”Шинь шинь”-ийн тусгай зөвшөөрлийг буцааж олгохыг даалгажээ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлага болох есөн хүнд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тус компанийн хятадууд 110 вагон ашигт малтмал, уран хил давуулсан аж. Мөн тусгай зөвшөөрлөө шинэчлээгүй, хүчингүй болсон лиценз ашигласан гэнэ. Тиймээс УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хууль бусаар ашигт малтмал олборлосон, эд зүйл хууль бусаар хил давуулсан, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр дээрх хятадуудыг шалгаж байсан. Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордод үйл ажиллагаа явуулдаг эл компанийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас саяхан хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнээс гадна Цөмийн энергийн газраас “Шинь шинь”-ийн удирдлагад удаа дараа албан тоот илгээж, хүчингүй болсон тусгай зөвшөөрлөө хураалгах шаардлага хүргүүлж байсан ч тус компанийнхан үл тоомсорлосноор ирсэн гэдэг. Тэгвэл саяхан Захиргааны хэргийн шүүхээс тус компанид холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүх хуралд хариуцагчаар Цөмийн энергийн газрыг татжээ. Харин нэхэмжлэгчээр “Шинь шинь” оролцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.1, 27.1.2 дахь хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.2 дахь хэсэгт заасныг баримтлан ашигт малтмалын ашиглалтын 247А дугаартай тусгай зөвшөөрлийг кадастрын бүртгэлд бүртгэж, олгохгүй байгаа талаар гомдол гаргажээ.
Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Шинь шинь” компанид олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгажээ.
Д.Мягмаржаргал
URL: