СЕХ-нд шинэ баримт ирсээр байна

-ын сонгуулийн маргаантай тойргуудтай холбоотой гомдол, тайлбар, албан бичгүүд Сонгуулийн ерөнхий хороон дээр ирсээр байна. Сүүлийн байдлаар сонгуулийн 15-р тойрог буюу Увсын тойрогтой холбоотой зарим тайлбарыг тус тойргийн нарийн бичгийн дарга болоод гишүүдээс гаргажээ. Энэхүү бичгээрээ Сонгуулийн хуулийг илтэд зөрчсөн үйлдлүүдийг баримтжуулан тойргийн хорооны хуралд оруулсан хэдий ч хуралд оролцогчдийн олонх баримтыг үл харгалзан “хууль зөрчөөгүй” хэмээсэнтэй нь холбогдуулан нэмэлт тайлбар гаргасан аж.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нь иргэдтэй уулзалт хийх үеэрээ Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж амлаж буй бичлэг, МАН-ын байранд оюутнуудад мөнгө тарааж буй бичлэг, мөнгө авсан оюутнуудын ярилцлага, үнэгүйгээр Улаанбаатар хотоос оюутан тээвэрлэсэн тухай баримт зэрэг, мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн ангийн Ариунтуяа ирж 100 мянган төгрөг өгч нэр дэвшигчийг нь дэмжихийг хүссэн тухай, үүнийг нь аймгийн Тагнуулын газар шалгаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35-р зүйлийн 18 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий тухай албан тоот гарсан зэргийг дурдсан байна.

Хэдийгээр тус тойргоос Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар нар нь УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад буй хэдий ч хууль, хяналтын байгууллага дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруутай хэмээн тогтоовол тэдний эрхийг цуцлах юм.

Б.МАНД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих