”Түгжил”-ийн түгжээ

Ардчилсан нам сонгуулиар “олуулаа” болж чадсан ч хуулийн дагуу олонх болж чадсангүй. Олонхи болохын тулд 39 төлөөлөгчөө -ын гишүүн болгосон байх учиртай. Иймд ирэх дөрвөн жилд сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэл, цөөнгүй “түгжээ”-тэй учрахаас аргагүйд хүрч буй бололтой. Ялагдсан намын зүгээс хийсэн эхний түгжээ УИХ-ын даргыг сонгоход гарч ирсэн бөгөөд төрийн ажлыг үндсэнд нь хэд хоног гацаав. Ийнхүү ашигласан түгжээ нь “зөвшилцөл” гэдэг ганцхан үг байв.

“ЗӨВШИЛЦӨЛ”

“Аль ч нам, эвсэл олонхи болоогүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн УИХ-ын тухай хуульд заажээ.

Энэ дагуу олон суудал авснаараа Ардчилсан нам З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, энэ тухайгаа бусад намуудад бичгээр мэдэгдсэн.  “Зөвшилцөл гэдгийн агуулга нь аливаа асуудлыг хэрхэн шийдэх гэж буй талаараа ямар нэг байдлаар мэдэгдэх” гэсэн утгыг илэрхийлдэг тул ямар ч асуудал байсангүй.

Гэвч УИХ-ын даргыг сонгох анхдугаар чуулган эхлэх гэсэн боловч сөрөг хүчин болж буй МАН үүнийг өөрөөр тайлбарлав. Тэд “зөвшилцөөгүй” гэцгээв. Хуулинд “бусад нам зөвшөөрснөөр” гэж биш “бусад намуудтай зөвшилцсөнөөр” гэж заасан байтал энэ заалтыг үгүйсгэж эхлэв. Өөрсдөө эрх барьж байхдаа хэрэглэж байсан энэхүү “зөвшилцөл” гэх үгээ гэнэт өөрөөр ойлгож, тайлбарлацгаав.

Өмнө нь, Ерөнхийлөгчийг гадаадад явсан байхад нь бичиг явуулснаа зөвшилцсөн гэж үгүйсгэв. Үүнийгээ хуулийн үндэслэлтэй болгохын тулд 1996 оны Ерөнхийлөгчийн тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолын тайлбарыг адилтган нотлохыг хичээв. Уг тогтоолд зөвшилцөл хийсэн гэдгийн агуулгыг “бичгээр саналаа явуулж, бичгээр хариу ирсэн байх” хэмээн тайлбарласан нь МАН-ынханд шүүрч авах шалтгаан болжээ.

Гэвч энэхүү тайлбар нь зөвхөн Ерөнхийлөгчийн институцийн хувьд хамааралтай бөгөөд зөвшилцөл хийх оролцогчдын онцлогтой нь холбоотойгоор ойлгогдох заалт, тайлбар аж. Дээрх заалтын үр дагавар нь “хамгийн олон суудал авсан намд эрх олгож буй болохоос, бүх намуудаас зөвшөөрөл авах тухай биш.  Иймд бусад намуудтай Ардчилсан нам зөвшилцсөн тул УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн нь яахын аргагүй зөв болж байна. Харин МАН-ынхан өөрсдийгөө “бусад” гэж ойлгож, өөрсөдтэй нь зөвшилцөөгүй гэж буй тул мөн л өөрсдийнхөө “зөв” хэмээн бодсоор ийнхүү УИХ-ын ажлыг түгжив. Түгжээг нь алдагдуулчихгүй байх ганц хөшүүргийг тэд мөн ашиглажээ. Тэр нь “Ахмад настан”.

“АХМАД НАСТАН”

МАН хэдий цөөнх болсон ч хүсэхгүй л бол УИХ-ын анхдугаар чуулганыг явуулахгүй байх найдвартай хөшүүрэгтэй. Тэр нь Д.Дэмбэрэл гишүүн. Энэ нь Үндсэн хуулийн “УИХ-ын даргыг сонгох хүртэл парламентын гишүүдээс хамгийн ахмад нь хуралдааныг даргална” гэх заалттай холбоотой.

Ер нь бол бэлгэдлийн чанараар нь “хамгийн ахмад настай нь” гэсэн нь энэ. Үндсэн хуульт ёс бүрэн төлөвшөөгүй байгаатай холбоотойгоор хэрэв хамгийн ахмад настай нь хуралдаан даргалахгүй гэвэл хэрхэх тухай зохицуулалт одоогоор байхгүй. Үүнийгээ ч МАН-ынхан мэдэж буй тул Н.Энхболд нарын гишүүд нь “Хамгийн ахмад настай нь даргалахаас татгалзсан тохиолдолд дараагийн ахмад настай гишүүн чуулганыг даргална гэх зүйл байхгүй” хэмээн бардам мэдэгдэх аж. Гэвч хуулинд хулгай хийхийг хориглоогүй байна гээд хулгай хийгээд байж болохгүйтэй адил “хуульд зохицуулаагүй юм чинь яадаг юм” хэмээх эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа хууль тогтоогчдод.

“БАЙГУУЛАГДААГҮЙ БҮЛЭГ”

Анхдугаар чуулганыг нээсэн ч хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл хуралдааныг хаасан. “МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох боломжгүй” хэмээн хуралд орж ирээгүй учраас завсарлуулахаас аргагүйд хүрсэн гэх тайлбартайгаар. Гэтэл шинээр сонгогдсон Монгол Ардын намын гишүүд албан ёсоор бүлгээ байгуулаагүй тул завсарлага авах ямар ч боломжгүй байжээ.

УИХ-ын тухай хуулинд “Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гэж.

Өөрөөр хэлбэл бүлэг нь УИХ-ын даргыг сонгосоны дараагаар баталгаажих ёстой бүтэц болж байна. Гэтэл ийнхүү баталгаажаагүй тул хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргах боломжгүй гэсэн үг юм. Гэвч хуралдаан завсарласан. Ийнхүү хуулийн дагуу эрх үүсээгүй на­мын бүлгийн албан ёсны биш хүсэлтийг ахмад настай ги­шүү­­нээрээ дамжуулан хэрэг­­жүүлсээр сөрөг хүчний “Түг­жилүүд“ ирэх дөрвөн жилийн эхний түгжээгээ хийж байна.

Б.МАНДАХ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих