МАН-ын бүх удирдлага, удирдах зөвлөл, ТББ-ын тэргүүнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааш огцрох гэж байна

МАН-ын бага хурал болох гэж байна. Энэ бага хурлаар Монголын улс төрийн ууган хүчнийхэн нилээд асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэлээ базаалаа.
Юуны өмнө намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлдөө гаргасан юм. С.Батболд сул гишүүн болж амрахыг илүүд үзэж өргөдлөө өгсөн.
Харин Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын дарга болохоор хамгийн түрүүнд хүсэлтээрээ чөлөөлөгдсөн гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийг сонссон гишүүд У.Хүрэлсүх даргадаа дургүйцэл бухимдлаа илэрхийлсэн гэдэг. Нэгэнт түүнийг намынх нь гишүүд хүлээж авахгүйг мэдсэн тул бас л зорилгоосоо энэ удаа ухарч, Ө.Энхтүвшинг дэмжихээр болсон юм. Н.Энхбаярт, М.Энхболдод, С.Баярт, С.Батболдод ялагдаж, өрөвдүүлсэн Ө.Энхтүвшинд энэ удаа боломжийн хаалга нээгдлээ. Намын бүхий л түвшинд түүнийг дэмжихээр тохирчихсон. Тэгэхээр айдас бага гэсэн үг юм. Одоо тэрээр намын дарга болоод хэлэх үгээ л бэлдэх ажилтай байгаа байх.
Гэвч түүнийг МАН-ын дарга болоод хэлэх үгээ бэлдэж байх хойгуур залуучууд нь хор найруулж эхэлсэн сураг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяртай өрсөлдөж гарч ирээд, түүнээс хойшхи бүх удирлагынх нь сүүдэрт байсан Ө.Энхтүвшинг нийгэм дэмжихгүй байна, залуучуудад таалагдахгүй байна гэсэн цуу яриаг тарааж эхэлжээ. Тэгээд ч МАН шинэчлэгдэх гэж байгаа бол нөгөө л нэг Ө.Энхтүвшингээ тавьж байгаа гэж яахав гэсэн хорон мессеж ч гаргаж. Ингэж байгаад л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр гэсэн гурван хүний нэгийг дарга болговол ямар вэ гэсэн хувилбарыг ярьж эхэлжээ. МАН-ын залуучуудын энэ төлөвлөгөө биелэх эсэхийг харж л байхаас.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн байдлаар Үнэн сонины эрхлэгч Ж .Мөнхбат ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, ГХЯ-ны сайд Г.Занданшатар, БОАЖЯ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар гэсэн таван  эрхэм өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Үнэн сонины эрхлэгч , өнгөрөгч сонгуулиар Архангайд нэр дэвшиж шагигүй өрсөлдөгч гэдгээ харуулсан Ж. Мөнхбат генсект нэр дэвшиж байгаа нь олон хүнийг сандаргаж байна  .    Залуучуудын  төлөөлөл бүрэн болж чадахуйц энэ цэвэр шударга хөдөлмөрөөрөө яваа , улс төрд 10 гаран жил чанагдсан энэ эрхэмийг  мориор яривал соёолон юм .
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг намынх нь нийт гишүүд дэмжих магадлал муутай. Учир нь тэрээр Улаанбаатарын газрын наймаанд нэр холбогддог, хотын мафийн толгойлогч гэх мэтээр элдвээр хэлүүлдэг. Бас алдарт 14 тэрбумын казиногийн хэрэг хэмээх дуулианыг нь ард олон мартаагүй. Ийм байхад түүнийг дэмжинэ гэдэг хэцүү л дээ. Гэвч нам дотроо ихээхэн дэмжлэгтэй. Магадгүй бага хурлын бүх гишүүдийг худалдаад авах чадвартай. Түүнийг У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоо, хуучин МАСЗХ-ныхон хотын фракци дэмжинэ. Тэгэхээр бага хурлын гишүүдийн бараг 70 хувь Т.Бадамжунайгийн талд гараа өргөнө. Ийм хэмжээний дэмжлэг байгаа учраас Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө өрсөлдөж байгаа юм. Тиймээс Т.Бадамжунайд Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу үгүй гэдэг бараг өөрийнх нь тааллын асуудал болж байна. Намын болоод бүлэглэлүүдийн ийм дэмжлэгийг хүлээж дарга боллоо ч гэсэн нийт гишүүд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх гэж их л зовох байх даа. Сая Архангай аймагт нэр дэвших байсан ч гэсэн рейтинг муу гэсэн үндэслэлээр цэвэрхэн татгалзаж, өөрийн хармааны хоёр залуугаа түлхсэн юм.
ГХЯ-ны сайд Г.Занданшатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох хамгийн магадлалтай хүн. Тийм ч учраас нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Түүнийг У.Хүрэлсүхийн залуучуудын болоод М.Энхболд хотын фракци дэмжинэ. Тэгэхээр хангалттай санал халаасанд нь байна гэсэн үг. Г.Занданшатарыг У.Хүрэлсүх үргэлж дэмжсээр ирсэн. Түүнд У.Хүрэлсүх МАСЗХ-ны даргаа өгсөн. Одоо Ерөнхий нарийн бичгийн даргаа өвлүүлэхээр зүтгэж мэдэх л юм. Гэвч түүний нэрийн ард алдарт МАСЗХ-ны 14 тэрбумын казиногийн хэрэг үргэлж зүүгдээстэй байдгийг мартаж болохгүй. Т.Бадамжунайтай адил дэмжлэгтэй. Адилхан зовлонтой. Адилхан казинодсон гэгдсэн дуулианы эзэн. Харин газрын наймаанд оролцоогүй, залуу, хөрөнгө багатай гэдгээрээ л Т.Бадамжунайгаас өөр байж болох юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө өрсөлдөгч гуравдахь нэр дэвшигч бол Д.Цогтбаатар юм. Тэрээр энэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох хүмүүсээс магадлалаараа дөрөвт эрэмбэлэгдэж байгаа. Түүний өмнө Т.Бадамжунай, Г.Занданшатар хоёр бүлэглэлийн дэмжлэгээрээ зогсож байгаа. Д.Цогтбаатар залуу бөгөөд шинэ хүний хувьд сөрөг имиж багатай. Гадаад харилцааны салбартаа хүндлэгдсэн. Сайд болоод богино хугацаанд гайгүй ажилласан ч гэсэн түүнийгээ нийгэмд ердөө ч хүргэж чадаагүй. Богд уулын газрыг зарахыг хориглосон, гэр хорооллын усны үнийг хямдруулсан, дархан цаазтай газарт мод бэлтгэхийг хориглосон зэрэг ард түмэн улс эх орны эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргасан ч гэсэн сайн сурталчилж чадаагүй. Өөрөөр хэлбэл тэрээр олон нийттэй харилцах чадвар муутай байж мэднэ. Мөн Т.Бадамжунай, Г.Занданшатар шиг бүлэглэлгүй учир дэмжлэг багатай. Түүнийг одоогийн намын дарга, ерөнхий сайд С.Батболдын хүн гэсэн тодотгол дагаастай. МАН том эрх ашгаа бодвол түүнийг тавих магадлалтай.
Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө өрсөлдөгч тав дах хүн бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар. Тэрээр Д.Цогтбаатарын адил нэр цэвэр бас залуу. Д.Цогтбаатарын адил бүлэглэлгүй учир дэмжлэг багатай. УИХ-д дөрвөн жил суралцахдаа хурдан өссөн гэгддэг. МАН-ын ирээдүйтэй залуусын нэг. Зарчим ярьдаг. Гэвч 2008 оны сонгуулийн хуулин дээр буруу тооцоолол хийсэн гэсэн үндэслэлээр намынх нь гишүүд түүнийг буруутгах болсон. Учир нь МАН-ын зүгээс Ж.Сүхбаатарын ахалсан хуулиар явсан сонгуулиар ялагдал хүлээсэн гэдэг үндэслэл түүнд тээг болж мэднэ.
Ийм дөрвөн эрхэм энэ намын бодлого боловсруулахаас гадна гал тогооных нь ажлыг хийхээр өрсөлдөх гэж байна. Эдгээрээс гадна өөр хүн ч өрсөлдөх боломж нээлттэй байгаа юм.
Харин МАН-ын одоогийн бүх нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөх тухай асуудлыг бүхий л түвшинд шаардаж эхлээд байна. Нарийн бичгийн дарга нар бүгдээрээ Удирдах зөвлөлийн гишүүд. Удирдах зөвлөл намынхаа дүрмээр бүгд хариуцлага хүлээж огцрох ёстой. Өөрөөр хэлбэл нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох аж. Одоо МАН Я.Содбаатар, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ц.Сүхбаатар, Ц.Цогзолмаа зэрэг нилээд хэдэн нарийн бичгийн дарга нартай. Шинэ нарийн бичгийн даргын төлөө өрсөлдөх амбицтай залуус, нэр дэвшээд унасан гишүүд МАН-д олон байгаа.
МАН-ын дэргэд НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, Ахмадын холбоо гэсэн дөрвөн төрийн бус байгууллага байдаг. Эмэгтэйчүүдийн холбоог Д.Оюунхорол, залуучуудын холбоог Л.Оюун-Эрдэнэ, оюутны холбоог Б.Амарсанаа тэргүүлдэг. Тэднийг ч гэсэн өөрчлөх талаар ярьж эхэллээ. Намдаа ганц эмэгтэйн суудлыг авчирсан гэдэг үндэслэлээр Д.Оюунхоролыг үлдээж магадгүй юм. Түүнээс бусдыг чөлөөлөх нь тодорхой гэж эх сурвалж мэдээллээ.
Эдгээрээс гадна МАН дэргэдээ байдаг Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс гадна 5 байнгын хорооныхоо удирдлагыг ч чөлөөлөх сурагтай байна. Ийнхүү МАН сонгуульд ялагдал хүлээснээс үүдээс бүх албан тушаалынхаа удирдлагыг маргаашнаас эхлээд солих гэж байна. Удирдлага солих ажиллагаа орон нутгийн сонгуулиас өмнө 9 сар гэхэд бүгд шинэчлэгдсэн байна гэж эх сурвалж мэдээллээ. Удирдлага нь шинэчлэгдэх МАН-ын бодлого үйл ажиллагаа яаж шинэчлэгдэх бол?
/24tsag.mn /


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих