Настай хүн ч лүд юм аа

Энэ жилийн сонгуулиар сонгогчидын бүртгэлийн ажлыг Н.Алтанхуяг гардаж байсан ч засгаас гарсан учраас Ц.Нямдорж төгсгөлийг нь хийсэн бөгөөд З.Энхболдын санаачилгаар оруулж ирсэн автомат машинаар санал тоолсон билээ.

Тиймдээ ч МАН-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Ядаж байхад нөгөө машинтай холбоотой гомдол, маргаан маш олон хэсгийн хороон дээр гарсан.
Ямар сайн даа л МАН-ынхан Өвөрхангай асуудлыг шийдсэний дараа УИХ-ын даргын асуудлыг ярья гэж байхав дээ. Энэ саналаа спикерт нэр нь дэвшээд буй З.Энхболдод албан бусаар тавьж, түүний ганцаарангаар бүлгийнхээ хуралдаанд дуудаж ирүүлээд “Польдох” гээд чадсангүй.

Энэ тухай Н.Энхболд “Бид түүнийг гишүүнийнх нь хувьд дуудаад албан ёсоор ганц нэг асуудал тодруулах гэсэн юм” хэмээв. З.Энхболд тэдний дунд ганцаараа орж муугаа үзэхгүйгээ эрх биш мэдэх байлгүй дээ.
Харин асуудал бүхэнд гар дүрьж байдаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүгээр байж чадсангүй. Тэр УИХ-д суудалтай намын дарга нар болон ахмад гишүүн Д.Дэмбэрэлтэй уулзаж чуулганыг гацаахгүй байх талаас ярьцсан сурагтай.

Үнэндээ чуулганыг МАН биш, Д.Дэмбэрэл гацааж буйг олон хүн хэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Д.Дэмбэрэл даргыг монголын 2.7 сая хүн харж байна” гэдгийг сануулллаа. Харин тэр үүнийг юман чинээ бодохгүй байх шиг. Түүнчлэн “Facebook”, “Twitter”-ээр ахмад гишүүнээ орж  ирэхийг АН-ын  гишүүд уриалаад ч дийлсэнгүй. Магадгүй тэр энэ уриалгыг уншаагүй ч байж болох юм.

Тэрээр 1992 оноос хойш тасралтгүй зургаан удаа УИХ-д сонгогдож дээд амжилт тогтоогоод байгаа нэгэн. 2008 оны сонгуулийн дараа “Ах нь одоо ямар ахиж нэр дэвших биш. Сүүлчийнхээ парламентийг даргалчихья” гэх шахуу юм ярьж байж, УИХ-ын дарга болсон гэдэг. Харин энэ сонгуулиар эрх мэдлээрээ далайлган луу унжиж байгаад намын жагсаалтад дээгүүр бичигдсэнээр дээд амжилт тогтоох боломж бүрдсэн юм.

Ийнхүү Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын өмнө Чингисийн одонгоор шагнуулсан ахмад төрийн түшээ маань намынхаа шахааснаас гарч чадахгүй байна. Аргагүй ч үгүй биз дээ. Энхрий хайрт Монгол Ардын намынхаа буянд л өдий зэрэгтэй хүн яваа хүн.
Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. Тийм учраас чуулганд оролцохгүй, лхагва гаригаас УИХ-ын даргын асуудлыг ярилцах зав гарна гэдгээ МАН-ын бүлгийн ахлагчаар нэр дэвшээд буй Н.Батболд хэлсэн.

Ахмад хүн ч лүд юм аа. Загнаад байж болохгүй. Аргадвал бүр дордоно. За тэгээд намдаа хайртайг нь хэлээд юу гэхэв хэмээн амны зугаа болж буй Д.Дэмбэрэлд Бага хурлаа таслаад УИХ-ын чуулганыг даргалчих улс төрийн соёл байгаа болов уу?
Энэ асуудлыг нарийвчлан хуульчлахаар юм байна. Өвчтэй, гадагшаа явсан, хүндэт шалтгаантай гэх зэрэг тохиолдолд дараагийн ахмад хүнээр нь даргалуулах зэрэг зохицуулалт оруулах хэрэгтэй гэх яриа ордон гарчээ.

Ямартай ч өчигдөр МАН-ын албан бус бүлэг дотоод асуудлаа шийдэх гээд толгой өөд татах завгүй хуралдлаа. Харин тэднийг хүлээх АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэлийн гишүүд, бие даагчид нэгэндээ онигоо ярингаа Р.Гончигдоржийн хамрын тамхыг нь барьж өнжлөө. Тэд МАН-ынхан шарлахсандаа эрээтэй л чуулганы танхимд хончихсонгүй.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих