Хөөрхий дөө муу Монгол Ардын нам…

Хөөрхийдөө муу Монгол ардын нам. Ямар ийм юм үзсэн биш. Хаа байсан 1920 оноос хойш нижигнэсэн алаг ташилтаар дэмжүүлж ирсэн. Энэ завсар 1996-2000 онд Ардчилсан холбоо төр барьсан нэртэй. Үнэндээ АН-ын хэдэн жоохон хүүхдийг тухай үеийн МАХН-ын архагууд утсан хүүхэлдээ шиг удирдаж, төрийн жолоог атгаж байсан гэдэг.

Анх удаагаа л сонгуульд цөөнх болж бүр итгэж ядаад жоохон хүүхэд шиг аашлах нь өрөвдөлтэй, өхөөрдмөөр ч юм шиг. Яг л уруулаа унжуулаад нүдэндээ нулимс цийлэгнүүлэн суугаа хүүхэд. “УИХ-ын даргыг сонгоход бидэнтэй зөвшилцөөгүй” гэж гомдоллож буй. Үнэндээ тэд Засагт орно гэж наадаж байсан. Санснаар болсонгүй. Ингэж шантаажилж байгаад ядаж маргаантай байгаа тойргууд дээр ялалт байгуулбал АН-аас дутаад байх юмгүй болно гэдгээ тэд мэдэж байгаа. Үүнийг ч Н.Алтанхуяг юу андах билээ. Тиймээс засгаа байгуулах гэж улайрч байгаа нь илт. Гэхдээ тэр тойргууд дээр сонгууль явуулахаас АН-ынхан нэг их айхгүй гэнэ. Тэр байтгуай ялалтаа баталгаажуулах боломж  гэж харж байгаа сурагтай.

МАХН-ын “Х” үсгийг авсанд дургүйцэх хүн цөөнгүй байсан. Тэдний зөв байсан гэдгийн Ц.Даваасүрэн хэлчихлээ. Тэр “МАХН, МАН хоёрын суудал нийлвэл олонхи болох боломжтой байсныг харуулж байна” гэв. Энэ нь хэрэв нэрээ солоигүй бол өдийд олонхи болчихсон байх байсныг илтгэнэ. Ийм зүйл болвол хариуцлага хүлээнэ гэж амалсан С.Батболд У.Хүрэлсүх нар ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа. Намын даргад Ө.Энхтүвшин зүтгүүлж байгаа ч залуучууд нь Ц.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар хоёрын нэрийг өгчээ. Харин генсект ХХААХҮ сайд Т.Бадамжунай, ГХ сайд Г.Занданшатар, БОЯЖ сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Үнэн сонинны эрхлэгч Ж.Мөнхбат нарын нэр гарлаа. Тэднээс хамгийн боломжтой Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар хоёрын нэг гэнэ.

Тэдний халаа сэлгээ үүгээр дуусахгүй. Бүх Нарийн бичгийн дарга нар болон дагвар төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг цэвэрлэх аж. Эдгээр асуудлыг маргааш болох намын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэж, Их, Баг хурлаараа баталгаажуулах юм.
Яг одоогийн байдлаар анхны чуулганаа хийхээр АН болон “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд танхимд цугларч байна. Харин МАН-ыг бүлэг хуралдаж байгаа юм. Тэд гацаагаад байгаа асуудлаа хэлэлцэнэ. Уг энэ асуудлыг шийдэхээр АН-аас Д.Эрдэнэбат, С.Баярцогт, МАН-аас Н.Энхболд, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар орсон ажлын хэсэг байгуулагдсан сурагтай.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн тэд элдвийн л юм ярьж байна. Гэхдээ тэд өөрсдөө унаантай байсан бол ингэж инээдтэй, эмэгнэлтэй байдалд орохгүй байсныг Н.Энхбаяр, Ц.Даваасүрэнгээс эхлээд сануулж амыг асуух хүн цөөнгүй. Тэр жилийн наадмаар дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аварга тухай үеийн аймгийн арслан Л.Пүрэвжавт уначихаад гайхаал хараад суугаад байсан нь инээдтэй ч юм шиг, халгалмаар ч юм шиг харагдаж билээ.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих