”Халзан бүргэтэй”-д юу болоод байна вэ?

Газрын доорх эрдэс баялгийн илрэцүүдтэй холбоотой, өөдрөг мөрөөдөл, басхүү сэрэмжилгэ болгоомжлол давхацсан битүү хатуу нөхцөл байдал дунд бид аж төрцгөөж байна. Газрын доорх баялаг гэдэг бол асар их үнэ цэнэ мөнгөний уурхай. Манайд үүнийг дагуулсан шунал хүслийн чимээгүй аян дайн өрнөх болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ.
Монголын баруун бүс нутагт энэ байдал харьцангуй намдуу байсан бол хэдэн жилийн өмнөөс бас л энд тэнд үнэт металлын илрэцүүд олдож, нинжа буюу гар аргаар олборлогчидтой давхцан, уул уурхайн томоохон төсөл санаачилсан гаднынхны ажиллагаа идэвхжих болов. Хөшөөтийн уурхайтай холбоотой таатай таагүй мэдээ, эргэлзээ тээнэгэлзэл бүрэн эцэслэж нэг мөр болж амжаагүй байхад, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дах Халзан бүргэтэйн ховор металлын ордын тухай бас нэг үл ойлгогдох нөхцөл байдал үүссэн.

Газрын баялгийг оновчтой зөв бодлогоор үр дүнтэй ашиглаж чадвал улс орны хөгжилд асар их үнэ цэнэтэй гэдэг нь тодорхой. Халзан бүргэтэй дэх дэлхийд томоохонд тооцогдох нөөц бүхий газрын ховор элментүүдийн хэрэглээний ач холбогдлын тухайд орчин үеийн электрон багаж хэрэгсэл, дуунаас хурдан онгоц, сансрын техник төхөөрөмжүүд, хагас дамжуулагч далдыг оношлогч зэрэг нарийн багаж хэрэгслүүдийг бүтээх гол түүхий эд, нано технологи үйлдвэрлэлийн хамгийн гол хүчин зүйл болдог.
Эрэлт хэрэгцээ үнэ өртгөөрөө дэлхийд байнга тэргүүлж, XXI зууныг энэхүү ашигт малтмалгүйгээр төсөөлөхийн аргагүй ажээ.
Өнгөрсөн жилээс Халзан бүргэтэйд хайгуул шинжилгээний ажил явуулж байна хэмээн хэсэг хүмүүс өрөм тавьж, эхэлсэн ч, үйл ажиллагааны тухай орон нутгийнханд тодорхой мэдээлэл өгөхгүй, уг газрын лиценз, зөвшөөрлийг ямар компани эзэмшиж байгаа, тэнд чухам ямар зорилго зорилт, ойрын болон хэтийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа эхэлсэн, орон нутагтаа ямар байдлаар хамтарч ажиллах нь огт мэдэгдэхгүй хэвээр байна.

Тэнд ажиллаж буй хүмүүс уг газрын ашиглалтын лицензийг ямар хуулийн этгээд эзэмшиж байгааг огт мэдэхгүй гэцгээж байгаа бол орон нутгийн ИТХ, ЗДТГ-тай ямар нэг хэлбэрээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан эсэх нь ч тодорхой бус. Ажиллагсдын ахлагчийг нь урьж уулзахад тухайн газарт хайгуул хийж, нөөцийг нь бататган тогтоогоод олборлолт явуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ нуухгүй байснаас гадна ашиглалт явуулахад байгаль орчинд хортой нөлөөлөл байхгүй тэндээс гарах баялагт буюу, газрын хөрсөн доорх хэсэгт агуулагдаж буй “уран торий” цацраг идэвхт үйлчлэл бүхий бодисын агууламж зөвшөөрөгдөх буюу хүлцэх хэмжээнээс бага байгаа хэмээн танилцуулсан. Тэгтэл зарим судлаачид эндээс дээж аван шинжилж үзэхэд уран торийн агууламж хүлцэх хэмжээнээс их буюу харьцангуй аюултай түвшинд байгаа нь мэдэгдсэн байна. Хоёрт гэвэл энд олборлолт баяжуулалт явуулна гэвэл усны асуудал гэж маш том бэрхшээл бий. Тэнд ажиллагсад болохоор Ховд голоос ус зөөж ашиглана, энэ орд газар Ховд голоос 50-хан километрт оршдог нь маш том давуу тал гэцгээж байгаа ч баяжуулалт хийхэд асар их хэмжээний ус хэрэг болно. Тиймээс хайгуулынхаа зардлыг яая гэж байгаа компани Ховд голоос тийм их хэмжээний усыг 50 км-т байнга зөөнө гэдэг маш эргэлзээтэй асуудал. Ер нь Ховд гол болон түүний орчим нутгийн экологийн байдалд аюул заналхийлэх нь тодорхой хэмээн мэргэжлийн хүмүүс өгүүлж байгаа.

Аймгийн Засаг даргын санаачлагаар саяхан Халзан бүргэтэйн ордтой холбоотой асуудлыг аймгийн МХГ-аас шалгаж үзсэн ба шалгалтаар энэхүү орд газарт ашиглалтын 2, хайгуулын 2 лиценз олгосон нь тогтоогдсон байна. Ашиглалтын лицензийг “Монголиан Нацианоли Ир Ир Ирт Коп” (Mongolian National Ir ir irt cop) компани эзэмшиж байгаа аж. Улсын байцаагчийн хэлж байгаагаар нөөц тогтоох зорилгоор хайгуул шинжилгээний ажил явуулж,өрөмдлөгийн үр дүнд гаргасан дээжүүдийг гадаадын лабораторт шинжлүүлж байгаа, хайгуулын ажлын төлөвлөгөөг стандартын дагуу боловсруулж, үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах тухай албан шаардлага өгсөн. Шаардлагыг хэрхэн биелүүлсэн тухай хараахан хариу мэдэгдээгүй. Хайгуул хийж буй хэсэг дэх цацраг идэвхжлийн агууламжийг явуулын багажаар тухай бүр нь шинжилж үзэж байгаа бөгөөд хүлцэх хэмжээнээс бага гарч байна гэж тэнд ажиллаж буй хүмүүс танилцуулсан гэнэ.

Хайгуулын багийн ахлагч нутгийнхантай уулзахдаа эндээс гарч буй дээжийг шинжилдэг лаборатори Монголд байхгүй учраас бүх шинжилгээг бид гадаадад хийлгэж байгаа. Нөөц тогтоогдоод ашиглалт явуулах шатанд эндээс илэрч буй элементүүдийг багцаар нь худалдах бодолтой байгаа гэсэн байна. Гэтэл Монголд энэ төрлийн дээжийн шинжилгээг хийх лаборатори ажиллаж байгаагаар барахгүй, тухайн чиглэлээр олон жилийн судалгаа хийсэн туршлагатай мэргэжилтнүүд нь байгаа. Тэд судалгааныхаа үр дүнд тулгуурлан Монгол орон дахь газрын ховор элементийн ордуудад хайгуул шинжилгээ, олборлолт баяжуулалт явуулах загвар стандартыг боловсруулж батлуулснаас гадна дөнгөж саяхан эндээс дээж авч шинжлээд, ураны агууламж их байгааг тогтоосон гэдгийг дээр өгүүлсэн.

Тэдгээр судлаачдын ярьснаар “Манай орны хувьд 1976 оноос ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран геологи, геохимийн судалгааг явуулж, химийн шинжилгээ хийж эхэлсэн. Манайд Ханбогд, Мушгай худаг, Лугийн гол, Халзанбүргэдтэй, Баянхошуу, Жанчивлан, Бага Газар зэрэгт шүлтлэг боржин, карбонатитын чулуулагт газрын ховор элементийн ислүүд олдож, химийн шинжилгээгээр агуулга нь дэлхийн дундаж кларкийн хэмжээнд, зарим эрдэс хүдэрт өндөр агуулгатай байгаа нь тогтоогдсон. Фосфорит болон хайлуур жоншны орд газруудын чулуулагт ГХЭ-ийн агуулга кларкийн хэмжээнд байгаа нь ордыг ашиглах явцад тэдгээрийг дагавар бүтээгдэхүүний байдлаар олборлох боломжтой юм. Апатит, фторт карбонат, хайлуур жоншны хольцтой карбонатитын зарим чулуулагт ГХЭ-ийн агуулга 0.06-5.0% хүртэл байгаа нь үйлдвэрлэлийн ач холбогдолтой бөгөөд дэлхийд дээгүүрт орох нөөцтэй нь ч бас тогтоогдсон байна. Иймээс ГХЭ-ийг олборлон баяжуулах, нэг бүрчлэн ялгаж цэвэршүүлэх технологийг бүтээх, улмаар дэлхийн зах зээлд гаргах нь эдийн засгийн өсөлтөд маш чухал ач холбогдолтой. Цаашид эх орны эрдсийн түүхий эдийн онцлог чанарт тохирох ГХЭ-ийн хүдрийг баяжуулах, нэг бүрчлэн ялгаж цэвэрлэх, хими-технологийн судалгааг гүнзгийрүүлж, технологийн суурь тавих нь эх орны эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа аж.

ГХЭ-ийг олборлох, ашиглах технологи нь өвөрмөц онцлогтой бөгөөд олон мянган тонноор баяжмал гарах шаардлагагүй гэнэ. Түүхий эдийг зөв сонгож, хэрэгцээний хэмжээнд тооцоолон бэлтгэсэн баяжмалаас элементүүдийн оксидыг цэврээр ялгах нарийн технологийг бүтээснээр өөрийн өртгийг хямдруулж, бага бүтээгдэхүүнээс өндөр ашиг олно. Иймд ГХЭ-ийн олборлолтыг нүсэр том уулын үйлдвэрийн аргаар бус хэсэгчилсэн бага оврын үйлдвэрийн аргаар өөрсдийн дотоод хүчээр жилд 5000-10000 тн баяжмал гаргах хүчин чадалтай төхөөрөмжөөр тооцоолох нь байгаль орчинд болон эдийн засгийн хувьд илүү ашигтай. Хагас үйлдвэрийн аргаар 100 тн 60%-ийн баяжмал бэлтгэж, 1-2 оксидыг цэврээр ялгахад зардлаа 10 дахин нөхөх боломжтой” ажээ.

Эрдэмтэн судлаачид энэ тал дээр аль болох дотоодын нөөц боломжийг дайчилж, өөрсдийн хүчээр авсаархан,зардал багатай технологоор ашиглах боломж байгааг тооцоолсноос гадна Халзан бүргэтэйн ордод хайгуул ашиглалт явуулах лиценз бүхий компанийхан дотоодын мэргэжилтнүүдийн олон жилийн туршид буй болгосон судалгаа шинжилгээний ийм баялаг мэдээллийн талаар огт төсөөлөлгүй байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн.
Мөн энд яаран олборлолт ашиглалт явуулахаас татгалзаж, үндэсний мэргэжилтнүүдийн бий болгосон нэгдсэн арга зүй, үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн бодлогод тулгуурлан асуудалд хандах ёстойг захиж байгаа юм.
Тиймээс Халзан бүргэтэйн орд газарт бий болоод байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын болон олон нийтийн хяналтыг үлэмж идэвхжүүлэх хэрэгтэй гэдэг нь нэн тулгамдсан асуудал болжээ.

Г.Төрмөнх  http://olloo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих