Экс гишүүн Д.Одхүү та сэтгүүлчийн эрх чөлөөнд халдахаа зогсоо

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улс төрийн тойм”сониныг үндэслэлгүй мэдээлэл нийтэлж, нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ. Өчигдөр товлосон шүүх хуралд тус сонины сэтгүүлч Л.Баярааг 27 минут хоцорсон гэсэн үндэслэлээр саатуулж, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Очмандахын шийдвэрээр Хорих 461 дүгээр ангид хорихоор авч явав.

Сэтгүүлчийн өмгөөлөгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүх хурал давхардсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна. Сэтгүүлч Л.Баярааг шүүх хуралд очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч мөн хуралд ирээгүй байсан аж.

Шүүх эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Баянгол дүүргийн прокуророос хэргийг зүйлчилж, ял төлөвлөн шүүхэд шилжүүлэх үед сэтгүүлч Л.Баярааг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүйгээр, мөн шүүхийн ямар ч захирамжгүйгээр гурван цаг саатуулж байсан байна.

Баянгол дүүргийн шүүх сэтгүүлч Л.Баяраад Эрүүгийн хуулийн 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл анги нь “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 201-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэнэ” гэх заалттай.

УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө нэг тойрогт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, нэр дэвшигч О.Содбилэг нарын эсрэг хар пиарын төлөвлөгөө гаргасан байсныг “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баяраа олж, сониндоо нийтэлсэн ажээ.

Сэтгүүлч хүн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасны дагуу эх сурвалжаа нууцлах эрхтэй байдаг. Монгол Улсад 140 гаруй сонин сэтгүүл, 40 гаруй телевиз, мөн тооны радио болон төрөл бүрийн цахим сонин үйл ажиллагаа явуулж, иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлдэг билээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих, төрийн болон эдийн засгийн цензурын хэлбэрүүд янз бүрийн арга замаар илрэх болсон нь нууц биш ээ.

Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөө­тэй илэрхийлэх боломжийг эрх мэдэлтнүүд хязгаарлаж, өөрсдийн үзэл санааны зэв­сэг болгохоор улайрч, эс биелүүлбэл хууль бус үйл ажиллагааг нь олон нийтэд дэлгэснийхээ төлөө шүүхийн хаалга татаж, шоронд суусаар байгаа гашуун түүх бий.

Улстөрчид, эрх мэдэлт­нүүд, хөрөнгө чинээ­тэй эрх­мүүд сэтгүүл зүйн мэр­гэж­лийн үйл ажилла­гаанд хөндлөнгөөс оролцох, нөлөө­лөх, дарамт шахалт үзүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг шүүх цагдаагаар сүрдүүлэх явдал ганц энэ удаа тус сонины сэтгүүлчид тохиолдож байгаа биш.

Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлахыг хуулиар хүлээн зөвшөөрчихөөд байхад Д.Одхүү мэтийн эрхмүүд сэтгүүлчийг “Эх сурвалжаа хэл” хэмээн дарамталж, шүүх цагдаад өгнө хэмээн сүрдүүлж байгаа нь хуульд хэр нийцэж байгаа юм бол оо.

Эх сурвалжаа нууцлах эрх, үүргийг дан ганц сэтгүүлч бус тухайн редакци ч нийтээрээ хүлээхээр хууль­чилсан байдаг. Дээрх хуульд зааснаар эх сурвалжаа нуу­цалсан сэтгүүл­чид ямар нэгэн байд­лаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх оролдлого хийсэн этгээд эргээд өөрөө хариуц­лага хүлээнэ гэдгийг дөрвөн жил хууль батлалцсан ноён Д.Одхүү мэддэггүй юм болов уу. Энэ бүхнийг тайлбарлахын учир нь сэтгүүлч Л.Баярааг Баянгол дүүргийн Мөрдөн байцаах газарт анх дуудаж, мэдүүлэг авахдаа “Хэний даалгавраар ийм материал нийтэлсэн бэ. Хэн өгсөн бэ” гэх хоёрхон асуултыг тавьсан байна.

Түүнчлэн сэтгүүлч Л.Бая­раа­гаас ганцхан удаа л мэдүүлэг авч, өөрт нь ч албан ёсоор мэдэгдэлгүйгээр хэргийг прокурорт шил­жүүлж, хэдхэн хоногийн дотор хэргийг шүүхэд шилжүүлж, хурал зарлатал өглөө бүр есөн цагт ирж бүртгүүлж байхыг даалгаж, хэрэв заасан хугацаанд ирэхгүй бол албадан барив­чилна хэмээн сүрдүүлж байжээ.

”Өдрийн сонин”


URL:

Сэтгэгдэл бичих