Зуны 30-р олимпын сонирхолтой баримтууд
Гурван удаа олимп болсон нийслэл
Их Британийн нийслэл олимпын зуны наадмыг гурван удаа зохион байгуулсан манай гарагийн цорын ганц нийслэл болж байна. Энэ хотод 1908, 1948 оны олимп болж байсан юм.
Олимпын хамгийн “ногоон” тоглолт
Зуны олимп зохион байгуулагчид энэ наадмыг байгальд хамгийн ээлтэй байлгахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд хагас сая мод бут шинээр суулгасан бол олимпын барилга байгууламжийн 75 хувьд нь машинаар очихгүй зөвхөн метрогоор очихоор зохион байгуулжээ. Мөн хог хаягдлын дийлэнхийг эрчим хүч гарган авахад зориулан дахин ашиглахаар тооцоолсон байна.
Хамгийн хөнгөн цэнгэлдэх хүрээлэн
Олимпын нээлтийн ёслол болох цэнгэлдэх хүрээлэн нь хэдийгээр 80 мянган суудалтай ч олимпын түүхнээ хамгийн хөнгөн цэнгэлдэх хүрээлэн болж байна. Энэ цэнгэлдэх хүрээлэнг барихад 10 мянган тонн ган ашигласан нь Бээжингийн олимпын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг барихад орсон гангаас даруй 75 хувь хөнгөн гэнэ.
Хамгийн том McDonald’
Зуны олимпын үеэр McDonald’s дэлхийд хамгийн том зоогийн газраа нээнэ. Нэг ээлжинд 1500 хүнд үйлчлэх хүчин чадалтай, хоёр давхар энэ зоогийн газарт 500 ажилтан үйлчилнэ. Үүнээс гадна олимпын үеэр McDonald’s-ын өөр гурван ч зоогийн газар ажиллах гэнэ.
Шүүмжлэл дагуулсан бэлгэ тэмдэг
Лондонгийн олимпын бэлгэ тэмдгийг “Wolff Olins” компани 400 мянган фунт стерлингээр бүтээсэн ч хамгийн их шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хүмүүс түүнийг шүгэлтэй адил гэж байхад иранчууд бүр Иерусалим хотын ойролцоо үг болох “ Zion” гэдэг үгийг санагдуулж байна хэмээн олимпын тоглолтыг бойкотолно гэж байсан юм.
Цахим сүлжээний олимп
Зохион байгуулагчид энэ удаагийн олимпыг цахим сүлжээний хамгийн оргил наадам болно гэж байна. Бээжингийн олимпын үеэр твиттер ашиглагчдын тоо зургаан саяар тоологдож фейсбүүк ашиглагчид 100 саяд хүрч байсан бол өнөөдөр твиттерийнх 140, фейсбүк ашиглагчид 900 саяд хүрэх нь.
Нүцгэн дэмжигчийг торгоно
Уралдаан тэмцээний үеэр хөгжөөн дэмжигч хэчнээн ихээр сэтгэл хөдөлсөн бай хамаг хувцсаа тайлан нүцгэн гүйж болохгүй нь, энэ удаа. Тэмцээний талбар, олон нийтийн газарт ингэж нүцгэлбэл 20 мянган фунтээр торгуулах болж байна. Уг нь, нүцгэн гүйдэг нь сэтгэл хөдлөлдөө ч биш британичуудын гүйлгээ ухаан юмсанж. Тэд нүцгэн бие дээрээ реклам зурдаг нь хүмүүст хамгийн их хүрдэг гэнэ.
Хамгийн хүнд медаль
Лондонгийн зуны олимп болон паралимпын шагналд нийтдээ 4700 медаль гардуулна. Энэ олимпын медаль нь 400 грамм буюу бараг хагас кг хүрч байгаагаараа олимпын наадмын түүхнээ хамгийн хүнд медаль болж байна.
Олимп үзэх тасалбар
Зургадугаар сарын сүүлч гэхэд олимпын нийт тасалбарын 80 хувь болох долоон сая тасалбарыг худалдаалжээ. Нээлтийн ёслолын хамгийн тохиромжтой суудлын тасалбар 2000 фунт стерлинг бол хамгийн хямд нь 20 фунт байна. Бас ерөөсөө тасалбар худалдан авч чадаагүй бол дугуй, спорт алхаа, холын зайн марафон зэрэг хэд хэдэн спортыг үнэгүй үзэж болох юм байна.
Л.Тамир
Оллоо.мн
URL: