уйддаггүй. Тэгэхээр та өөрийгөө од гэж боддог уу?
-Би од биш ээ. Өөрийгөө од гэж зарлаад явдаг хүмүүсийг би их “биширдэг”. Яагаад гэхээр од чинь их гэрэлтэй. Тиймээс тэр хүмүүсийн биеийн ихэнх хэсэг нь хүхэр юм уу шатамхай бодис байж таараа. Харин миний биеийн 70 хувь нь ус. Тэгэхээр би од биш хүн.
-“Чи минь байгаа хойно” дууг амьдралтай тань холбож тайлбарлах хүн цөөнгүй байгаа. Клип нь ч үнэхээр донж нь таарсан байна лээ шүү?
-Чи чинь түрүүн клип муу болсон энээ тэрээ гээд л байсан. Одоо яагаад магтаад унав аа? Аливаа юм маш олон талтай байдаг. Нэг зүйлийг хүмүүс ихэд сайшааж байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ муулдаг. Бидний амьдарч байгаа ертөнц бол төгс бус жаргалант, төгс бус зовлонт хорвоо билээ. Тиймийн учир чамд баярлалаа гэж хэлэхээс өөр ямар ч арга.
-Таны гар утас уруу залгахад ямар ч дуу явахгүй юм. Яагаад ч юм таны дуулсан олон хит дуунаас эгшиглэх байх гэж бодсон шүү?
-Ёстой од гэвэл Монголд үнэхээр үргэлж шатаж байдаг дэндүү ядардаггүй цайрчихсан нэг байгууллага бий. Тэр бол Мобиком. Өөрийнхөө дууг өөрөө хулгайлаад яахав дээ гээд би гар утасныхаа дуудлагад дуу тавьдаггүй юм. Миний утас тэгээд ч Мобикомынх биш. Би дуугаа дуулсаар л, тэд ямар ч зөвшөөрөлгүй хулгайлсаар л. Хэрэг хуучрахгүй ээ.
-Рок попын хамтлаг дуучдаас хэнийх нь дууг сонсдог вэ?
-Миний чих дүлийрчихгүй бол бүгдийг нь сонсоно. Би бүгдэд нь хайртай. Үргэлж хүндэлж явах болно. Урлагийн ямар ч салбарт ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж буй хүмүүс бүгд дэндүү гэгээн цагаахан, уяхан сэтгэлтэй байдаг юм.
-Яагаад ч юм би таныг шүүмжилмээр санагддаг юм. “Худлаа инээснээс үнэн уурласан нь гоё шүү дээ”. Таныг мундаг дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин улстөрд хүч үзнэ гэхээр чинь болиосой гэж харамласан шүү?
-Улстөрд оруулмааргүй байгаа бол чи яагаад асуугаад байгаа юм. “Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэж нэг үг бий. Би бүр дуучнаасаа илүү улстөрч ч юм бил үү, чи яаж мэдэж байгаа юм. Дуучин гэдэг мэргэжил, миний өнгөлөн далдлалт ч юм уу. Хоргодох байр ч юм уу, чи юу мэдэж тэгж хэлж байгаа юм. /инээв/
-Үгүй дээ. Танд бурхан чадварлаг хоолойг харамгүй заяасан. Тэгэхээр улстөрч болохыг “зөвшөөрөхгүй” байх л гэж. Уурлах үг хэлсэн бол уучлаарай?
-Уурлах зүйл алга. Би дахиад л хэлмээр байна. Чамд өөрийгөө ойлгуулж чадаагүй нь миний буруу биш ээ. Миний амьдралдаа ярилцлага өгч байсан сэтгүүлчдээс хамгийн нээлттэй, хамгийн энгийн, яг л байгаагаараа, яг өөрөө бодсон үнэнээ чи л хэллээ. Бусадтай адилхан сэтгүүлч болох гэж хоосон хэлбэрдсэнгүй. Сэтгүүлч хүн ийм л байгаасай.
-Ард түмнийхээ хайранд өлгийдүүлж дуулж яваа танд бяцхан цагаан атаархал төрдөг шүү?
-Тэнэг юм шиг мэлэрч юу ч хийхгүй сууж байснаас хүмүүсийг харж атаархаж, түүнийгээ зөвөөр тайлж чаддаг бол атаархагч этгээдэд эрч хүч нэмэгддэг биш үү?
-“Өмөлзөж харамлах нутаг” цомог тань нэрнээсээ анхаарал татаж сэтгэл гэгэлзүүлж байна. Үг ямар аугаа увидастай юм бэ?
-Аргагүй ээ, аргагүй. Яагаад гэхээр чи хэдийвээр тангад хувцас өмссөн ч бие, сэтгэл зүрх чинь монгол юм болохоор өмөлзөхөөс аргагүй.
-Түрүүн орж ирсэн бүсгүй та хоёр яасан адилхан юм бэ?
-Энэ хорвоо дээр саяын нөхөр чинь л намайг загнана шүү дээ. Би ч бас ахын хувиар загнана. Загнах, загнуулах гээд ярихаар хүмүүс байнга хэрэлддэг юм байна гэж ойлгож магадгүй. Гэхдээ загнах гэдэг маань зам мөрөө дүгнэж шүүх гэсэн үг. Ерөнхийдөө дүү бид хоёрын дунд амьдралын “их хурал” олон болдог. “Эвт шаазгай буга барина” гэдэг биз дээ. Ах, дүүс тийм л байдаг.
-Та оюутан ахуйдаа иддэг байсан хуушуураа хааяа санадаг уу?
-Соёл урлагийн их сургуулийн баруун талын цайны газруудаар очоод асуу. Би нэг их пиарч миарчихсан оюутан байгаагүй ээ. Хааяа тэнд очмоор санагддаг. Гэвч яг үнэндээ ангийнхантай уулзах зав гарахгүй юм байна шүү дээ. Миний энэ ярилцлагыг ангийнхан маань уншвал цуглараад хүрээд ирээрэй гэж хэлье. Хэдүүлээ салхинд гарвал яасан юм бэ?
-Тоглолтоо хэзээ хийх вэ. Таны тоглолт нэг их рекламгүйгээр үзэгчээ цуглуулах байх даа?
-Миний хэзээ тоглолт хийхийг фэнүүд л мэдэх байх даа./инээв/
-Хэрвээ хүмүүс хүсвэл таниас цувралаар ярилцлага авч болох уу?
-Хэрхэхийг тэнгэр биш чи мэдтүгэй.
-Монгол түмэндээ, залуустаа хандаж хэлмээр үг зөндөө бий байх. Танд боломж олгоё?
-“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж мэргэн үг бий. Миний яриаг уншиж буй монгол хүн та жаргана уу зовно уу, уйлна уу, инээнэ үү, атаархах уу, шүүмжлэх үү, чиний л хэрэг. Хамгийн чухал нь голын чинь эх нь тархи, сэтгэл зүрх юм шүү. Тархиндаа хэдийчинээ муухай юм бодно, төдийчинээ хорт хавдар, шунал тачаал, муу санаа чамд үүрлэнэ. Чи монгол хүн байя гэвэл эхээ булингаргүй тунгалаг байлгаж, адгаа бас ахан дүүсээ, эх орноо, унаган байгалиа, газар шороогоо хайрлаарай гэж хэлье. Өөр зүйлгүй.
L IFE.MN Б.Анхцэцэг
URL: http://www.fact.mn/6657.html