Явах хүнээр ачаа бүү татуул
Монголчууд найр наадамд дуртай хэрнээ энэ зангаа хазаарлахын тулд аймгуудын наадмыг улсын наадамтай давхцуулах зэрэг эрх ашгийнхаа эсрэг шийдвэрийг төр засгаар албадан гаргуулж байсан сонин улс. Аймгуудын наадам сунжрахгүй болсноор ажил сунжрах нь арай гайгүй болсон ч овоо тахилганы наадам гэж бас нэг аюул энэ жил бас л балаг тарих нь бололтой. Төрийн албанд шургалсан чадвар муутай, луйвар булхай ихтэй нөхдүүд мөрөө баллах гэж сандарцгааж байна. МАН УИХ-ын даргын асуудлаар чуулганыг бойкотолж байгаа нь тэдэнд сайхан далим болж байгаа аж. Ер нь тус намын эсэргүүцлийн шалтгааны нэг ч байж тун магадгүй юм.
Төрийн байгууллагуудад ажил хийх хүн үгүй болж, эзэнгүйдэх шахжээ. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг л одоо оройд гарах цаг болоод байна. Нийслэлийн албан газрууд ялангуяа далд “бужигнаан”-ы гол талбар болж байгаа аж. Архиваа бүрмөсөн устгахаас л наагуур юм болж байгаа бололтой. Э.Бат-Үүл хотын дарга болоод хамгийн түрүүнд хийх ажил нь захиргааг гэр хороолол руу нүүлгэх гэж сонссон. Тэрийгээ жаахан азнаад, аудит, хяналт шалгалтад анхаарал хандуулбал илүү онох байх. Тэгэхгүй бол “Нүүдэл суудлын үеэр бичиг цаас гээгдэж үрэгдчихэж” гэх мэтээр аргалах гэж ч магадгүй.
Ер нь энэ жил ч гэлтгүй, манайхан жил бүр наадам найрт хэтэрхий их хугацааг зарцуулах юм. Наадам ч яах вэ болдгоороо л болоод өнгөрнө. Назгай өдрүүд залгана гэж нэг аюул байна. Гишүүд, сонгогчид гэлтгүй аль аль нь одоо намрыг мартчихсан, баярлахаас өөрийг бодохгүй яваа. Айраг эргүүлэх нь эргүүлж, агсам тавих нь тавьж, нанчилдах нь нанчилдаж сайхан амарна. Дарга нар ч хүн, бүгд л жилийн жилд л ингэдэг юм чинь.
Алтан Овоо тэргүүтэй хайрхануудын тахилга наадмууд ойртож байна. Харин сонгогчдын итгэлийг авч сонгогдсон эрхэм гишүүд, дарга нар маань тойрогтоо өвс хадах машин биш, хүүхэд хөгшдийг баярлуулах чихэр жимсхэн зэхэж байгаа нь хачирхалтай.
Төрийн албан хаагч нар ингэж наадам хэссээр, удахгүй нийслэлд эмч, сэтгүүлч, цагдаа, хулгайч гэмт хэрэгтнүүд л бие биенээ харж үлдэх нь. Чоно борооноор гэгчээр яг энэ үед л хулгайч нар “ажлаа” хийдэг гэж байгаа юм шүү дээ. Манайхан жилийн жилд л наадамлаж, хамаг байдгаа үрчихээд өвөл нь малаа үхүүлж, байшингаа хөлдөөж байх юм даа.
Назгай өдрүүд хоёр сар үргэлжилнэ. Есөн долоо хоног гэсэн үг. Нэгэн жил 52 долоо хоногтой байдгийг бодолцвол манай иргэд жилийн тавны нэгийг айрагдаж, нанчилдахад зориулдаг байх нь. Ажил ярьсан хүн тэнэг болж харагддаг найр наадмын үе үргэлжилсээр л.
Б.Усгал
URL: