УИХ-ын гишүүн Н.Энхболд хууль зөрчин, тохиролцоо хийхийг хүсчээ

Өчигдөр орой АН-ын удирдлагууд төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын анхдугаар чуулганыг тасалдуулж буй хамгийн ахмад настай гишүүн Д.Дэмбэрэлийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр нэгэн сонирхолтой зүйл яригдсан нь Өвөрхангай аймгийн тойрогтой холбоотой асуудал байв.
Н.Энхболд зөвшилцөнө гэх нэрийдлээр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Монгол улсын хуулийг зөрчин, СЕХ-нд нөлөөлөх тухай ярьсан гэнэ.
Д.Эрдэнэбат үүнийг ” МАН-ын удирдлагууд дэндүү хууль бус зүйл хийж гаршжээ” хэмээн тодотгосон  юм.
Мөн тэрээр энэ тухай:
” УИХ-ын сонгуультай холбоотой маргаан их гарсан. Гэхдээ АН-ын хувьд анхаарал татсан гурван тойрог байгаа.  Тодруулбал, Өвөрхангай, Увс, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигчид хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан. Иймээс бид холбогдох тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байгаа. Орхон, Увс аймгийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хороо өргөн барьсан. Харин Өвөрхангайн тойргийн дүнг өргөн бариагүй түдгэлзүүлсэн. Өвөрхангай аймгийн хувьд онцолж хэлэх нэг асуудал бий. Яалт ч үгүй мөнгө тараасан, иргэдийн саналыг эд бараагаар худалдан авахыг оролдсон, насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан, тэр байтугай ухуулга хийлгэсэн зөрчил энэ тойрогт гарсан. Энэ үйлдлийг тухайн үедээ тойргийн хороо нь тогтоож, “зөрчилтэй байна” гэдэг шийдвэр гаргасан мөртлөө Сонгуулийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож, нэрсийг нь татаагүй нь сонгуулийг санаатай будлиантуулах нөхцөл болсон. Ер нь энд би хэдэн ноцтой зүйлийг сануулж хэлмээр байна.

Нэгдүгээрт, төрд тангараг өргөсөн албан хаагчид шударга бус явдалтай, тэр бүү хэл хууль зөрчсөн нь нотлогдсон үйлдэлтэй эвлэрч байгаа нь эргээд тэдэнд хариуцлага тооцох үндэслэл болох ёстой. Хоёрдугаарт, УИХ-д нэр дэвшинэ гэдэг төрийн хууль тогтоох дээд байгууллагад орно гэсэн үг. Хууль тогтоох байгууллагад орох гэж байгаа хүн өөрөө хууль зөрчинө гэдэг байж боломгүй зүйл. Хэрэв ийм зүйлтэй эвлэрвэл шударга ёсны тухай, хуулийг хэрэгжүүлэх тухай ойлголт байхгүй болно. Бид ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдэг АН-ын байр суурь хатуу хэвээр байна. Гарсан маргаантай, нотлогдсон үйлдэлтэй ийм асуудал дээр АН байнга байр сууриа илэрхийлнэ. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг тогтоолгохоор АН-аас нэр дэвшигч өөрийн харьяаллын шүүхэд гомдол гаргасан нь хуулийн процесс. Шүүх онцгой үйл ажиллагааны журмаар шийдчихээд байхад нөгөө тал нь дахиад хууль зөрчөөд Нийслэлийн шүүхэд давж заалдсан нь хуулийг давсан үйлдэл.
Өвөрхангай аймгийн тойргийн хороо одоо хүртэл хуралдахгүй байгаа. Шийдвэрийг эцэслэн гаргахгүй байгаа. Тиймээс СЕХ, хууль тогтоох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Хэрэв хүн бүр хуулиа мөрддөг байя гэвэл, хүн бүр хуулийн хүрээнд ажилладаг болъё гэвэл энэ сонгуулийн үеэр хууль зөрчсөн ноцтой асуудлыг зөв шийдвэрлэх шаардлагатай. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол эцсийнх байдаг. Одоо шүүхийн шийдвэрийн дагуу сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ гаргаж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо баталгаажуулах асуудал үлдэж байна. Гэтэл шүүхийн шийдвэр гарчхаад байхад санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг асуудлыг хойш татаж байна. Үүнийг ашиглаад хууль зөрчсөн нэр дэвшигчид өөрсдийгөө зөвтгөх арга саам сүвэгчилж, буруу лобби хийж байна. Энэ бол нөгөөх л хуулийг уландаа хууль зөрчдөг хуучин байдалтайгаа зууралдаад байгаа хэрэг.” хэмээн өгүүлэв.
Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын анхдугаар чуулган зарлагдсан  бөгөөд одоогийн байдлаар АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд танхимд цуглараад байна.

Б.Сарангэрэл

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих